Эрүүл мэндийн сайдын 2010 оны 274 дүгээр тушаалаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны үндэсний стратеги шинэчлэгдэн батлагдлаа

Эрүүл мэнд гэхээр зөвхөн өвчин зовлонгүй байна гэж ихэнх хүмүүс ойлгодог. Түүгээр ч үл барам эрүүл мэндийг хамгаалж, дэмжих нь эмч, эмнэлгийн ажилчдын хийх ёстой зүйл мэтээр төсөөлөх нь түгээмэл байна. Харин ДЭМБ-ын тодорхойлолтоор “Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин, эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын сайн сайхан байдлын цогц бүрдэл” юм.

Дэлхий нийтийн чиг хандлага ч өөрчлөгдөж, хүмүүс өвчин туссан хойноо эмнэлэгт хандах биш, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ дэмжих  талаар санаа тавьдаг болжээ. Сүүлийн 5 жилийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад өвчлөл нас баралтын шалтгаанд халдварт бус өвчин (ХБӨ) давамгайлж, тасралтгүй нэмэгдсээр байна. Хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, бэртэл хордлого гадны шалтгаант үр дагавар, хоол шингээх эрхтэний өвчин болон амьсгалын тогтолцооны эмгэг эзэлж байна.
Үүнээс гадна халдварт өвчний тархалт нийт улсын хэмжээнд буурахгүй байгаа төдийгүй шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний гаралт нэмэгдэж байна.  2009 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 43.8% бэлгийн замаар дамжих халдвар, 17.70% вируст гепатит, 10.8% сүрьеэ, 9.4% гэдэсний халдварт өвчин эзэлж байна.

Зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчий шалтгаан нь хувь хүний амьдрах хэв маяг, зан үйлээс 50%, гадаад орчноос 25%, удамшлаас 15%, эрүүл мэндийн үйлчилгээнээс  10%  хамаардаг гэж ДЭМБ үздэг.

Хүн амын дунд эрүүл бус хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, тамхидалт, архины зохисгүй хэрэглээ, бухимдлаа буруу тайлах, хувийн ариун цэвэр сахидаггүй байдал газар авсан нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин нэмэгдэхэд нөлөөлж байна.  
Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа (МСС)-ны үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор “Хүн амын эрүүл мэндийн боловсрол үндэсний хөтөлбөр батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 5  дугаар  тогтоол, “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр  тогтоол, “Мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2002 оны 311дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багагүй ололт, амжилт, туршлага, сургамж хуримтлагдсан. Тухайлбал, аймаг, нийслэлд эрүүл зан үйл төлөвшүүлэх МСС-г зохион байгуулах хүний нөөц бий болж, мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын загвар, агуулга, төрөл, хэлбэр олширч, сурталчилгааны суваг өргөжсөн.

Гэвч эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа нь зорилтот бүлэгт чиглэгдээгүй, зан үйлийг өөрчлөх онолд тулгуурлаагүй, зан үйлийн судалгаа хомс, судалгааны үр дүнг үйл ажиллагаанд ашиглах, олон нийтэд мэдээлэх нь хязгаарлагдмал, боловсруулсан МСС-ны материалыг алслагдсан хүн амд хүргэх тогтолцоогүй,  хүний нөөц дутмаг,  чадавхи сул, санхүүжилт дутмаг, эрүүл мэндийн боловсрол олгодог байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо хангалтгүй зэрэг асуудлууд гарч байна.

Олсон ололт амжилт, сургамжаас харахад, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бий болгох МСС-ны талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, арга хэмжээний нэгдсэн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, хяналт үнэлгээ, санхүүжилтийн тогтолцоо үгүйлэгдэж байна.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 онд баталсан Эрүүл мэндийн салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөөний  “Хүн амын зан үйлийг өөрчлөх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх улмаар зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчнийг бууруулахад чиглэсэн МСС-ны үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах” зорилтын хүрээнд  заасны дагуу Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны үндэсний стратегийг  шинэчлэн боловсруулж, “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны үндэсний стратегийг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 274 дүгээр тушаалаар баталлаа. Тус тушаалын хэрэгжилтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар үндэсний түвшинд зохион байгуулна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment