Өнөөдөр “Дэлхийн ОО”-ийн өдөр

Өнөөдөр “Дэлхийн ОО”-ийн өдөр тохиож байна. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй “Бие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.

 “Дэлхийн ОО”-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Харин манай улсын хувьд гурав дахь жилдээ тэмдэглэж байна. 
 Энэ жилийн хувьд “Дэлхийн ОО”-ийн өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан “Хүүхдэд ээлтэй ОО” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
 Ингэснээр ариун цэврийн байгууламжийг хүүхдэд ээлтэй, цэвэр, тав тухтай байлгах, 00 ашиглалтаас үүдэлтэй бохир гараар халдвар дамжих эрсдэлийг бууруулах ач холбогдолтой болохыг мэргэжлийн хүмүүс онцлов.
 Энэ өдрийг Дэлхийн улс орнууд янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаа бөгөөд тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад хандив цуглуулдаг бол зарим улс орнуудад шилдэг жорлон шалгаруулах уралдаан зохион байгуулах, ая тухтай, цэвэрхэн, шаардлага хангасан бие засах газартай байхын ач тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилгоор төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай.
 Манай улсад ариун цэврийн байгууламжийн асуудал тэр дундаа ЕБС, цэцэрлэгүүдийн “00”-ийн асуудал анхаарал татсан тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Улаанбаатар хотын хувьд харьцангуй гайгүй төвийн сургуулиуд төвлөрсөн шугамд холбогдсон ч нэг хүүхдэд ноогдох суултуур, шээлтүүр, угаалтуурын хүрэлцээ хангамж стандартын шаардлагыг хангадаггүй. Хөдөө орон нутаг, аймгийн төв, сумын сургуулиудын ихэнх нь гадаа бие засах газартай, стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл таатай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг байна.
 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор дэлхий дээр 1.1 тэрбум хүн найдвартай усан хангамжаар, 2.6 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байдаг байна. Энэ нь хүмүүсийн өвчлөл, эрт нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгаа аж. Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26%, нас баралтыг 65%-иар бууруулдаг. Ус ариун цэврийн байгууламжид зарцуулсан нэг доллар тутамд эрүүл мэнд болон үйлдвэрлэлийн зардлаас 8 доллар хэмнэдэг нь тогтоогдсон байна. Манай орны хувьд найдваргүй усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл байдал нь хүүхдийн хоол тэжээлийн дутал, өвчлөл, нас баралтад хүргэдэг суулгалтын гол шалтгаан юм.
2003-2010 онд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсдийн 60-70 хувь нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд байгаа бөгөөд Улаанбаатар хотод жилд дунджаар 8-9 орчим мянган хүн суулгалт өвчнөөр өвчилжээ. Энэ нь гэдэсний халдварын тархалтад жорлон, муу усны нүхний эрүүл ахуйн шаардлагыг хангах арга хэмжээнд ахиц дэвшил гарахгүй байгаатай холбоотой.
 2012 онд улсын хэмжээнд вируст хепатит А, цусан суулга, хүнсний гаралтай бактерт хордлого, сальмонеллын халдвар, суулгалт халдвар, гар хөл амны өвчин зэрэг 6 төрлийн гэдэсний халдварт өвчний 9265 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 21.4 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчний 4935 (53.3%) нь Улаанбаатар хотод гарсан байна. Гэдэсний халдварт өвчний 63.6 хувийг вируст хепатит А, 22.1 хувийг цусан суулга, 4.4 хувийг гар хөл амны өвчин, 7.8 хувийг хүнсний гаралтай бактерт хордлого, 1.2 хувийг сальмонеллёз, 0.9 хувийг суулгалт халдвар тус тус эзэлжээ.
  ДЭМБ, НҮБХС-ийн хамтарсан үнэлгээний хөтөлбөрөөр Зүүн Азийн бүсийн орнууд дах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн аль нэг төрлөөр хангагдсан хүн амын тоо 1990 онд 48% байсан бол 2008 онд 62% болж нэмэгджээ. Зүүн Азид 5 хүн тутмын хоёр нь өнөөг хүртэл сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна.
 Манай улсад хотын хүн амын 1/4, хөдөөгийн хүн амын 2/3 нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглах боломжгүй. Хотын ядуу өрхийн 44,8 хувь, хөдөөгийн ядуу өрхийн 71.5 хувь сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй байна.

  Нүхэн жорлонгийн стандарт-МNS 5924 : 2008 

 Эрүүл ахуйн шаардлага 
 - Ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй материалаар хийсэн доторлогоотой байх
 - Жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис ба хэрэгслэлүүдийг тавьсан байна
 - Гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150 -аас 250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, ноёлох салхины доод талд барьж ашиглана
 - Жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, бүхээгний хаалганы дээр ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байна
 - Нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх шаардлагатай.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment