2011/01/19

Томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын тухай мэдээлэл, зөвлөмж

 Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уг өвчний 3 тохиолдол бүртгэгдэж, /Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг/ лабораториор батлагдаад байна. 2011 он гарснаас хойш Дани, Нидерланд, Польш, Их Британи  зэрэг Европын улс орнуудад  томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын дэгдэлт бүртгэгдэж  байна. Тухайлбал,

Их Британи улсад томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын дэгдэлт гарч мянга гаруй тохиолдол бүртгэгдэн 100-гаад хүн нас барсан тухай мэдээлэл байгаа бол Солонгос, Малайз, Япон улсуудад уг өвчлөл мөн бүртгэгдээд байгаа юм байна. Уг өвчний хүндрэлээр жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, архаг өвчтэй эрсдэлт бүлгийн хүмүүс болон зарим  эмнэлэгт оройтож хандсан өвчтөнүүд нас барах тохиолдол их байгаа ажээ. Уг халдвар нь шинэ биш бөгөөд улиралын чанартай гардаг томуугийн нэг хэлбэр гэж ДЭМБ үзэж байна.
Түүнчлэн манай улсад улиралын томуугийн өвчлөл 11 дүгээр сараас  нэмэгдэн үргэжлэн гарсаар байна. ХӨСҮТ нь томуугийн харуулдан тандалтыг хийж сорьцонд томуугийн вирус илрүүлэх шинжилгээг байнга хийж байгаа бөгөөд   Дорноговь, Улаанбаатар хотын харуулдан тандах нэгжүүдээс ирүүлсэн 105 сорьцны 14 сорьцонд улиралын томуугийн A(H3N2) илэрсэн байна.
Цагийн байдалтай уялдуулан ЭМЯ-наас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
1.    Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын эсрэг авах арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлэх тухай  албан тоот хүргүүлсэн.
2.    Аймаг, нийслэлийн Засаг дарга болон эрүүл мэндийн газрын дарга нартай Эрүүл мэндийн сайд уулзалт зохион байгуулж, томуугийн цартахлын болон томуугийн өвчлөлийн талаар танилцуулга хийж, орон нутагт томуу, томуу төст өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн.
3.    Эрүүл мэндийн сайдын 2010 оны 12 дугаар сарыын 22-ны өдрийн 446 тоот тушаалаар аймаг, нийслэлд томуугийн эсрэг 48700 хүн тун тами флю эмийг хуваарилан хүргүүлсэн.
4.    Эрүүл мэндийн сайдын 375 тоот тушаалаар 300.000 хүн тун “Томуугийн A(H1N1) вирусийн халдварын эсрэг вакцин”-ыг хуваарилж аймаг нийслэлийн ЭМГ-т хүргүүлэн дархлаажуулалт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 97,000 хүнийг дархлаажуулж, хамралт 40 хувь байна.
5.    2010 онд томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн 582,265 хүнийг дархлаажуулж, хамралт нь 62 хувь байна.
6.    Ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгслэлийг аймаг, нийслэлийн ЭМГ-т хуваарилан хүргүүлсэн.
7.    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр явуулж байна.
Одоогоор манай улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцин, эм хангалттай байгаа бөгөөд томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдвар нь улиралын томуугийн нэг хэлбэр учраас ард иргэд Та  бүхэн сандарч мэгдэлгүй мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг даган хамтран ажиллах шаардлагатай байна. Үүнд:
  •  Уушгины архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настангууд, бага насны хүүхдүүдэд онцгой анхаарч томуугийн цартахлын А/H1N1/ вирусийн халдварын эсрэг дархлаажуултад хамруулах
  •  Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг болох халуурах, ханиах, найтаах, булчингаар өвдөх, толгой өвдөх гэх мэт шинж илэрвэл аль болох гэртээ байж, өрхийн эмчид хандах.
Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, гэрээр аарц, жимсний шүүс буцалгаж хэрэглэн, цэгэн массаж хийх, гарыг савандаж угаах  зэрэг томуугаас сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэн  бусдад халдвар тараахгүй байх талаар анхаарах. 

 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА

No comments:

Post a Comment

Post a Comment