Г.Шийлэгдамба: Элэгний С вирүсийг эмчлэх эмийг энэ онд багтаан Монголд авчирна

Эрүүл мэнд спортын яам АНУ-ын "Gilead sciences" inc элэгний С вирүсийг эмчлэх Совалди болон Харвони эмийг хямдралтай үнээр нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.



Элэгний C вирүсийг эмчлэх олон улсын стандартын шаардлага хангасан энэ эмийг Монголд хямдралтай үнээр буюу 1 сарын хэрэгцээг 400 ам.доллар /3 сарын хэрэгцээ нь 1200 ам.доллар/ -оор нийлүүлэхээр болжээ. Дэлхийн зах зээлд 94000 ам.доллароор худалдаалагддаг энэ эмийг хамгийн хямд үнээр зөвхөн Египет болон Монголд нийлүүлэх гэнэ.
Энэ эмийн эрэлт хэрэгцээ тухайн компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс 3-4 дахин их, олон улсын зах зээлд маш өндөр байдаг аж.
Манай улсад элэгний С вирүстэй 150 мянган хүн байдаг бөгөөд тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Харин энэ эмийг ижил үнээр нийлүүлж буй Египет улсад 1 сая хүн С вирүсийн эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм байна.
Тус компани хямдралтай үнээр нийлүүлэх болсны зэрэгцээ эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзээд богино хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар нийлүүлэх болсон байна.
"Gilead sciences" компанийн төлөөлөгч Аарон Бритфорт "бид тухайн улс оронд халдварын тархалт ямар байгаагаас шалтгаалан үнээ тогтоодог.
Энэ бол дэлхийн хэмжээнд тогтоосон хамгийн доод үнэ.
Зөвхөн танай улс, Египет хоёрт ийм үнээр нийлүүлж байна.
АНУ болон Европын зах зээлд нийлүүлж байгаа стандартад нийцсэн оригинал бүтээгдэхүүн юм" гэв.
 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын мэдээлснээр эдгээр эм нь 96-98 хувийн эмчилгээний үр дүнд хүрэх боломжтой гэлээ.
Мөн түүнээс ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой эсэхийг лавлахад "эмийг хэрэглэх шаардлагатай төрөл бүрийн давхаргын хүмүүс байгаа учир энэ талаар Засгийн газартай ярилцана" гэв.
Өөр бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэдэг эмийн хувьд  нэг сарын үнэ 3000-4000 ам.доллар байдаг бол эдгээр эмийг дангаар нь 400 ам.доллароор хэрэглэх боломжтой гэв.
Эмийг "Gilead sciences"-ийн албан ёсны нийлүүлэгч "Омбол" хэмээх компани нийлүүлэх бөгөөд энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлээд хэрэглэгчдийн гарт хүрэх байх гэсэн мэдээллийг хийлээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment