Дэлхийн цус харвалттай тэмцэх өдөр

ДЭМБ - аас 2002 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 29-ний өдрийг Цус харвалттай тэмцэх өдөрболгон тунхагласнаар жил бүр дэлхийн олон улс орон тодорхой уриатайгаар тус өдрийг тэмдэглэж ирлээ. Монгол улсад 2009 онд “Монголын харвалт судлалын нийгэмлэг“ байгуулагдаж, Дэлхийн цус харвалтын нийгэмлэгт гишүүнээр элсэж, Дэлхийн цус харвалттай тэмцэх өдрийг Монгол улс Дэлхий дахинтай нэгэн өдөр тэмдэглэх болоод 5 дахь жилтэйгээ золгож байна.
Дэлхийн хэмжээнд тархины цус харвалт нь мэдрэлийн эмгэгүүд дундаас тахир дутуугын байдалд хамгийн их хүргэдэг төдийгүй , нийт нас баралтаар тэргүүлэх байранд орж , секунд тутамд нэг хүн нас барж, дэлхийд 6 хүний нэг нь, жилд 15 сая хүн тархинд цус харвах өвчинд нэрвэгдэж байна.
Хүн амын дунд тохиолдож байгаа уг өвчний ихсэлт нь нийгмийн хямралаас үүдсэн стресс, цусны даралт ихсэх өвчний хяналт дутмаг, чихрийн шижин өвчин ихэссэн зэргээс шалтгаалж байгаа боловч үндсэн шалтгаан нь хувь хүний эрүүл аж төрөх зан үйл, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягтай шууд холбоотой юм.
            Булган  аймгийн хэмжээнд тархины цус харвалт жилийн жилд нэмэгдэж байгаагаас гадна насны хувьд залуужиж байгаа нь 2011 оноос эхлэн хийж байгаа Мэдрэлийн эмч нарын судалгаагаар харагдаж байна.
Тархинд цус харвах нь дараах хэд хэдэн шалтгаантай байдаг. Цус харвалтын нийтлэг шалтгаан нь судасны хатуурал буюу артерийн судас нь хатуурахыг хэлдэг. Өөх тос, холестерол, кальци болон бусад бодис нь артерийн судасны хананд товруу үүсгэж цусны урсгалын зайг багасгана. Цусны бүлэн нь энэхүү нарийхан зайнд тээглэгдэж бөглөрөлттэй харвалтыг үүсгэдэг. Даралт ихдэх өвчнийг эмчлэхгүй, тоомсорлохгүй орхисны улмаас артерийн судас нь гэмтэж хагарсанаар харвалт тохиолдоно. Товчхондоо цусны даралт ихдэлт, цусанд өөх тос ихдэх, чихрийн шижингээр өвдөх, биеийн жин нэмэгдэж таргалах зэрэг архаг өвчлөл, тамхи татах, хөдөлгөөний дутагдалтай байх, архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг эрсдэлт зан үйлтэй байх, өөх тос, давсыг ихээр хэрэглэдэг буруу хооллолтой байх зэрэг нь цус харвах эрсдэлт хүчин зүйлд ордог байна. Цус харвалтын дараа нийтлэг тохиолддог үлдэц нь гар эсвэл хөл мэдээгүй болох, алхах гишгэхдээ бэрхшээлтэй болох, харааны эмгэгүүд, залгиж чадахгүй болох, хэл яриа болон ойлгоц сулрах зэрэг байдаг.
            Цус харвалтаас урьдчилан сэргийлэхэд иргэд юу мэдэж байх ёстой вэ?
· Тамхиа хаях.
· Дасгал хөдөлгөөн хийх, хэвийн жингээ хадгалах.
· Архи, согтууруулах ундаа болон давсны хэрэглээг хязгаарлах
· Эрүүл, зөв хооллох, тухайлбал жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хар гурилан бүтээгдэхүүн хэрэглэх.
Цус харвалтыг сэжиглэх энгийн аргуудыг мэдсэнээр цус харвах өвчин болон эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалж, амьдралын хэв маягаа өөрчилж чадна гэдгийг мэргэжлийн эмч онцгойлон анхааруулж байна.

Энэ аргыг та мэдэж авснаар харвалтыг сэжиглэж цаг алдахгүй эмнэлгийн тусламжийг хүндээ хүргэж чадах билээ .

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment