Гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу МХЕГ-ын  Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлэгт хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар өгөгдсөн албан шаардлагын хэрэгжилтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 6, 7 дугаар сард газар дээр нь шалган, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ.   


Булган аймгийн Эрүүл мэндийн газарт улсын ахлах байцаагчдын хамтарсан 17 заалттай албан шаардлага өгөгдсөнөөс бүрэн биелэсэн 7, дутуу гүйцэтгэлтэй 5, хагас биелэсэн 2, огт хэрэгжээгүй 3 заалт, албан шаардлагын хэрэгжилт 71.1 хувьтай байна.  Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг тооцон мэргэжлийн удирдлагаар хангах болон Хангал, Баяннуур сумдын Эмийн эргэлтийн санг ажиллуулах  асуудлыг шийдвэрлэх заалтын   Хангал сумын Эмийн эргэлтийн санг ажиллуулах асуудал шийдэгдээгүй тул хагас гүйцэтгэлтэй, халдварт өвчний тандалт сэргийлэлтийн албыг бүтэц, орон тоогоор байгуулах, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нотолгоонд тулгуурлан үнэлэх чадвар бүхий орчны эрүүл мэндийн лаборатори байгуулах гэсэн 2 заалт нь шаардлагатай төсөв, санхүүжилт батлагдаагүй шалтгаанаар  хэрэгжээгүй байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сум дундын эмнэлэгт хийгдсэн шалгалтын дүнгийн хурлаар эмч, эмнэлгийн ажилтнуудаас гаргасан саналуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэсэн заалт хэрэгжээгүй байна.

Нэгдсэн эмнэлэгт улсын ахлах байцаагчдын хамтарсан 27 заалттай албан шаардлага өгөгдсөнөөс  бүрэн биелэсэн 15, дутуу гүйцэтгэлтэй 3, хагас биелэсэн 5, огт хэрэгжээгүй 4 заалт, албан шаардлагын хэрэгжилт 74,4 хувьтай байна.

Хагас биелэлттэй заалтуудыг дурьдвал эмнэлгийн эмийн санд клиникийн эм зүйч авсан, эм найруулагч ажиллуулаагүй, эмийн гаж нөлөөг мэдээлэх шар хуудсаар хангасан боловч бүртгэж, мэдээлээгүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрийн савлагаанаас бага хэмжээгээр өвчтөнд хэрэглэсэн тохиолдолд үлдэгдлийг устгасан тухай бүртгэлийг хийсэн боловч бүртгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан эхэсийн нүхийг ухаж байгаа дуусаагүй, хог хаягдлыг түр хадгалах байрны хөрөнгийн асуудал шийдэгдэж тендер зарлагдаад байна.  Эмийн эмчилгээг зохицуулах хороо нь эмнэлгийн тусламж,  үйлчилгээнд шаардагдах эмийн сонголт, зохистой хэрэглээний талаар зөвлөмж, дүгнэлт гаргах, онцгой байдал, гамшгийн үед  шаардлагатай цусны хүүдий, оношлуурын нөөцийг бүрдүүлэх, төрөх, мэс засал, сүрьеэгийн тасагт бохир агаарын урсгалыг хязгаарласан  шүүлтүүртэй, орчин үеийн технологийн шийдэл бүхий агааржуулалтын системтэй болох, зөөлөн эдлэл, хэрэглэлийг халдваргүйтгэх нөхцөл бүрдүүлэх гэсэн заалтууд хэрэгжээгүй байна. Энэ нь барилгын хүчин чадал, өрөө тасалгааны хүрэлцээ хангамж, төсөв санхүүжилт, мэргэжлийн боловсон хүчний хангамж, байгууллагын удирдлага зохион байгуулалттай   холбоотой байна.

Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлэгт улсын ахлах байцаагчдын хамтарсан 18 заалттай албан шаардлага өгөгдсөнөөс  бүрэн биелэсэн 7, дутуу гүйцэтгэлтэй 6, огт хэрэгжээгүй 5 заалт, албан шаардлагын хэрэгжилт 64,4 хувьтай байна.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрийн савлагаанаас бага хэмжээгээр өвчтөнд хэрэглэсэн тохиолдолд үлдэгдлийг устгасан тухай бүртгэлийг хийж хөтлөх, зөөлөн эдлэлийг халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх, төрөх, мэс заслын тасагт бохир агаарын урсгалыг хязгаарласан шүүлтүүртэй, агааржуулалтын механик системтэй болох, ариутгал, угаалгын тасгийг эрүүл ахуйн шаардлагын дагуу зөв зохион байгуулах, эмгэг судлалын хэсэгт задлан шинжилгээний өрөөтэй болж, эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлагад нийцүүлэх заалтууд хэрэгжээгүй байна. Эдгээр нь хувь хүний ажлын хариуцлага, барилга байгууламжийн хүчин чадал, хүрэлцээ хангамж, төсөв хөрөнгөтэй холбоотой байна. Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлгийн амбулаторийн барилга баригдаж байгаа ба дээрхи хэрэгжээгүй заалтын ихэнх нь барилга ашиглалтанд орсоноор хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзлээ. Гүйцэтгэлийн хяналтаар албан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй 3 албан тушаалтанд 842400 төгрөгийн шийтгэвэр ноогдуулав.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлэг, Нэгдсэн эмнэлэгт гүйцэтгэлийн хяналтыг 8 дугаар сард, аймгийн Эрүүл мэндийн газарт 11 дүгээр сард дахин хийх ба цаашид илэрсэн зөрчлийг арилтал тухай байгууллагуудад гүйцэтгэлийн хяналтыг хийж шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.



ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН

УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ  Д.БАТПҮРЭВ
































Print Friendly and PDF

No comments:

Post a Comment