“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ” ХУУЛЬ БАТЛАГДАВ

УИХ-ын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Эрүүл мэндийн тухай” хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,  хууль шинэчлэгдэн батлагдав. Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбоотой харилцааг  зохицуулж ирсэн.
Эрүүл мэндийн тухай  хууль нь 1998 онд батлагдсанаас хойш 2002, 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд  2008 онд  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар байгуулагдсантай холбоотой, мөн дадлагажигч эмчийн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй холбоотойгоор 2009 онд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 10 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгаа боловч анхан шатны зарим эрүүл мэндийн байгууллагын статус болон эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлж буй тусламж, үйлчилгээний цар хүрээ тодорхой бус, стандарт, чанарын шаардлага хангахгүй, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгаа хангалтгүй байгаагаас хөдөө орон нутагт анхан шатны болон төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх эмч хүрэлцээгүй, анагаахын боловсрол эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн асуудал тодорхой бус байгаа; мөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг сайжруулах үүднээс эрүүл мэндийн талаарх төрийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, төлбөртэй тусламж, үйлчилгээ явуулах эрх зүйн орчин бүрдүүлэх; эрүүл мэндийн байгууллагууд олсон орлогоосоо эмч, ажилтнууддаа урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, өөртөө шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээ худалдан авах, засварлах, хангах боломжийг нь бүрдүүлж, эрүүл мэндийн байгууллагууд хөгжихөд дэмжлэг үзүүлэх шаардлагатай болсны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар батлууллаа.
  1. Хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлүүд болон үйлчилгээ үзүүлдэг байгууллагын чиг үүргүүдийг тодорхой болгон зааж өгсөн. Мөн аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрхийг тодотгон зааж өгсөн.
  2. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, Эрүүл мэндийн байгууллагын үүрэг, магадлан итгэмжлэлтэй холбоотой зүйл, заалтууд болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг нарийвчлан зааж нэмэлт заалт оруулж шинэчлэн найруулсан.
  3. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол хэсэг болох эрүүл мэндийн санхүүжилтийн хэсэгт эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах боломж бүрдүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан.
  4. Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны асуудал чухлаар тавигддаг. Ялангуяа өрх, сум, тосгон, орон нутгийн эмнэлэгт ажиллах эмч ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулснаар тэнд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг хангалтыг сайжруулах боломжтой юм. Тиймээс нийгмийн баталгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны цалингийн тусгай сүлжээтэй байх, ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарах үед олгох мөнгөн урамшуулал, тэтгэмжийг нэмэгдүүлсэн заалтыг оруулж, шинэчлэн найруулсан.
  5. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал мөн чухлаар тавигддаг. Энэ асуудлыг сайжруулахаар   Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн чанарын хяналтын орон тооны бус зөвлөл ажиллуулах, Эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих алба ажиллуулах зэрэг заалтуудыг шинээр нэмж оруулав.
Эрүүл мэндийн байгууллагын өмнө иргэн үүрэг хүлээх ёстой. Одоогийн мөрдөж байгаа хуулинд заасан үүргүүдээс гадна:
  • эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг эрүүл мэндийн өрх, сумын эмчийн илгээх бичгээр авах;
  • эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх
  • эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий буруу ташаа мэдээлэл өгөхгүй байх талаарх заалтуудыг шинээр нэмж оруулсан.
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилго нь эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, иргэн эрүүл мэндээ хамгаалах, тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо, санхүүжилтийг боловсронгуй  болгох, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг сайжруулахад оршиж байгаа юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment