"Давс ба хүүхэд" сэдвийн дор давсны өдрийг тэмдэглэж байна

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос эхлэн “Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх үндэсний 7 хоног” –ийг жил бүрийн 3 дугаар сард дэлхийн олон улс орон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил “Давс ба хүүхэд” сэдвийн дор 2015 оны 3 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улс уг арга хэмжээнд 2012 оноос эхлэн идэвхитэй оролцож байна.  Энэ жил “Далд давснаас зайлсхийе!, Давс багатайг нь гэж хэлэхээс битгий ай!” гэсэн уриан дор хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Хүүхдийн анхны нэмэгдэл хоол (6 сартайгаас)-ыг бэлтгэхдээ бантан, каш, зутанд нь давс нэмэх, давстай цай, хярам өгөх зэргээр давсны амтанд дасгаж, улмаар давсгүй цай ууна гэдэг ойлголтыг насан туршидаа төсөөлөх чадваргүй болгочихдог. Түүгээр ч үл барам хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдахад чухал үүрэгтэй, үл орлогдох уураг, аминхүчил, кальциар баялаг, илчлэг өндөртэй сүү, тараг, ааруул, ээзгий ээрэг бүтээгдэхүүнийг хүүхдэд авч өгөхийн оронд чипс, давсалсан самар, хиам, зайдас зэрэг давс ихтэй бүтээгдэхүүн өгч хооллолтын буруу дадлыг бага насанд бий болгодог.
Тиймээс хүүхдүүд насанд хүрэгчдийн нэгэн адил давс ихтэй хоол хүнс хэрэглэж байна. Хүүхэд ба өсвөр насны үеийн хоолны зуршил нь хожимын амьдралынх нь хооллох хэв маягт нөлөөлдөг. Иймд давсны их хэрэглээ нь хүүхдүүдийн хөгжилд нөлөөлж насанд хүрсэн хойноо цусны даралт ихсэх, яс сийрэгжих, гуурсан хоолойн багтраа, ходоодны хавдар зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бий болгодог.
Давс их хэрэглэх нь халдварт бус өвчин, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлд хүргэж байгааг дэлхийн улс орнуудад хийгдсэн судалгааны үр дүнг нотлож байна.
Тухайлбал, Харвардын Их сургуулийн судалгааны үр дүнд 10 хүн тутмын нэг нь зүрхний шигдээс, тасалдал, зүрх судасны өвчний хүндрэлээс болж нас бардаг бөгөөд үүний шалтгаан нь давсыг ихээр хэрэглэснээс болдог гэж тэмдэглэжээ. Мөн “BMJ open” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд толгойн өвдөлттэй 390 хүн хамруулан судалж үзэхэд давсны өндөр хэрэглээ нь толгойн өвдөлтөнд нөлөөлдөг болохыг баталсан байна. Жимс хүнсний ногоо, тослог багатай, сүүн бүтээгдэхүүн, давс багатай хоол хүнсээр хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад давс их хэрэглэдэг хүмүүсийн дунд толгойн өвдөлт 3 дахин их байжээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment