Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч нар сургалтанд хамрагдав

ЭМЯ, ЭХЭМҮТ, Мари Стопс интернэйшнэл зэрэг байгууллагууд хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч нарт зориулсан сургалтыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ЭМЯ дээр зохион байгуулав.


Сургалтын зорилго нь эмч нарт жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн урт хугацааны арга болох суулгацын талаар мэдлэг олгох, хэрэглэх арга техникт сургаж, үйлчилгээ үзүүлэгч нарын ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байлаа.

Зохион байгуулагчдын зүгээс эмч нарт суулгацын талаар мэдээлэл хийж, суулгацын хэрэглээ, суулгацыг тавих, авах арга техникт суралцуулах зорилгоор дадлага хийлгэв. Түүнчлэн гэр бүл төлөвлөлтийн талаарх орчин үеийн аргуудаас танилцуулж харилцан туршлага солилцлоо. Сургалтад хамрагдсанаар эмч нарын ур чадвар дээшилж, суулгацыг тавих, авах арга техникт суралцсан юм.

Тус сургалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетын эмч нар оролцсон бөгөөд Булган аймгийг төлөөлж аймгийн ЭМГ-ын Нөхөн үржихүйн кабинетийн бага эмч Э.Саруулсайхан оролцлоо. 
Аймгийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах орчин үеийн урт хугацааны суулгацыг 07 сараас Нөхөн үржихүйн кабинетаар суулгаж эхлэх юм байна. 

НӨХӨН ҮРЖИХҮЙН КАБИНЕТ

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment