Хүн малын бруцеллёз өвчнөөс сэргийлцгээе!!!!

Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний тоогоор манай оронд хамгийн олон тохиолддог өвчин бөгөөд  өвчтэй мал, амьтнаас  хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн (зүрх, уушиг, элэг, дэлүү), шээс,  бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай   халдварт өвчин юм.

Халдвар дамжуулагч амьтад ба өвчин үүсгэгч: Бруцеллёз өвчтэй хонь, ямаа, үхэр, тэмээ, цаа  буга, гахай зэрэг амьтдаас хүнд халдварладаг бөгөөд өвчин үүсгэгч нян нь эд, эсийн завсар ба дотор  амьдрах чадвартай тул өвчний эдгэрэлт харьцангуй удаан, дахих, архагших нь их байдаг.  Эдгээр нянгууд  буур, бух, хуц, ухна, бодон зэрэг өвчтэй эцэг мал, амьтны  үрийн шингэн,  эх мал амьтны төлийн ус, хаг,  сүү, баас, шээс  зэргээр ялгарч хүнс, ус, хөрс, орчныг бохирдуулдаг.

Халдвар дамжих зам:   Хүний  биед нян нь гэмтсэн арьс, салст болон хоол бoловсруулах  зам, амьсгалын замаар орж халдварлана. 
Илрэх гол шинж тэмдгүүд: Хүний бруцеллёзыг ямар эрхтэн тогтолцоо гэмтээж байгаагаас хамаарч, үе хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэн, шээс, бэлгийн замын эрхтэн  гэмтээсэн гэж 5 хуваадаг.

Толгой өвдөх, ядарч сульдах,  сэтгэл санаа хямрах, үдээс хойш, оройд халуурах, шөнө хөлрөх, толгой, яс, үе, булчин, ууц нуруу өвдөх,  хүзүү, суганы тунгалгийн булчирхайнууд хөндүүрлэхгүй томрох, хааяа арьсанд цусархаг тууралтууд  гарах зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг. Том үеүдээр өвдөх нь гол шинж тэмдэг болно. Малчид өвчний анхны шинж тэмдгүүд илрэхэд мал төллөж дууссаны дараа эмнэлэгт очно  гэж хойшлуулж,  эмчид хожуу  ханддаг нь өвчин архагших,  хөдөлмөрийн чадвар алдах  шалтгаан болдог.

  Сэргийлэлт:
   - Төл хүлээн авах, бэрхшээсэн төл гардах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, хэрэгцээлэх, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас ( амын хаалт, хормогч,  резинин бээлий) өмсөх,   малын эхэс, зулбадасыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савантай халуун усаар угааж занших         

- Мал, амьтны сүү, цөцгий, мах, элэг, цусан бүтээгдэхүүнийг сайн боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй  бог, бод малын түүхий  сүүг амтлахгүй  байх,  хөөрүүлж хэрэглэх, мал бруцеллёзтой   оношлогдсон үед  усыг буцалгаж хэрэглэх

-Малтай айл, өрх мал аж ахуйн нэгж байгууллагууд малаа жил бүр бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж вакцинжуулах, өвчилсөн малыг тусгаарлах, хэрэгцээлэх

-Дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрвэл эмчид үзүүлж,  шинжилгээнд   орох, малчид , МАА-н мэргэжилтнүүд болон энэ өвчний эрсдэл бүхий хүмүүс жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байх

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment