Агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хүн амд өгөх зөвлөгөө, зөвлөмж

Агаарын бохирдлоос сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө, зөвлөмжийг ард иргэддээ хүргэж байна.
Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл, хавдар, нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг ба хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүс илүү өртдөг.

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал юм. Иймээс агаарын бохирдлыг бууруулах, өвчлөлөөс сэргийлэх дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг Иргэн танд зөвлөж байна.
 1. Агаарын бохирдлыг бууруулахаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэмжинэ үү !
 o Сайжруулсан зуух
 o Утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м)
 o Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн хананаас дулаан алдалтыг багасгах
 o Ногоон байгууламжийг хашаа, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх;
 o Өвлийн улиралд пийшингээс өөр халаах аргыг сонгох: цахилгаан, тосон халаалт гэх мэт
 2. Иргэд хашаандаа хог, хаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх !
 o Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай. Түүчлэн агаарт дэгдсэн хорт нэгдлүүд нь хөрсөнд бууж, тоостой хамт буцаж агаарт дэгдэн удаан хугацааны турш ойр орчмын агаарыг бохирдуулж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Иймд хэн нэг нь хог, дугуйны хаймар, резинэн зэрэг хаягдал бүтээгдэхүүн шатааж байгааг харвал агаарын чанарын албанд мэдээлэх үүрэгтэй;
 3. Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, бохирдуулахаас сэргийлнэ үү !
 Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэртээ өнгөрүүлдэг. Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал энэ нь гадаад орчны агаарын бохирдолтой нэгэн адилаар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та гэр доторх агаарыг бохирдуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
 o Хэрэв танайх бага насны хүүхэдтэй бол гэртээ Хэт Өндөр Үр Ашигтай Агаарын Шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглахыг зөвлөж байна. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.
 o Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. o Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
 o Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлөвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгыг анхаарна уу.
 o Хэрэв та галлагаатай орон сууц, гэрт амьдардаг бол галлах, хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах байх хэрэгтэй;
 4. Хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн эмзэг тул эцэг эхчүүд дараах зөвлөмжийг анхаарна уу !
 o Авто замын хажуугаар бага насны хүүхдээ дагуулж явахаас зайлсхийх. (Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах магадлалтай байдаг)
 o Хүүхдээ агаарын бохирдол багатай үеэр салхилуулах. Агаарын бохирдол ихтэй өглөө болон оройн цагаар бага насны хүүхдээ салхилуулахаас зайлсхийх.
  5. Чийрэгжүүлэлт, биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах
 o Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
 o Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх. (Монголчуудын уламжлалт хүнс болсон адуу, хонь, үхрийн махнаас гадна, эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай)
 o Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.
 o Идэвхтэй амрах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах зэрэг үнэ хямдаар салхинд гарах; (Заавал үнэтэй цаны баз руу явах шаардлагагүй)
 6. Автомашины хэрэглээг ухаалаг болгох !
 o Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих;
 o Ойрхон газар явган алхах (бензин хэмнэхээс гадна таны эрүүл мэндэд тустай)
 o Автомашиныхаа хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг нь тогтмол хийлгэх (бензин хэмнэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулхад хувь нэмэр оруулна)
 7. Бүх нийтийн хэвшвэл зохих зан үйлүүд
 o Цахилгааны хэрэглээгээ хянах. Хөргөгч, телевизор, гэрэл зэрэг цахилгаан хэрэгсэлийг зохисгүй ашиглах нь цахилгааны хэрэглээг ихэсгэдэг. Үүний улмаас дулааны цахилгаан станц улам их нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэх шаардлагыг бий болгодог. Шаардлагагүй үед гэрэл асаахгүй байх, цахилгаан хэрэгсэлүүдийг унтрааж хэвших агаарын бохирдлоос сэргийлэхэд хувь нэмэр оруулна;
 o Гараа тогтмол савандаж угааж хэвших. Амьсгалын замын өвчнүүдийн үүсгэгч нь найтаах, ханиалгахад хүний хэрэглэж байгаа зүйлс болох ширээний тавцан, ном, сурах бичиг, дэвтэрийн гадаргуу зэрэгт тархдаг. Эдгээр юманд хүрсэн хүний гараар их хэмжээний үүсгэгчид тархаж өөрт болон бусдад өвчинг халдаадаг.
 o Ханиаж найтаахдаа гараараа бус тохиойн гадна хэсгээр ам, хамраа дарж хэвших. Бидэнд ханиаж найтаахдаа гарын алгаа дэлгэж гартаа бүх бактерийг цуглуулж авдаг буруу дадал байгаа нь амьсгалын замын зарим өвчлөлийг бусдад ялангуяа хамгийн дотны үр хүүхэд, ойр дотныхондоо халдаах нөхцлийг бүрдүүлж байна.
 o Хог хаягдлаа ангилан цуглуулж, устга. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших;
 o Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн бол олон нийтийн газар, сургууль, цэцэрлэгтээ явахгүй байх. Бусдад амьсгалын замын өвчнөө тараахгүй, өөрөө өвчнөө бүрэн төгс эмчлэхийн тулд гэртээ байж халуун аарц, халуун хоол хэрэглэх;

Эх сурвалж: www.moh.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment