Япон улсад учирсан байгалийн гамшгийн мэдээг монголчууд бид сэтгэл нэн харуусан хүлээн авч байна. Монгол улс ардчилсан, чөлөөт
зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү үед бидэнд анд нөхдийн журмаар туслаж, дэмжсэн найрсаг
харилцаатай гуравдагч хөрш бол Их наран улс юм. Олон мянган хүний эрдэнэт амийг
авч явсан энэхүү гамшиг Атомын цахилгаан станцын дэлбэрэлтээр үргэлжлэн тус бүс
нутаг онц хүнд байдалд шилжээд байгааг олон эх сурвалж мэдээлж байна.
Энэ хүнд хэцүү цаг үед “Анхдагч”-ийн өлгий нутаг Булган хангайн зон
олон бид “Тэнхлүүн явахад тэмээгээр
тусалснаас,Тэвдсэн цагт тэвэнгээр тусла”
гэсэн ардын мэргэн үгийг санаж, тусламж
хүргүүлэх аяныг Эрүүл мэндийн газраас санаачлан эхлүүлээд байна. Тус аянд
Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт албан хаагчид нэг өдрийн
цалингаа хандивлан оролцож байгаа юм. Энэхүү сайн үйлсийн төлөө бидэнтэй нэгдэж
гаргасан санаачлагыг минь буухиалан өртөөчлөхийг нийт Булганчууддаа уриалж
байна.
Бусдын төлөө
хийсэн бүхэн тань
Буцаад танд аз
жаргалыг авчирна.
БУЛГАН АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment