2011 оны Эрүүл мэндийн салбарын төсвийн тухай мэдээлэл


II. Эрүүл мэндийн салбарын 2011 оны төсвийн тухай мэдээлэл.

Эрүүл мэндийн салбарын 2011 оны төсвийн бодлого нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын мастер төлөвлөгөөний хэрэгжилт, мянганы хөгжлийн зорилтод тодорхойлсон зорилго, үр дүнг хангах замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлж, наслалтыг уртасгахад санхүүгийн нөөцийг оновчтой, үр ашигтай хуваарилж салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн.
Эрүүл мэндийн салбарын 2011 оны бодлогын хүрээнд дараахь 11 зорилтыг дэвшүүлж төсвийн төслийг боловсруулсан. Үүнд:
  1. Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтэй холбоотой зардлуудыг төсөвт тусгах
  2. Салбарын мастер төлөвлөгөөний стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд төсвийг чиглүүлэх
  3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу зүрх, элэгний төвийг байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
  4. Зураг төсөв нь хийгдсэн барилга, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөлтөд тусгах, шилжих барилгын хөрөнгийг бүрэн тусгаж, санхүүжүүлэх
  5. Эрүүл мэндийн байгууллагуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн судалгааг хийлгэх,
  6. Цахим эрүүл мэндийн стратегийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын нэгдсэн сүлжээний зардлыг төсөвт тусгах, зайн оношлогооны сүлжээг 17 аймгийн нэгдсэн эмнэлэгт шинээр бий болгох,
  7. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх , шаардлагатай хөрөнгийг тусгах
  8. Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусламж үйлчилгээнээс төлбөрт тусламж үйлчилгээний орлогыг бүрдүүлэхэд төсвийг чиглүүлэх
  9. Өвчлөл өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтэц орон тоо, шаардлагатай зардлыг төлөвлөх
  10. “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”-ын хүрээнд ховордсон зарим мэргэжлийн эмч нарын үндсэн цалинг нэмэгдүүлэн олгох замаар урамшуулан, тусламж үйлчилгээний хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах
  11. Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, төрөх эмнэлгүүдийн эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулахад төсөв хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтыг чухалчилж авч үзлээ.
Дээрх бодлого, зорилтын хүрээнд бид эрүүл мэндийн салбарын төсвийг 420,8 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 329,1 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 91,6 тэрбум төгрөгөөр боловсруулан хүргүүлсэн ч эрүүл мэндийн салбарын 2011 оны төсөв 299,3 тэрбум төгрөгөөр батлагджээ. Энэ нь 2010 оны тодотгосон төсвөөс урсгал зардал 37,0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, хөрөнгийн зардал 11,1 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан байна. Салбарын хэмжээнд цалингийн зардал 2010 оны эхэнд 92,0 тэрбум төгрөгөөр батлагдсан ба 2010 оны төсвийн тодотголоор “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010-09-15-ны өдрийн 239 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 7,8 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын цалингийн зардалд нэмж тодотгосон. 2011 онд 117,3 тэрбум төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд баталсан нь өнгөрсөн оны батлагдсан дүнгээс 27,4%- иар өссөн байна.


ЭДИЙН ЗАСАГ УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment