1940-өөд оны үед антибиотикийг анх нээн
хэрэглэж эхлэх үед түүний анагаах увидасыг хүмүүс гайхан магтаж
"гайхамшигт анагаагч" орчин үеийн анагаах ухааны салбарт гарсан
"гайхамшиг" гэж нэрлэж байсан. Үнэхээр ч антибиотикийг хэрэглэх болсноор
нийтлэг тохиолддог хоолойн өвчин, жижиг шарх, гэмтэл төдийгүй тэмбүү,
заг хүйтэн, сүрьеэ зэрэг өвчнөөс шалтгаалсан зовиурыг эмчилж, үхлийн
аюулаас аврах боломжтой болсон.
Антибиотикийг нээснээр өөр олон төрлийн
эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэх үндсийг нээж өгсөн. Ингэснээр хүн
төрөлхтөний эрүүл мэнд наслалтад маш том нааштай таатай өөрчлөлтийг бий
болгосон
Энэ удаагийн Дэлхийн Эрүүл Мэндийн
Өдрөөр дамжуулан хүн төрөлхтөн антибиотикийн анагаах, эдгээх гайхамшигт
чанарыг алдах аюулын ирмэг дээр ирээд байгааг олон нийтэд анхааруулан
мэдээлэхийг хүссэн юм.
Эмэнд тэсвэртэй эмгэг төрөгчид маш
олноороо бий болж, олон сайн эм хүний биед үйлчлэхээ больж, эмчлэх
чадвараа алдаж, эмчилгээний цар хүрээ багасаж байна. Шинээр зохион
бүтээгдэн үйлдвэрлэгдэж буй эмийн тоог өвчний нянг устган эмчлэх
чадвараа алдаж, үйлчлэхээ байсан эмийн тоотой харьцуулахад маш бага юм.
Үнэндээ, эмэнд дасалтай эмгэгийг эдгээх анагаах эмийг шинээр нээх боломж
улам бүр хумигдаж байна.
Хэрэв яаралтай залруулах, хамгаалах арга
хэмжээ авахгүй бол энэхүү байдал нь өвчин үүсгэгч эмгэг төрөгчдийн
тэсвэржилт, үхлийн хөнөөл ихэсгэж улмаар хүн төрөлхтөн өвчний
дарангуйлалд орж, өвчин эндэгдэлд нэрвэгдсэн "Антибиотикийн өмнөх эрин"
рүү хөтөлж байгаа нь тодорхой байна. Мөн халдварын тархалтыг ихэсгээд
зогсохгүй хавдрын эмчилгээ, нарийн төвөгтэй мэс ажилбарууд, эрхтэн
шилжүүлэн суулгалт зэрэг хүн төрөлхтөний эрүүл мэндийг сайжруулж,
амьдралыг уртасгах дэвшилтэт олон аргуудын үр дүнг бууруулах, үгүй хийх
аюулыг бий болгоод байна. Өнөөдөр эмнэлэг нь эмэнд тэсвэртэй эмгэг
төрөгчийн оршин тогтнох голомт болоод байгаа нь асуудлыг улам аюултай
болгож байна.
Ямарваа нэгэн амьд организмын хувьд
шинээр үүсэн бүрэлдэж буй орчинд тодорхой хугацааны дотор дасан зохицох
нь зайлшгүй тохиолдох биологийн үйл явц юм. Тийм ч учраас халдварын
эсрэг тодорхой тунгаар хэрэглэж байгаа анитибиотик нь тухайн өвчин
үүсгэгчийг устгах, эсвэл өөртөө тэсвэртэй болгох гэсэн нөлөө үзүүлдэг.
Харин дасан зохицож, тэсвэрлэж үлдсэн нянгууд нь тухайн эмэнд тэсвэрлэх
гентэй болж нэгнээс нөгөөд халдварласаар хурдацтай тархаж өнөөдөр
дэлхийг хамарсан асуудал болоод байна.
Энэхүү дасан зохицох, тэсвэрлэх
байгалийн үйл явц нь хүмүүсийн зохисгүй хэрэглээ, зан үйл, бодлогын
хэрэгжилт хангалтгүй байгаа нь байдлыг дордуулж байна. Эмийн зохисгүй
хэрэглээний улмаас өнөөдөр дэлхий нийт антибиотикийн эмзэг хэрнээ, агуу
эмчлэх, анагаах чадварыг алдаж эхлээд байна. Бид антибиотикийн
гайхамшигтай анагаах чадвар, хүний биед үйлчлэх байдал үүрд байсаар
байж, хүчтэй, сайн антибиотик шинээр гарсаар байна гэж бодож байсан.
Гэвч нөхцөл байдал, чиг хандлага өөр байна.
Хүмүүсийн буруу зан үйл, дадал
хандлагаас шалтгаалан бодит байдал бидний төсөөлснөөс өөрөөр эргэж эмэнд
дасалтай эмгэг төрөгчдөөс үүдэх асуудал бидний өмнө тулгараад байна.
Жишээлбэл хумхаа зэрэг өвчнийг эмчлэх боломж одоог хүртэл хязгаарлагдмал
хэвээр байгаа бөгөөд энэ өвчнийг зөвхөн артемизин дээр суурилсан
ганцхан төрлийн багц эмээр л жилд хумхаагаар өвчилсөн 200 гаруй сая
хүнийг эдгээдэг. Хумхааг эмчлэх эмийг нээхээр улс болон хувийн
хэвшлийхэн хамтран ажиллаж байгаа хэдий ч артемизинд тэсвэртэй эсрэг
төрөгчид аль хэдийнээ бий болсон нь нотлогдсон.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэ өвчин,
хүүхдийн суулгалт, амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй өвчлөл, эндэгдлийг
бууруулахад томоохон ахиц дэвшил гарсан. Гэвч одоо энэ бүх гаргасан
ололт амжилтуудаа алдахад хүрээд байна. Сүүлийн жилүүдэд хагас сая гаруй
хүн олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвдөж, тэдний 1/3 хувь нь уг өвчний
улмаас нас баржээ.
Гэвч дээр дурьдсан бүх асуудал нь
антибиотикийн зохисгүй хэрэглээнээс улбаатай эмэнд тэсвэржилттэй
холбоотой юм. Эмийн зохисгүй хэрэглээ нь нэг талаасаа ихэнхдээ өвчтөний
хүсэлт, шахалтаар эмчилгээний тавилан, явцыг түргэсгэх зорилгоор, нөгөө
талаас эмийн борлуулалтаас ашиг, орлогоо нэмэгдүүлэх гэсэн буруутай үйл
ажиллагаатай холбоотой байдаг.
Нөгөө талаас худалдан авах
чадваргүйгээсээ шалтгаалан өвчтнүүд биеийн байдлаа дөнгөж сайжирч
эхэлмэгц нянг бүрэн устгалгүйгээр эмчилгээгээ дутуу орхих эмийн зохисгүй
хэрэглээ бас нийтлэг тохиолддог. Энэ нь буруу оношлох болон
лабораторийн шинжилгээ хийгээгүй байхад таамгаар өргөн хүрээний
антибиотик хэрэглэгдэгтэй холбоотой.
Олонх улс орнуудын хувьд эмийн
нийлүүлэлт, борлуултад хяналт тавьж чадаагүйгээс чанаргүй эм худалдаанд
гарах, эмчийн жоргүйгээр антибиотик зарах, гар дээрээс хувь хүмүүс эм
зарах явдлууд гарч эмийн зохисгүй хэрэглээг улам даамжруулж байна.
Хүнсэнд хэрэглэгдэх мал, амьтны өсөлтийг
сайжруулах, халдвараас сэргийлэх зорилгоор антибиотикийг маш их
хэрэглэдэг. Тийм ч учраас антибиотикийн хэрэглээний 50%-иас илүү хувийг
амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авдаг гэж тооцоолжээ.
Малын эмч нар орлогынхоо 40-өөс доошгүй хувийг эмийн борлуулалтаас
олдог тул тэд мал, амьтанд антибиотик хэрэглэхийг бууруулах сонирхолгүй
байдаг. Амьтны биед үүссэн эмэнд тэсвэртэй эмгэг төрөгчид хүнсээр дамжин
хүнд халдварладаг нь хэдийнээ нотлогдсон байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Өдрийг
тохиолдуулан ДЭМБ-аас нянгийн тэсвэржилттэй тэмцэх, сэргийлэх бодлогын
багцыг гаргалаа. Засгийн газрууд, эрүүл мэндийн ажилчид, эмийн санч,
иргэний нийгэм, өвчтөн, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай хамтран
эмийн бодлогыг сайжруулах тал дээр дорвитой өөрчлөлт гаргаж чадах юм.
Бид энэ талаар авах арга хэмжээгээ төлөвлөж, хооронд нь уялдуулж,
тандалт тогтолцооны системээ өргөжүүлэх боломжтой юм. Мөн эмийн асуудлыг
зохицуулах, нийлүүлтийг сайжруулах, эрүүл мэндийн салбарт болон бусад
салбарт халдвараас сэргийлэх хянах шаардлагатай байна. Бид шинэ
антибиотик, оношлогоо, шинжилгээ, дархлаажуулалтыг сайжруулах үүд
хаалгыг нээх хэрэгтэй.
Эмэнд тэсвэртэй эмгэг нь эмчилгээний
өртөг ихтэйгээс гадна хүний амь нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Энэхүү аюултай нөхцөл байдал бодитой оршиж байна. Хэрэв бид өнөөдөр энэ
тал дээр арга хэмжээ авахгүй бол маргааш өвчнөө эдгээх боломжгүй болох
юм. Янз бүрийн өвчин эмгэг, гай зовлон гарсаар байгаа энэ үед олон сая
хүнийг эдгээх чадвартай, гайхамшигтай эмийн эмчлэх, анагаах үйлчилгээг
алдвал дэлхий дахинаа нүүрлэх дараагийн хямрал болох юм.
No comments:
Post a Comment