ЭМЯ-ны газар, хэлтэсүүд 2011 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд хийсэн гол ажлынхаа талаар дараахи байдлаар мэдээллээ.
СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР
- “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх хөтөлбөр”-ийг дуусгавар болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцүүлж батлуулав.
- “Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” зөвлөгөөн болж, аймгийн эрүүл мэндийн салбарын стратегийн баримт бичгийг батлав. Энэ ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа оролцов.
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР
- 2011 оны 2 дугаар сарын хүн амын өвчлөл, эндэгдлийн мэдээг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, Улсын их хуралд хүргүүлэв.
- Хавдрын бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох талаар ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн багтай хамтран уулзалт зохион байгуулж, цахим эрүүл мэндийн техникийн хороогоор програм хангамжийг оруулах, програм хангамжийг туршихаас өмнө эргэн дуудах тогтолцооны удирдамж, бүртгэл тайлангийн маягтуудыг эцэслэн боловсруулахаар шийдвэрлэв.
- Булган, Баян-Өлгий аймгийн ЭМГ, Эмгэг судлалын төв зэрэг байгууллагад өөр өөрийн цахим хуудсыг ажиллуулахад нь дэмжлэг болгож, ЭМЯ-ны сервер дээр тодорхой багтаамж бүхий web hosting байршуулах эрх олгож, ажиллагаанд оруулав.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
- Яамны “Хүндэт тэмдэг”-ийн загвар, журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гаргав.
- 21 аймгийн сувилахуйн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, 2011 онд хийгдэх ажлуудын талаар санал солилцов.
- Эрүүл мэндийн сайдын 2011 оны 70 тоот тушаалаар сувилагч, эх баригч нарын өдрийг тэмдэглэх ажлын удирдамжийг батлав.
- Японы Такахаши Их сургууль, ЭМШУИС-ийн сувилахуйн сургуультай хамтран зохион байгуулж буй сувилахуйн алсын зайны сургалтын нээлтэнд оролцов.
- Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 64 тоот тушаалаар байгуулагдсан “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн “нэг цэгийн үйлчилгээний” түр удирдамж”-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хэсгийн хуралд оролцов.
- Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зарласан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаарх 21 эссэ бичлэгийг бүртгэж, хүлээж авав.
- “Сургалтын чиглэл, индекс батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2011 оны 73 дугаар тоот тушаал гарав.
- Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлийн 2011 оны төлөвлөгөөг боловсруулан батлуулав.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
- Эрүүл мэндийн сайдын 48 тоот тушаалаар байгуулагдсан Сувилахуйн тусламж, үйлчилгээний бодлогыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулав.
- НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах хорооноос 3 сарын 9-10-нд зохион байгуулсан “Салбар дундын түргэвчилсэн үнэлгээ” сэдэвт сургалт явагдав.
- Засгийн газрын 2009 оны 159 дүгээр тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн холбогдох заалтын хэрэгжилтийг гаргав.
- Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн ажилтан Др. Ким, Солонго нартай уулзаж цаашид Улаанбаатар хотын эмнэлгүүдийн газар хөдлөлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээний өнөөгийн байдлын үнэлгээг хийх талаар хамтран ажиллахаар болов.
- Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн өрхийн эмнэлгийн ахлагч нарыг УБ хотын өрхийн эмнэлгүүдийн тэргүүн туршлага судлуулах, эмчилгээ үйлчилгээний дэвшилтэт үйл ажиллагаатай танилцуулах аяллыг Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар болов.
- ДЭМБ, НҮБ-ын ХАС-тай хамтран “Монгол эмэгтэйн эрүүл мэнд” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.
- Клиникийн 1-р амаржих газарт Францын тусламжаар олгогдсон Олимпус дурангийн аппаратыг хүлээлгэн өгөх ёслол болов.
- Нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа шаардлагатай бүлэгт НҮЭМ-ийн суурь тусламж үйлчилгээг хүргэх нь сургалтыг НҮБ-ын ХАС, ЭМЯ-ны НЭМБХЗГ-тай хамтран зохион байгуулав. Уг сургалтанд баруун бүсийн аймгуудын эмч, эх баригч нар оролцов.
- Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 1000 ээжид эрүүл мэндийн үзлэгт хамрагдах эрхийн бичгийг гардуулж, үзлэгт хамруулж эхлэв.
- НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцийн анхдугаар илтгэл хэлэлцүүлэх хуралд оролцож, Эрүүл мэндийн яамнаас хийсэн ажлын талаар илтгэл тавив.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
- Ус ариун цэврийн ажлын хэсгийн анхдугаар хурал хуралдаж, иргэн Чагнаагийн оруулсан “Ундны усыг хлоржуулах арга, түүний хавдар үүсгэх эрсдэлийг үнэлэх, ундны усыг мөнгөний уусмалаар халдваргүйжүүлэх аргын тухай” асуудлыг авч хэлэлцэв.
- Дархлаажуулалтын Зөвлөлдөх хорооны дүрмийг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулав.
- “Эм эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомтын жагсаалт батлах тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг ЗГ-ын хуралд оруулж шийдвэрлүүлэв.
No comments:
Post a Comment