"Зайлшгүй шаардлагатай эмийн лавлах" хэвлэгдэн гарлаа

Орчин үед эм хэрэглээний практикт тулгарч буй тулгамдсан асуудлын нэг бол эмийн зохистой хэрэглээний тухай асуудал бөгөөд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, эмийн мэргэжилтнүүдийн эмийн талаарх мэдлэг нэн чухал юм. Иймээс зайлшгүй шаардлагатай эмийн зохистой хэрэглээний зарим асуудлыг тусгасан лавлахыг эмч, эм зүйч, эрүүл мэндийн шинжлэх ухааны их, дээд сургуулийн оюутнуудад зориулан 4 дэх удаагаа хэвлүүлэн гаргалаа.
Өмнө нь эмийн лавлахыг Зайлшгүй шаардлагатай эмийн III (1996), IV (2000), V (2005) жагсаалтын дагуу гаргасан бол энэ онд VI (2009) жагсаалтын дагуу ДЭМБ-ын жишиг лавлах (WHO Model Formulary 2008), Англи улсын үндэсний лавлах (British National Formulary 2009) болон ДЭМБ-аас практикт хэрэглэхийг зөвлөмж болгодог эмийн хэрэглээ төлөвшсөн зарим оронд баримталдаг лавлахуудыг жишиг болгон боловсруулан гаргаж байна. Уг лавлахад Монгол улсын эмийн үндэсний бодлого, эмийн бүртгэл, эмийн категорчилал, жор бичилт, эмийн гаж нөлөө ба түүнээс хэрхэн сэргийлэх, аливаа өвчний үед эмийг зөв сонгох, жирэмсэн ба хөхүүл үед эм хэрэглэхэд анхаарвал зохих зүйлс зэрэг эмийн хэрэглээтэй холбоотой үндсэн асуудлыг тусгасан байна. Эмийн бэлдмэлүүдийг Зайлшгүй шаардлагатай эмийн VI жагсаалтын ангилалын дагуу олон улсын нэршлээр толгойлж, өөр нэрс (худалдааны нэрс), эмийн үйлдэл, фармакокинетик, хэрэглэх заалт ба арга, цээрлэл болгоомжлол, гаж нөлөө, савлалт гэсэн бүтэцтэйгээр бичсэн нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болсон бөгөөд эмч, эмийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн шинжлэх ухааны их, дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Зайлшгүй шаардлагатай эмийн лавлахыг эмнэлэг, эрүүл мэндийн шинжлэх ухааны их, дээд сургууль зэрэг шаардлагатай байгууллагуудад үнэ төлбөргүй хувиарлан хүргүүлж, эмч мэргэжилтнүүд, оюутнуудад гарын авлага болгох юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment