Булган аймгийн эрүүл мэндийн салбараас Хүний гавъяат эмч төрлөө

Булган аймгийн Рашаант сумын “Өрнөх мэргэн” хувийн эмнэлгийн эмч Дамдинсүрэн овогтой Даажинба эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол улсын хүний гавьяат их эмч цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. 
Дамдинсүрэн овогтой Даажамба нь 1972-1978 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж,  30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажилласан бөгөөд 2001 оноос Булган аймгийн Рашаант суманд “Өрнөх мэргэн” хувийн эмнэлгийн нээж, тус сумын иргэдэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Эмч хэмээх эрхэм алдрыг өндөрт өргөж, хүн ардыг эмчлэн эрүүлжүүлэх их үйлсэд зүтгэхдээ өөрийн боловсрол мэдлэгтээ анхааран 1982 онд Ура-нефролог/бөөрний/ мэргэжил дээшлүүлэх курс, 1990 онд ОХУ-ын Иркутск хотын “Г.И.Д.У.В”-ийн институдад дотрын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 1994 онд Удирдлагын хөгжлийн институдад удирдлагын курс, 2001 онд эмчилгээ судалгаа үйлдвэрлэлийн МОНГЭМ-д монгол эмчилгээний курс сургалтыг дүүргэсэн бөгөөд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж:

  • 1990 онд Монгол улсын эмнэлгийн үйлчилгээний аварга цол тэмдэг
  • 1990 онд Алтангадас одон
  • 1992 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2002 онд Эрх чөлөөний одон
  • 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ.
Анхдагч алдартны нутгаас төрөн гарсан Эрүүл мэндийн салбарын отгон гавъяат Д.Даажинба танд болон таны гэр бүлд Булган аймгийнхаа эрүүл мэндийн салбарын мянга мянган төрийн албан хаагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment