Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч эмч нарыг бэлтгэлээ

     Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Хүүхдийн амилуулах суурь тусламжийн зааварлагч бэлтгэх” (Provider and instructor course of Pediatric Basic Life Support) сургалтыг 1 дүгээр сарын 13, 16, 19, 20-ны өдрүүдэд 4 удаа зохион байгуулж,
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2 эмч, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 1 эмч, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 1 эмч, төслийн загвар аймаг болох Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс 2 эмч, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2 эмч нийт 8 эмчийг “Үндсэн зааварлагч”-аар, нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн 8 эмч, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн Эрүүл мэндийн төвийн 8 эмч, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сум дундын эмнэлгийн 8 эмч нийт 24 эмчийг зааварлагчаар бэлтгэлээ.

Энэхүү сургалтаар хүүхдэд үзүүлэх зүрх, уушигны сэхээн амьдруулалтын талаарх ерөнхий ойлголт, зүрх, уушигны сэхээн амьдруулалтыг хэрхэн үр дүнтэй хийх талаарх онолын мэдлэгээс гадна цээж шахалт, амьсгал өгөх, автомат тохируулгатай дефибриляторыг ажиллуулах, гадны биетээр амьсгалын зам бөглөрөх үед авах арга хэмжээний талаар дадлага олгосон байна. Сургалтын материал болон гардан үйлдэл хийх менежментийн хувьд Азийн улс орнуудад явагддаг сургалтаас санаа авч, Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулсан байна.
1 дүгээр сарын 13-ны өдрийн “Үндсэн зааварлагч” бэлтгэх сургалтыг төслийн богино хугацааны мэргэжилтэн, хүүхдийн яаралтай тусламжийн эмч ИНОҮЭ Нобуаки удирдан явуулсан бөгөөд 1 дүгээр сарын 16, 19, 20-ны өдрүүдийн сургалтыг бэлтгэгдсэн “Үндсэн зааварлагч” нар удирдан, ИНОҮЭ Нобуаки эмч зөвлөхөөр ажилласан юм. Цаашид эдгээр эмч нар Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хматран “Хүүхдийн амилуулах суурь тусламж үзүүлэгч”  бэлтгэх сургалтыг бие даан удирдан явуулна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment