"Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" болж байна



Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг ажээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ хатгалгаа өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой, эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлж, 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын зонхилох шалтгаан болоод буй хатгалгаанаас сэргийлэх, таслан зогсооход бүх нийтийг хамтран ажиллахыг уриаллаа.
Хатгалгаа өвчний талаархи эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийг хайх чадамжийг бий болгох шаардлагатай байгаа гэдгийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлж байв. Мөн тэрээр хүүхдийг 6 сар хүртэл, цаашлаад 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хоолловол зөвхөн хатгалгаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй хүүхдийн өвчлөлийн олон шалтгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохыг онцолж санууллаа. Эцэг, эхчүүдийн ердөө 10 хувь нь хатгалгаа өвчний шинж тэмдгийг мэддэг, улмаар ихэнх тохиолдолд цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу ханддаг байна. 
 Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрөөр энэ жил хүүхэд бүрт хүрч, хатгалгаа ба бусад өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлснээр хүүхдийн сэргийлэх боломжтой нас баралтыг дэлхий дахинаа таслан зогсооход уриалж байна. 
Булган аймгийн Эрүүл мэндийн газар

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment