ИММУНОГЛОБУЛИН ЭМЧИЛГЭЭ

immu.pngИммуноглобулин гэж юу вэ? Иммуноглобулиныг эсрэг бие гэж нэрлэдэг бөгөөд цусны цагаан эс нийлэгжүүлдэг гликопротейны молекулууд юм. 

Тэдгээрийн үндсэн үүрэг нь хүний биед нэвтрэн орж ирсэн бактери, вирүс зэрэг өвчин үүсгэгчийн эсрэгтөрөгчтэй харилцан үйлчилж тэдгээрийг нядлах, биеэс зайлуулах дархлааны хариу урвалд оролцдог байна. Иммуноглобулины бүтцийн 82 – 96% нь уураг, 4 – 18% нь нүүрс-уснаас тогтдог.
Иммуноглобулины бүтцийн үндсэн нэгж нь хүнд болон хөнгөн гинж бөгөөд ойролцоогоор 160 кД молекул жинтэй. Хүнд болон хөнгөн гинжүүд нь хувьсамхай (Fab) болон тогтмол (Fc) хэсгүүдтэй ба хүнд, хөнгөн гинжүүд хоорондоо дисульфидын холбоогоор холбогдож иммуноглобулины молекулын Ү – хэлбэрт бүтцийг үүсгэнэ.
Иммуноглобулины хүнд гинж ийлдэс судлалын хэв шинжээрээ 5 янз (γ, μ, α, ε, δ) байдаг бөгөөд аль серотипийг агуулж байгаагаар нь IgG (хос γ – гамма гинж агуулсан), IgM( хос μ – мю гинж агуулсан), IgA (хос α – альфа гинж агуулсан), IgE (хос ε – эпсилон гинж агуулсан), IgD (хос δ – дельта гинж агуулсан) гэж тус тус нэрлэдэг.
Ийлдсийн нийт уургийн 20 орчим хувийг иммуноглобулин эзэлдэг. Мөн шээс, шүлс, эхийн сүүгээр иммуноглобулинууд нь ялгарч байдаг.
Иммуноглобулин G: (IgG) нь насанд хүрсэн эрүүл хүний цусны ийлдсийн нийт иммуноглобулины 75% орчмыг эзэлнэ. Нугасны уснаас бусад бүх биологийн шингэнд агуулагдаж өвчин үүсгэгч болон бусад гадны биетүүдийг эсэргүүцэх дархлааны хариу урвалд оролцдог.
Жирэмсэн эхийн иммуноглобулин G нь урагтэхсээр нэвтрэн орж төрсний дараах эхний сард нярайг өвчин үүсгэгчээс хамгаалах хосгүй чанартай молекул юм. Ийлдсэн дэх иммуноглобулин G – ийн хагас задралын хугацаа нь ихэнхдээ иммуноглобулин Аболон иммуноглобулин M (1-2 хоног) – ээс илүү удаан (1-3 долоо хоног) байдаг.
Иммуноглобулин А болон Иммуноглобулин М: Иммуноглобулин А (IgA) болон Иммуноглобулин М (IgM) нь хүний биеийн янз бүрийн шүүрэлдотор ихэвчлэн агуулагдана. Иммуноглобулин A нь эхийн ангир уураг болон сүүнд голчлон агуулагддаг ба бусад зүйл амьтдын сүүнд ч мөн агуулагддаг байна. Ангир уураг болон эхийн сүүний  IgA, IgM нь шүүрүүл IgA, шүүрүүл IgМ хэлбэрээр тохиолддог. Шүүрүүл IgA нь  мөн шүлс, хөлс, гуурсан хоолой, хамар амны салс, нарийн гэдэсний шүүс, үрийн шингэнд агуулагдах бөгөөд зарим халдварын эсрэг хамгийн эхний хамгаалах механизм болдог. Хэвийн нөхцөлд IgA цусны ийлдэс дотор дан нэгжит ба хос нэгжит хэлбэрээр нийт иммуноглобулины 15% - ийг эзэлж оршино.
Иммуноглобулин М (IgM) нь эрүүл хүмүүсийн цусны ийлдсийн иммуноглобулины 10 хүртэл хувийг бүрдүүлэх бөгөөд  ихэнхдээ халдварын эхний шатанд үүсдэг. В эсийн гадаргуу дээр илрэх иммуноглобулины ихэнхийг IgM  эзэлнэ.
Иммуноглобулин D:(IgD) нь ийлдэс дотор маш бага хэмжээгээр (нийт иммуноглобулины 0.2%) агуулагддаг, тэсвэр муутай, уураг задлах ферментийн нөлөөнд амархан өртдөг молекул юм. Зарим төрлийн эсрэгтөрөгч, тухайлбал инсулин, пенициллин, сүүний уураг, сахууны хор, бөөмийн эсрэгтөрөгч, бамбайн эсрэгтөрөгчийн хариуд IgD бүтэцтэй эсрэгбие үүсдэг.
Иммуноглобулин Е: (IgE) бүлгийн молекул нь ийлдсийн нийт иммуноглобулины дөнгөж 0.004%-ийг эзлэх боловч  харшлын гэж нэрлэгдэх өвөрмөц эсрэгтөрөгчтэй нэгдэл үүсгэж шигүү мөхлөгт эсээс биологийн идэвхтэй сэдээх бодис ялгаруулж, харш урвал үүсгэдэг байна.
Иммуноглобулины эмчилгээ: Эсрэг биеийн дутмагшил, бактери, вирүсийн халдварын үед ийлдсийн болон өвөрмөц иммуноглобулиныг нэмэлтээр тарьж хэрэглэнэ.
Иммуноглобулиныг анх дэлхийн II дайны үед халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор, 1952 оноос дархлал дутмагшлын өвчинд хэрэглэж эхэлсэн.Энэхүү эмчилгээний иммуноглобулиныг эхсийн болон донорын цус, тухайн вирүсийн халдвараар өвдөөд эдгэсэн болон өвөрмөц эсрэгбиеийн таньц өндөр байгаа хүн (Herpes zoster), дархлаажуулаад удаагүй байгаа хүмүүс (Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, В хепатитийн  вакцин тариулсан гэх мэт)-ийн цуснаас бэлтгэдэг бөгөөд бэлтгэсэн хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт өртөхөөс өмнө болон өртсөний дараа эрт үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэдэг. Ингэснээр халдварыг саармагжуулах, бүрхэх, опсонинжуулах, вирүс халдсан эсийн гадаргууд илэрсэн болон вирүсийн эсрэгтөрөгчтэй холбогдсоноор хавсарга, эсийн дархлааны урвалыг идэвхжүүлэх үйлдэл үзүүлдэг. Эхсийн цусны ийлдэс, вакцинжуулсан донороос бэлтгэсэн өвөрмөц иммуноглобулин, хэвийн иммуноглобулиныг ашиглан эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь идэвхгүй хэлбэрийн дархлаажуулалт юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment