Эрүүл мэндийн салбарынхан улс төр хийдэггүй

   Өнгөрсөн долоо хоногт 2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар баталлаа. Хэлэлцүүлгийн явц нь өөрөө олны эсэргүүцлийг өдөөж, тэр дундаа танай салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын бухимдал өндөрт хөөрөгдсөн. Иймд төсвийн тодотголын төслийг салбартаа ашиг, тустай авч үлдсэн эсэх талаар сайдын тань хувиар байр суурийг тань сонирхъё?
-Улс орны эдийн засаг хямралтай байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зуун хувь нэг ч төгрөгийн хасалтгүй батлуулж чадсан. Энэ байр суурь энэ нь зөвхөн минийх биш, УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь байсан. Яагаад гэхэээр нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл. Нөгөөтэйгүүр эрүүл хүн ажил хөдөлмөр эрхэлнэ, улс орноо хөгжүүлнэ, гэр орон үр хүүхдээ өсгөнө тэжээнэ, хүмүүжүүлнэ гэдэг байр суурьнаас хандсан хэрэг гэж ойлгож болно.

-Гэхдээ эмнэлгийн ажилтнуудын тэтгэмжийг хасах тухай санал хүчтэй яригдсан шүү дэээ. Үүнд эмч, эмнэлгийн ажилтнууд бас их эмзэглэсэн?
-Ганц манай салбарын хувьд яригдсан санал биш л дээ. Улс орны эдийн засгийн чадавхи туйлдсан үед хасалт, таналт хийх олон хувилбарууд дэвшүүлсний нэг нь энэ байсан. Гэсэн хэдий ч, манай яам 2016 онд төлөвлөсөн бүх тэтгэмжийг өгөхөөр болсон. Тодорхой хэлбэл есдүгээр сарын 15-аас өмнө тэтгэвэртээ гарсан нийт 1019 эрүүл мэндийн ажилтанд 36 сар хүртэлхи тэтгэмжийг олгосон байгаа. Харин нийгэмд үүссэн хямрал, цуурхалаас болж 2017 онд тэтгэвэртээ гарах байсан 208 ахмад эмч, эмнэлгийн ажилтнууд хүсэлтээ яаран өгсөн байна. Үүнд хэрэгцээтэй дөрвөн тэрбум 213 сая төгрөгийн үлдэгдлийг олгохоор төсвийн тодотголоор батлуулсан. Мэдээж миний хувьд салбараасаа томилогдсон сайд. Тэднийхээ эгнээнд хэдхэн хоногийн өмнө хамт ажиллаж хөдөлмөрлөж байлаа. Тэр утгаараа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бүхий л боломжоо ашиглан ажиллаж байгаа.
-Эрүүл мэндийн салбарын төсөв гэхээр зөвхөн дээрх тэтгэмжийн асуудал биш л дээ. Тэр дундаа УИХ-ын гишүүд танай салбарын төсвийг нэг ч төгрөгөөр танаж болохгүй гэж байгаа ч бодит байдал дээр батлаад өгсөн төсөв нь өөрөө эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн явуулах боломж олгодоггүй нь тодорхой. Ядаж л “Эм байхгүй. Тариа алга” гэдэг үгийг эмч нар өвчтөнүүддээ олонтаа хэлдэг шүү дээ?
-Хэрэгцээг нь бодох юм бол манай салбар төсвөө хасуулаагүй ч гэсэн хаанаа ч хүрэхгүй байгаа нь үнэн. Гэсэн ч боломж бололцоондоо тулгуурлаад үйлчлүүлэгчиддээ хүндрэл учруулахгүйн тулд бүх боломж  бололцоогоо дайчлан ажиллаж байна. Шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүд, олныг хамарсан гамшиг осол, архидалт, үйлдвэрлэлийн осол, уул уурхайгаас хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, сургуулийн хүүхдийн хоолны хордлого гэх мэт олон шалтгааны улмаас эрүүл мэндийн салбарт төлөвлөснөөс илүү зардал гарч ирдэг. Иймд бид эрсдлийн сан байгуулж, хуримтлал үүсгэх хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр, төр дангаараа эрүүл мэндийн зардлыг бүрэн хариуцаад явдаг ямар ч улс орон байхгүй. Иймд иргэд болон бусад байгууллагуудад нийгмийн хариуцлагыг нь хүлээлгэх л хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөнд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, чанар хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллах болно. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, иргэд олон нийттэй ажиллах болно. Сүүлийн нэг жишээ хэлэхэд, өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах үзүүлэх сургуульд оролцож, цаашид хамтарч хийх, шийдвэрлэх олон асуудлуудын талаар ярилцсан байх жишээтэй
-Зам, тээврийн яамтай зам, тээврийн осол гэмтлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж гэж байгаа гэж дуулсан. Өөр чиглэл бас бий юу?
-Хэд, хэдэн чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт мэдээж өөрийн тань асуусан чиглэлийг гол болгоно. Хоёрдугаарт, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон шинээр баригдах түлэнхийн төв эмнэлэг дээр нисдэг тэрэг буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Алсын түргэн тусламжийг нисдэг тэрэгний тусламжтайгаар үзүүлж чадвал олон хүний амь насыг аврах боломжтой гэсэн үг. Зардал мөнгөний хувьд нэг их ялгаа байхгүй. Гуравдугаарт, шинжилгээний сорьцыг алслагдсан орон нутаг, дүүргүүдээс шуурхай тээвэрлүүлэх, онлайнаар зөвлөгөө өгөх үйлчилгээ нэвтрүүлэх асуудал дээр хамтран ажиллах болно.
-Гол нь бодлогын шинэчлэл гэх зүйл эрүүл мэндийн салбарт хийгдсэнгүй гэдэг шүүмжлэл өмнөх сайдуудыг дагалдаж ирсэн шүү дээ?
-Энэ онд батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль үндсэндээ тодорхой хэмжээний бодлогын шинэчлэлийн эхлэл болсон. Одоо хэрэгжүүлэх нь л чухал байна. Жишээ нь, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр  эдийн засгийн засаглалын шинэчлэл хийж санхүүгийн хагас бие даасан байдлыг бий болгохоор болсон. Энэ бол манай салбарынхны хүсэн хүлээж байсан шинэчлэл. Иймд үр дүнгээ өгөх болов уу гэж бодож байна. Энэ хууль хэрэгжвэл иргэн ч  өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын төлөө хариуцлага хүлээж, эрүүл мэндийн  салбар ч хариуцлагатай ажиллана гэсэн үг. Мөн миний хувьд эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг сургуулиудын өнөөгийн байдалд шүүмжлэлтэй ханддаг. Эмнэлэгт жилдээ 300 орчим эмч, эмнэлгийн ажилтны ажлын байрны захиалга гардаг байтал дэндүү олон их дээд сургуулиуд эмч бэлтгэх элсэлт авчихдаг. Сүүлийн үед бүр дагнасан эрүүл мэндийн чиглэлийн сургууль гэж байхгүй болох гээд байна. Инженерийн боловсрол олгохын хажуугаар эмч бэлтгэж байна. Эрүүл мэндийн сургууль санхүүгийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байх жишээтэй. Ийм л гажуудал бий болоод байна.
-Гэхдээ та салбар хариуцсан сайдын хувьд үүнийг цэгцэлж болно биз дээ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бүх их дээд сургуулиуд тусгай зөвшөөрөл олгодог тул тус яамтай хамтарч ажиллана. Гэхдээ бусад улс оронд анагаахын сургууль нь салбарын яамандаа, эсвэл хоёр яамандаа харъяалагддаг. Өнөөдөр ямар ч хамаагүй хувь хувьсгалын их дээд сургуульд анагаахын анги нээж байгаа нь тогтолцооны хямралыг үүсгээд байгаа юм. Энэ бол монгол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учраас эдгээр дүрэм журамд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Таны намтрыг харахад Арьсны өвчин судлалын үндэсний төв эмнэлгээс холдоогүй харагддаг. Мөн сайд болоход тань хүртэл “Аль ч засгийн үед ажилтайгаа үлддэг” гэдэг дүгнэлт олонтаа бичигдэж байсан?
-Олон намын үед ажиллаж байсан нь ажлын амжилттай л холбоотой байх гэж боддог. Энэ эмнэлгийг цэргийн казармын зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байсныг өнөөдөр 28 обьекттой болгож, Монгол Улсын анхны ISO-9001:2008, MNS ISO 9001:2010-ыг нэвтрүүлсэн, үйлчлүүлэгчдээ дээдэлсэн загвар эмнэлэг болгож чадсан. Хамт олны маань бүтээлийг үнэлж манай арьс өнгөний албаны 90 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор эмнэлгийг маань шагнасанд бид их баяртай байгаа. Миний сэтгэлд шингэсэн олон сайхан дурсамжуудын нэг нь энэ юм.
-Хүмүүс харахдаа бусдын нүдэнд байгаа шарх сорвийг эмчилдэг гэж ойлгодог шиг байгаа юм?
-Манай мэргэжил онцлогтой л доо. Жишээ нь, арьс нь зулгарсан, арьсаараа эрдэс бодис, уургаа алдаж олон эрхтэн тогтолцооны өвчтэй өвчтөнүүдтэй зууралддаг амар биш ажил л даа. Ялангуяа эмийн болон хүнд металын хордлоготой өвчтөн бол бүр хэцүү. Сүүлийн 14 жилийн турш эмнэлгийн даргаар ажиллахдаа нэг өдөр ч өвчтөнүүдээсээ хол байсангүй. Эмч нартайгаа зэрэгцээд л үзлэг, эмчилгээ хийгээд явдаг байсан. Тэр утгаараа би эмнэлгийн дарга нарыг өвчтөнүүдтэйгээ үйлчлүүлэгчидтэйгээ ойр байж, эмчилгээ, үйлчилгээндээ оролцох ёстой гэдэг байр суурь баримталж байгаа.
-Та бусад сайд нараасаа ялгаатай нь улстөрч биш шүү дээ. Өмнөх сайдууд дундаас тань мэргэжлийн хүн байсан ч олон жил улс төрөөр явсан, улстөрчийн байр сууринаас асуудалд хандах нь олон байсан. Нэг ёсны мэргэжлийн ажлаа хийж яваад сайд болсны тань давуу тал юу вэ?
-Бодоод үзэхэд арван хоёр сайдтай хамтарч ажиллаж үзсэн байна. Хамгийн удаан хугацаанд С.Ламбаа сайдтай хамтарч ажилласан.. Харин өөрийн тань хэлснээр мэргэжлийн ажлаа хийж байгаад сайд болсны хувьд энэ бол үнэхээр давуу тал. Ядаж л эмнэлгүүдийн дотоод нөхцөл байдлыг сайн мэднэ. Ер нь эрүүл мэндийн салбарыг улстөржүүлнэ гэдэг нь байж болохгүй асуудал. Манай салбарынхан тангараг өргөсөн төрийн үйлчилгээний ажилчид. Иймд манай салбарынхан  улс төрждөггүй.
-Та сайдын хувиар илүү олон эмнэлэг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байгаа. Боломж бололцоо харагдаж байна уу. Эмнэлгийн хүрэлцээ муу байгаа нь эмнэлэг барихаас өөрөөр шийдэж болох уу?
-Улаанбаатар хотын эмнэлгүүдийн хүртээмж 500 мянган хүнд тохируулж хийсэн бүтэц. Өнөөдөр нийслэл хотын хүн ам 1.3 саяд хүрээд байна. Иймд эмнэлгийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний төлөө чадах бүхнээ хийнэ. Гэхдээ бидэнд нөхцөл байдлыг үнэлж, дуусаагүй барилгаа дуусгаад шинээр ашиглалтанд орсон барилгуудынхаа ашиглалтыг сайжруулахад анхаарах нэн тэргүүний шаардлага байна.
-Ярилцлагын төгсгөлийн үгийг таньд үлдээе.
-Монголын хүн ам эрүүл байж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, элэг бүтэн ажиллаж  амьдрахын ерөөлийг дэвшүүлье.
 Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгүүлч Г.Отгонжаргал

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment