А.Цогцэцэг: Сорьц тээвэрлэлт эмнэлгүүдийн ачааллыг тэнцвэржүүлнэ

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайдын ажил хүлээж аваад хамгийн түрүүнд бодлогын түвшинд юу хийв?
-  Ажил хүлээж аваад хоёр сар болж байна. Гурван сая иргэнд хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд сум өрхийн эмнэлэг, аймаг дүүргийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн том төвүүдийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулж ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл иргэн тусламж авахаар үйлчлүүлж буй тэр эмнэлгээсээ авах ёстой бүх тусламж үйлчилгээгээ бүрэн авч байх нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Иймд тухайн эмнэлэгт онош тодруулахад шаардлагатай шинжилгээг дээд шатанд хүргүүлж, хариуг нь цахимаар аван оношоо тогтоож, тэр газраа эмчлэгдэх шаардлагатай бол тэндээ эмчлүүлнэ, харин төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвд эмчлүүлэх шаардлагатай бол тэр эмнэлэг рүү нь шилжүүлэх юм. Нэг үгээр хэлбэл, сорьц тээвэрлэх тусгай журам хэрэгжиж эхэлснээр эмнэлгүүдийн уялдаа холбоо сайжирч иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болно гэсэн үг.
Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Түүнчлэн архи, тамхины татварын тодорхой хувийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах “Эрүүл мэндийг дэмжих сан”-г дахин сэргээхээр шийдвэрлүүллээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хугацаа резидент эмч нарын цалингийн асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулагдсантай холбоотойгоор дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэс заслын чиглэлийн 4 мэргэжлийн резидент эмчийн цалингийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхээр ярилцаж байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллан, эхний тушаал шийдвэрээ гаргаж теле хурлуудыг зохион байгуулж байна. Байгаа бүх боломжийг ашиглан, мөнгөгүйгээр шийдэх ажлуудыг эхлүүлсэн. Үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин, эмч, ажилчдын ёс зүйн асуудалд анхаарч Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гарган ажиллаж байна.
-  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалаас гаргах хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж оруулсан. Энэ ажил хэрэгжих боломжтой юу?
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт дөрвөн зорилт бүхий 22 үйл ажиллагаа, 140 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг хөтөлбөрт 5 хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар оруулсан ба НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар үйлдвэрлэгч газраас нь худалдан авалт хийх хүсэлт тавьсан.
-  Өнгөрсөн жил улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байлаа. Барагцаагаар 100 гаруй нярай эндсэн. Энэ жил дахиад улаан бурхан дэгдэнэ гэж ДЭМБ-ын шинжээчид хэлсэн. Тэгэхээр төчнөөн хүүхэд улаан бурхны халдварт өртөх магадлалтай гэсэн тандалт судалгаа гаргадаг уу?
- Жил бүрийн халдварт өвчний дэгдэлтийн судалгаан дээр үндэслэн Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлыг цаг тухайд нь хийх хөрөнгийн асуудлыг төсөвтөө суулгах хэрэгтэй байдаг. Одоогоор улаан бурханы эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байгаа бөгөөд хамрагдаагүй үлдсэн хэсгийг вакцинжуулах шаардлагатай байна. Зургаан сартай хүүхдүүд улаан бурхнаар өвчилж, цөөнгүй эндэгдэл гарсан. Хүүхдийн эндэгдэлтэй холбоотой шалтгаануудыг судалж байна. ДЭМБ-аас улаан бурханы дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно гэсэн зөвлөмж өгсөний дагуу эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 5 аймагт 6 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна. Вакцины нөөц хангалттай байгаа.
-  Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Засгийн газар амласан. Энэ амлалт биелэх болов уу?
- Энэ жил эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг байгаа түвшнээс нь бууруулахгүй байхыг хичээж байна. Эдийн засаг тогтворжоод ирвэл санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж бодож байна. Ер нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг улсын төсөв, даатгал, бусад үйл ажиллагаанаас бүрдүүлж ирсэн. Иймд эдгээрээс өөр эх үүсвэрийг хайх боломж байгаа эсэхийг судалж байна. Энэ тохиолдолд санхүүжилт тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломж бий. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 3-5 жил тутамд олгодог 6 сарын тэтгэмж, тэтгэвэрт гарахад олгодог 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бүгд хэвээр үлдсэн. Өнгөрсөн 5 дахь өдөр эдгээр санхүүжилтийг орон нутаг руу нь шилжүүлсэн.
Ирэх оноос эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мөртлөө дээрх тэтгэвэр, тэтгэмжид хамрагдахгүй орхигдож байсан асрагч, жолооч, мужаан, слесарь, галч, нярав, нягтлан зэрэг ажиллагсдыг хамруулах чиглэлд онцгойлон анхаарч байна. Ер нь дэс дараатайгаар цэгцэлж шийдвэрлэх олон асуудлууд байна. Жишээ нь, 2017 онд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа 151 сумыг түргэний машинаар хангах, орон нутгийн нэгдсэн эмнэлгийг рентген аппаратаар хангах зэрэгт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж байна.
-  Эрүүл мэндийн салбарт ирэх жил хичнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна вэ?
- Манай салбарын хувьд бусад салбараас онцлогтой нь урсгал засвар, хөрөнгө оруулалт, эм эмнэлгийн хэрэгсэлд нэлээд их мөнгө хэрэгцээтэй байдаг. Эдгээр ажилд одоогоор 1 их наяд төгрөг шаардлагатай боловч улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа тул энэ санхүүжилтийг өгч чадахгүй байна.
-  Барьж дуусаагүй барилгыг ашиглалтанд оруулна гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байсан. Яармагт барьж байгаа 300 ортой төрөх эмнэлэг болон Геронтологийн төвийн барилгын ажил зогсоод удсан. Тантай нийлээд дөрвөн сайд дамжиж байна. Энэ барилгуудыг гүйцээх боломж бий юу. Салбарынхаа гал тогооноос гарч ирсэн сайдын хувьд таныг энэ эмнэлгүүдийн барилгыг дуусгах байх гэж найдаж байна?
- Энэ эмнэлгүүдийн барилгын асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. Одоогоор олон хувилбар явж байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг эцэслээгүй концессийн гэрээгээр байх уу, эсвэл буцалтгүй тусламж орж ирэхээр бариулах уу гээд шийдэх зүйл бий. Түүнээс улсын төсвөөс дээрх 2 барилгад 27 тэрбум төгрөг гаргаад барих бололцоогүй байна. Барилга баригдахгүй байгаад байхаар тоногдоод, өртөг нь улам нэмэгдээд байдаг. Тэгэхээр богино хугацаанд хурдан шийдвэрлэх шаардлагатай байна.  
-  Та ажил хүлээж авснаас хойш хөдөөгүүр их явлаа. Орон нутгийн эмнэлгүүд ямар байдалтай байна вэ?
-  Гурван аймгийн 14 сумаар орлоо. Нөхцөл байдал хүнд байна. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг, зарим суманд шинэ эмнэлэг барих шаардлагатай байгаа. Иймд нөгөө л санхүүжилтийн асуудлыг дахиад ярих хэрэгтэй болж байна. Хүн амын өсөлттэй холбоотой эмнэлгийн стандарт өөрчлөгдөөгүй байгаа нь салбарыг гажуудалд оруулаад байна. Мөн орон нутаг дах эмч ажилчдын илүү цаг, томилолт олгогдохгүй, туслах ажилчид нийгмийн халамжинд хамрагдахгүй байна. Мөн тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээний зардал аль ч эмнэлгүүдийн санхүүжилтэнд тусгагдахгүй байгаа нь олон эрсдлийг дагуулж байна.
-  Эрүүл мэндийн салбар хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Таныг ирэхэд хэд нь зогсчихсон байсан бэ?
-  Эрүүл мэндийн салбарт нилээдгүй олон тооны төслүүд хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV”, V төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг загвар төв болгож байгаа. Мөн БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Самсунг” компанийн барьж буй оношилгоо эмчилгээний төв байна. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Хуйвэй компанийн гүйцэтгэж буй эмнэлгийн программ хангамжийг сайжруулах “Цахим эрүүл мэнд”, Дэлхийн банкны болон ДОХ/ХДХВ-тэй тэмцэх Глобал сангийн төсөл гэх мэт төслүүд хэрэгжиж байна.
Зарим нэг төслүүдэд маргаантай асуудлууд байсаар байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлүүдийн хувьд мөнгө нь цаанаа тоолуур шиг эргэж байдаг тул эдгээр төслүүд зогсох нь улс орны эдийн засагт хохиролтой. Судлаад үзэхэд янз бүрийн л шалтгаан гарч ирдэг. Тиймээс Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, зарим асуудлууд шийдэгдэж эхлээд байна. Энэ бүхний үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд гацаанд орсон асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд нь шийдвэрлэж ажиллана.
-  Нэмэлтээр гаднаас зээл тусламж авах бололцоо байгаа юу?
-  Болж өгвөл гаднаас буцалтгүй тусламж авах гарцыг л хайна. Бидэнд өөр санхүүгийн боломж хомс байна.
- Танд нэн түрүүнд шийдвэрлэх ямар ажил байна вэ. Эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад мэдээж анхаарах байх тийм үү?
“Шилэн эрүүл мэнд” төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд эмнэлгүүдийн цаг авалт, очер дараалал нийтэд ил тод шилэн болохоос гадна өвчтөн, эмч болон ар гэрийнхэнийг хооронд нь онлайнаар уулзуулах, өвчтөний биеийн байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх боломжууд бүрдэнэ.  Мөн олны анхаарлыг татсан бөөрний дутагдалтай өвчтөнүүдийг гемодиализд оруулах асуудал байна. Бөөрний дутагдалд орсон хүмүүс долоо хоногт гурван удаа диализийн аппаратад орох шаардлага тулгардаг. Хувийн эмнэлэгт очоод нэг удаа орохдоо доод тал нь 120 мянган төгрөг төлдөг. Харин улсын эмнэлэгт үнэгүй эмчлүүлдэг боловч ачааллаа дийлдэггүй. Гемодиализын тусламж үйлчилгээг өргөтгөж, төр хувийн хэвшлийн түншлэлээр улсын, хувийн гэж ялгалгүйгээр санхүүжилтийг нь олгох болсон. Мөн түүнчлэн цусны хорт хавдартай иргэд маань урт хугацаанд үнэтэй эмчилгээ хийлгэдэг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэн цусны хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр хариуцах боллоо. Энэ нь Монголд анх удаа манай Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа томоохон алхам болж чадсан. Тэгэхээр 2017 оны 7-р сарын 1-нээс эхлэн бөөрний дутагдалтай иргэд нэг ч төгрөг хувиасаа гаргахгүйгээр эх орондоо эмчлэгдэх боломжтой боллоо.
-  Нийгмийн халдварт өвчний тархалтыг анхаарахгүй байж болохгүй байх. Ялангуяа тэмбүүгийн  тархалт байнга нэмэгдэх боллоо. Тиймээс өвчлөлийг бууруулахад та ямар ажил хийх вэ?
-  Энэ бол манай салбарын анхаарлын төвд байдаг асуудал. Улс орны шилжилтийн цаг үед хүний эрх чөлөө ардчилал нэрэн доор нийгмийн халдварт өвчин тээгчдийн хавьтлыг илрүүлж, албадан эмчилдэг ажил орхигдоод байна. Энэ нь нэг хүний эрхээр бусдын эрх хязгаарлагдаж байна гэсэн үг. Өмнө нь тэмбүүгээр өвчилсөн хүн заавал хавьтлаа авчирч эмчлүүлдэг байсан, хяналтын сувилагч явж илрүүлэн дууддаг байлаа. Тэр үед төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бараг бүртгэгдэж байгаагүй. Гэтэл өнөөдөр төрөлхийн тэмбүү гарч байгаа нь хаа хаанаа хяналтгүй, хариуцлагагүй байгаагийн илрэл. Аймаг орон нутагт арьс өнгө, сүрьеэгийн диспансер гэсэн бүтэц байсныг татан буулгасан. Тэмбүү, БЗДХ, сүрьеэгийн өвчлөлийн тархалт газар авчихаад байгаа нь маш том асуудал. Энэ чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллана.
-  Өсвөр насныхны дунд жирэмслэлт элбэг тохиолдож байна гэж эмч нар ярьдаг.Арван жилийн сургуульд эрүүл мэндийн хичээл оруулж болдоггүй юм уу?
-  Өмнөх засгийн газар боловсролын суурь сургалтаас эрүүл мэндийн хичээлийг хассан. Өсвөр насныханд системтэй сургалт явуулж эрүүл мэндийн боловсрол олгох асуудал орхигдож байгаа нь дээрх олон асуудлыг дагуулж байна. Иймд манай яам БСШУСЯ-тай эрүүл мэндийн хичээлийн талаар хамтарч ажиллах санал хүргүүлж байгаа.
Эрүүл мэндийн тухай хуульд нэгдсэн эмнэлгүүдийн дэргэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх газар байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ заалт хэрэгжихгүй явсаар ирсэн. Нөгөөтэйгүүр нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг сайжруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох ажил хийх хэрэгтэй байгаа. Иймд Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарах зорилго тавьсан. Иймд эхний ээлжинд ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг үндэсний хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиг үүрэг бүхий Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв болгох шаардлагатай байна.
Ярилцсанд баярлалаа.
Б.Гандолгор
www.shuud.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment