Мянганы Сорилтын сангаас Эрүүл мэндийн судалгааны төсөл шалгаруулж тэтгэлэг олгоно

Ерөнхий зүйл:

Монголын Mянганы сорилтын сангийн (MMCC) Эрүүл мэндийн төсөл (ЭМТ) – Халдварт бус өвчин, осол гэмтлийн (ХБӨОГ) төсөл нь халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах замаар хүн амын дундаж наслалтыг уртасгах зорилготой билээ.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний өмөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээ үйлчилгээний олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, эмнэлгийн яаралтай тусламжийг сайжруулахад төслийн үндсэн үйл ажиллагаа чиглэж байна.

Түүнчлэн хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудыг хэрэгжүүлэх юм.

ММСС-гийн ЭМТ-ийн Тэтгэлгийн хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн уралдааныг судалгааны чиглэлээр зарлаж байна. Энэ удаагийн уралдаанд ЭМТ-ийн дээр дурьдсан үйл ажиллагааны чиглэлд нийцсэн судалгаа шинжилгээний ажлын төслүүдийг сонгон шалгаруулах болно.

Тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах төслийн чиглэлүүд:

Цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин өвчин, умайн хүзүүний болон хөхний өмөн, зам тээврийн осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйлс, эрүүл мэндийн мэдлэг боловсрол, хандлага, дадал, эрүүл мэндийг дэмжих ажлын байр, эрүүл аж төрөх зан үйлийн талаарх судалгаа, шинжилгээний ажил байна. Монгол улсад ХБӨОГ-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн, практик ач холбогдолтой, тоон болон чанарын судалгааны аргаар хийгдэх жижиг хэмжээний судалгааны төсөл байвал зохино.

Тэтгэлгийн хөтөлбөрийн хамрах хүрээ:

Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан судлаачид, улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, мэргэжлийн нийгэмлэг холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, үйлдвэр, аж ахуйн газрууд, сум, аймаг, дүүрэг, хотын захиргааны байгууллагууд хамрагдах боломжтой.

Судалгааны тэтгэлгийн хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүн:

1. Шийдвэр гаргагч, хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд ХБӨОГ-ээс сэргийлэх, хянахад шаардлагатай түргэвчилсэн, ач холбогдолтой мэдээллийг бий болгох;
2. ХБӨОГ-ийн сэргийлэлт, хяналтад нөлөөлөхүйц дүгнэлт шинжилгээтэй, шийдэх арга замыг санал болгосон байх.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

Судалгааны төслийн төрөл, үйл ажиллагаанаас хамааран 1,000-20,000 америк долларын тэтгэлэг олгоно. Судалгааг 1-2 жилд багтаан гүйцэтгэхээр байвал зохино.

Төсөл санаачлагчдад тавих шаардлага:

• Судалгааны төсөл санаачлагч болон удирдагч нь ижил төстэй судалгаа хийж байсан туршлагатай байх;
• Төслийг санаачлагчид тухайн төслийг хэрэгжүүлэх чадавхитайгаа нотлох.

Төсөлд тавигдах шаардлага:

• ММСС-гийн ЭМТ-ийн үйл ажиллагаа, зорилго зорилтын хүрээнд байх;
• Төсөл нь төслийн өргөдөл гаргах зааварчилгаанд тавигдсан шаардлагуудыг хангасан байх;
• Судалгааны ажлын арга, аргачлал, хүлээгдэж буй үр дүн тодорхой, мэргэжлийн түвшинд бичигдсэн байх;
• ММСС-гийн ЭМТ-өөс авсан өмнөх төслийг хэрэгжүүлж дууссан байх.

Төслийн санал ирүүлэх:

• Төслийг www.mca.mn болон www.moh.mn вэб хуудсанд тавигдсан өргөдөл гаргах зааварчилгааны дагуу монгол хэлээр бичиж (англи хэлээр байвал сайн) ирүүлнэ үү.
• Хувь хүн болон байгууллага хэд хэдэн төслийн санал ирүүлж болно.
• Төсөл болон түүний дагалдах материалуудыг нэг дугтуйд хийж багц болгон эргэн холбоо барих тодорхой хаяг, утас, и-мэйлийн хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Хэрэв олон төсөл өргөн барьж байгаа бол төсөл тус бүрийг нэг багц болгосон байвал зохино.
• Төслийн эх хувийг дагалдах баримт бичгийн хамт, зөвхөн төслийн хуулбар 5 хувь болон электрон хувийг тус тус 2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

Тэтгэлгийн хөтөлбөр,

EPOS Health Management – ийн Төлөөлөгчийн газар
“Тэнгэрийн цаг” Төв, А Корпусын 2 дугаар давхар

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас: 11 317601, И-мэйл: round2grants@ncdi-epos.mn

Тэтгэлгийн хөтөлбөрийн талаар нэмэлт мэдээлэл, зөвлөлгөөг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 15 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд (Чойжин ламын сүм музейн баруун талд) өгнө.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment