"Илжиг" хэмээх Төмөр туулай жилийн сар шиний зурлага


Монголын одон зурхайн тоолол ба “Илжиг” хэмээх Төмөр Туулай жилийн өнгө, нуруу: Жаран жилдээ ганцхан удаа давтагдах “Илжиг” хэмээх төмөр туулай жилд өвс ногоо, тариа, төмс сайн гарах боловч хулгана, царцаа тэргүүтэн хортноор нэрмэгдэх гэм буйг анхаарууштай.

Жилийн эзэн одны үр нь: Бархасвадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь хур усан арвин бууж, төрийн өндөрлөгийн хүчин арвидаж, үр тариа дэлгэрч улс орон амгалантай байхыг эрхшээнэ.
Жилийн эзэн гарагийн үр нь: Өргөл, өглөг хоёр арвижюу. Ном төгөлдөртнүүд алдрыг олюу. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижюу. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй.
Жилийн хаан гарагийн үр нь: Хур буун, эмийн шим төгөлдөржнө. Ус мөрөн арвижна. Ой цэцэрлэг, үр жимс дэлгэрнэ. Үхэр малын сүү арвижна. Залуус жаргалантай болж, наадан бүжмүй. Төрийн түшээд, сайд ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ.
Жилийн түшмэл гарагийн үр нь: Жилийн эзэн гараг лугаа ижил үр хаялгыг үзүүлмүй.
Энэ жилийн хувьд наран Мэлхий, Охин, Хумх, Загасны ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Хамтатгах, Арслан, Жинлүүр, Хилэнцийн ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хонь, Үхэр, Нум, Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.

“Шороон үхэр”, түүний үр хаялга
 
Энэ жилийн “Шороон үхэр” нь цагаан толгойтой, ногоон ходоодтой, ногоон биетэй, цагаан эвэр, сүүл, чихтэй, ногоон омруутай, ногоон дөрвөн шийртэй, амаа хамхин, сүүлээ шарван явж байна. Энэ жилийн үхэр хариулаач нь цагаан хувцастай, улаан бүстэй, ногоон царайтай, үс нь хоёр чихний араар хийссэн, баруун гутлаа өмсч, зүүн гутлаа баруун талдаа зүүсэн олсон шилбүүртэй өвгөн хүмүүн үхрийнхээ зүүн талд явж байна. 

“Шороон үхэр”-ийн үр хаялга нь:
Хаврын улирал цастай ихтэй улирал бүрийн эхээр шамрагалах, мөндөр цохих магадлалтай. Жилийн турш өвс ногоо, сайтай боловч өчүүхэн төдий хийн өвчин гарах нигууртай тул хирээс хэтэрсэнд шунан тачаахыг тэвчүүштэй. Зуны дундуур халуун ихэдэх тул гал түймрээс сэргэмжлүүштэй. Эхнэр хүмүүнд ээлтэй жил болно. Өвгөд, хөгшид амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах ширүүвэтэр байх нигууртай. Салхи, мөндөр зэргээс сэргэмжлүүштэй. Хааны хатуу цааз буух нмгууртай тул явдал, мөрөө анхаарваас зохилтой.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. 

Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.  Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.
Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.
Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.
Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.
Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.

Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ. 

Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.

1. Эр. 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрөгсөд, Эм. 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрөгссөд галд суусан тул шинийн нэгний өглөө мөр, зүгээ гаргахдаа гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй.

Энэ жилд анхаарах зүйл гэвэл улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.


2. Эр. 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 202, 2010 онд төрөгсөд, Эм. 19212, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000 онд төрөгсөд энэ жил шороонд суусан тул баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай.

Анхаарах зүйл: Энэ жилд эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авч болохгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэж болохгүй. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжтэй бай. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

3. 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онд төрсөн эрчүүд, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онд төрсөн эмэгтэйчүүд төмөрт суусан бөгөөд гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь.

Анхаарах зүйл: Энэ жилд чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганы нь махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулаас болгоомжил. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил, Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр сэрэмжтэй бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.

4. 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 онд төрсөн эрчүүд, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онд төрсөн эмэгтэйчүүд огторгуйд суусан бөгөөд зүүн хойд зүгт мөрөө гаргаж “Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий.

Анхаарах зүйл: Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, хуучин гэр сэлбэх таатай биш. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

5. 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрсөн эрчүүд, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрсөн эмэгтэйчүүд усанд суусан бол зүүн зүгт жилийн хар нохойн ам байрлах тул зүүн урд зүгт гэрээсээ гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга.

Анхаарах зүйл: Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

6. 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эрчүүд, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004 онд төрсөн эмэгтэйчүүд ууланд суусан бөгөөд “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ.

Анхаарах зүйл: Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр сэрэмтэй бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчин тусч болзошгүй тул анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

7. 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эрчүүд, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эмэгтэйчүүд модонд суусан бөгөөд гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ.

Анхаарах зүйл: Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Шинэ бүс авах, ангийн үс бүү ав. Элэг, цөс, гэдэс дотрын өвчин тусч болзошгүй тул сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

8. 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004 онд төрсөн эрчүүд, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эмэгтэйчүүд хийд суусан тул гэрээсээ урд зүгт гарч “Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий.

Анхаарах зүйл гэвэл: Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах идэхийг цээрлэ. Галзуурсан адгууснаас болгоомжил. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин тусч болзошгүй тул сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

 Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

1 comment: