52500 хүн С вирусын эмчилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын тушаалаар байгуулагдсан С гепатитын халдварын эмчилгээний удирдамж боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн шуурхай хурал боллоо.
С гепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын яам, “Мэргэжлийн эмч нарын холбоо” ТББ, Эм эмийн бүтээгдэхүүний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба С гепатитыг эмчлэх эмчлгээний удирдамж боловсруулах үүрэг өгсөн бөгөөд энэ дагуу ажлын хэсгийнхэн удирдамжаа боловсруулан сайддаа танилцууллаа.
Удирдамжинд эмийг хэрхэн оруулж ирэх, хадгалах, шинжилгээгээ яаж хийх, эмчилгээг сум, өрх, баг аймаг нийслэл гээд хүн бүрт хүрч хийхийн тулд эмч нарыг бэлтгэх, эмчилгээний орчныг бүрдүүлэх зэргээр ажлаа төлөвлөжээ.
Мөн С гепатитын идэвхитэй халдвартай хүмүүсийн судалгааг ДЭМБ болоод мэргэжлийн эмч нарын баг, ажлын хэсгийнхний хийсэн судалгаанд тулгуурлан тогтоосон байна.  Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга орчим хүн С гепатитын идэвхитэй халдвартай нь тогтоогдож үүнээс 52500 нь нэн тэргүүнд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.
С гепатитын халдвар авсан хүн оройлцоогоор 20 жилийн дараа элэгний хатуурал, хавдар болон хүндрэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс идэвхтэй халдвартай гэж тогтоогдсон 150 мянга орчим хүнийг ойрын 5-6 жилийн хугацаанд эмчилж элэгний хатуурал, хавдар болохоос нь өмнө эдгэрүүлэх зорилтыг тавьж байна хэмээн ажлын хэсгийнхэн танилцуулав.
Үүн дотроо нэн тэргүүнд эмчилгээ шаардлагатай байгаа 52500 хүний нэг хүнд ноогдох эмчилгээний зардлыг нарийн тооцож гаргаж, эмчилгээг хугацаа алдалгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ үеэр архаг С гепатитыг эмчлэх вирусийн эсрэг үйлчилгээтэй “Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх ажлын явцыг “Омбол” компанийнхан танилцууллаа.
Ажлын хэсгийнхний боловсруулсан С гепатитыг эмчлэх эмчилгээний удирдамжийг баталснаар нэгдсэн цогц хөтөлбөрийн хүрээнд С гепатитын эмчилгээ хийж эхлэх юм байна.

Эх сурвалж: www.emch.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment