“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн
тамирыг дэмжих жил”-ийн нээлтэнд зориулан Спортын төв ордонд зохион
байгуулсан арга хэмжээг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл
мэндийн сайд С.Ламбаа албан ёсоор нээж, нийтийн биеийн тамирыг бодлогоор
дэмжээд зогсохгүй манлайлан оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол Улсын
Ерөнхий сайд С.Батболд үг хэлж, тамирчиддаа амжилт хүссэн юм.
Ийнхүү
нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр эхэлж, төрийн далбаагаа өргөхөд
сагсан бөмбөгөөр авхаалж самбаа, хурд
хүчээ сорихоор бэлтгэлээ хангаж, Спортын ордны дэвжээнээ жигдрэн засгийн
газрын гишүүд, улсын их хурлын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн
дарга нар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын бүрэлдхүүнтэй дөрвөн
багийн тамирчид төрийн дууллаа үзэгчдийн хамт дуулж хүндэтгэлээ
илэрхийллээ.
Нээлтийн арга хэмжээнд бүжгийн спортын
дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн тэмцээний шилдэг аравт
шалгарсан “Star” бүжгийн хамтлаг бүжгийн цомгоороо, “Чингис хаан”
хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаараа
мэндчилгээ дэвшүүлэв.
Тэмцээний
эхний тоглолт эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, яамдын төрийн
нарийн бичгийн дарга нарын багийн хооронд болж, эрүүл мэндийн
удирдлагуудын багийг ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат ахалж, Клиникийн нэгдсэн
II эмнэлгийн дарга Г.Баясгалан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Цус сэлбэлт
судлалын үндэсний төвийн дарга Д.Улаанхүү, ЭМЯ-ны СХОГ-ын орлогч дарга
Д.Отгонбаатар, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат,
1-р амаржих газрын дарга Д.Энхбаяр, ЗГХА-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар
багийг бүрдүүлжээ. Өрсөлдөгч болох яамдын төрийн нарийн бичгийн дарга
нарын багт ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, СЯ-ны ТНБД Д.Баттөр, ЭБЭХЯ-ны
ТНБД Д.Хүрэлбаатар,ГХЯ-ны ТХБД Д.Цогтбаатар, ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан,
ЭМЯ-ны ТНБД Н.Хүрэлбаатар нар тоглосон юм. Тоглолтын талаар Монголын
мэдээ сонинд бичихдээ, өрсөлдөөн ихтэй энэ тоглолт дээр шилдэг шидэлт,
хамгаалалт, довтлолтыг аль аль багийн тамирчид үзүүлж байв. Түүнчлэн
үзэгчдийн дунд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын баг жижигхэн
биетэй хэр нь хурд хүч сайтай юм гэх шуугиан дэгдсэн юм. Харин яамдын
Төрийн нарийн бичгийн дарга нарыг өндөр биерхүү, хурдтай юм гэцгээж
байлаа. Тоглолтын хугацаа дуусахад 01.50 секунд дутуу байхад Эрүүл
мэндийн байгууллагын удирдлагуудын багийн тоглогч Мянганы сорилтын
сангийн Эрүүл мэндийн төслийн гүйцэтгэх захирал Мөнхбат гурван онооны
шидэлт хийж, онооны харьцааг 24-12 болгож, яамдын Төрийн нарийн бичгийн
дарга нарын багийг төвөггүйхэн хожлоо хэмээн онцолжээ.
Сонинд
цааш нь тэмцээний талаар, дараагийн тоглолтод УИХ-ын гишүүдийн баг,
эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын багтай учраа таарлаа. УИХ-ын
гишүүдийн багийг УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, Л.Гүндалай,
Д.Бямбацогт, Д.Очирбат, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил нар бүрдүүлжээ.
Тоглолт эхэлж, бөмбөгийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай тоглолтод оруулж,
эхний хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн багтаа оноо авлаа. Мөн
тоглолтын эхний гурван минутад Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын
багийн тоглогч ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат
хоёр онооны шидэлт хийж, онооны харьцааг тэнцүүллээ. Ийнхүү өрсөлдөөн
ширүүсч байх зуур УИХ-ын гишүүдийн баг завсарлага авч, тактикаа
боловсрууллаа. Завсарлага дуусахад УИХ-ын гишүүн Д.Бямбацогт бөмбөгийг
тоглолтод оруулж, Д.Очирбат гишүүн тооны харьцааг хоёроор нэмэгдүүлэв.
Ийнхүү тоглолт ширүүн өрсөлдөөнөөр үргэлжилсээр. тоглолтын эхний үе
дуусахад УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын гутлын үдээс тайлагдаж,
багагүй сандаргав. Тоглолтын II үе эхэлж, тоглолт өрсөлдөөн дүүрэн
өрнөлөө. УИХ-ын гишүүн Л.Гүндалай алсын зайн шидэлт, амжилттай булталтыг
ар араас нь хийсэн ч гоол оруулж чадсангүй. Харин хувийн алдаа гаргаж,
Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын багт боломж олгон, чөлөөт
шидэлт хийлгэж орхилоо. Тоглолтын үеэр хөгжилтэй, бас уур хүрмээр ч
агшин тамирчдад их байсан юм. УИХ-ын гишүүн Л.Гүндалай нэлээд сүсэг
бишрэлтэй бололтой хоёр гараа хавсран залбирч байгаад л бөмбөгөө шидэх
юм. Даанч бөмбөг орсонгүй. Ийнхүү ширүүхэн өрсөлдсөн хоёр багийн тоглолт
өндөрлөхөд 23 оноогоор Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын баг
хожлоо авлаа. Тоглолт үргэлжилсээр, Засгийн газрын баг, яамдын Төрийн
нарийн бичгийн дарга нарын багтай тоглохоор бэлтгэлээ хангаж эхэллээ. Засгийн
газрын багт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд
Х.Баттулга, ЭМ-ийн сайд С.Ламбаа, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ГХ-ны сайд
Г.Занданшатар нар тоглолоо. Тоглолт эхлээд гурван минут өнгөрөх агшинд
яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын баг эхний хоёр оноог авлаа.
Өрсөлдөгч баг оноо авсан даруйд Засгийн газрын багийн тоглогч Ерөнхий
сайд С.Батболд гурван онооны шидэлтийг амжилттай хийж, тэмцээнийг
тэргүүлж эхэллээ. Ид ширүүн тоглолт явагдаж байх зуур яамдын Төрийн
нарийн бичгийн дарга нарын багийн тамирчин ГХЯ-ны ТХБД Д.Цогтбаатар
Засгийн газрын багийн тоглогч Ерөнхий сайд С.Батболдыг дэгээдэж, хувийн
алдаа гарган багагүй сандарлаа. Засгийн газрын багийн тамирчид мөчөөгөө
өгөлгүй өрсөлдөж байсан ч ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын хувийн алдаа тав
болж, тэмцээнээс хасагдан оронд нь ЭМ-ийн сайд С.Ламбаа орж ирлээ.
Ийнхүү тоглолт ширүүхэн өрнөсөөр 14-12-ын харьцаатайгаар Засгийн газрын
баг хожил авлаа. Сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөхөд Монгол Улсын
Ерөнхий сайд С.Батболд ахлагчтай Засгийн газрын баг түрүүлж, УИХ-ын
гишүүдийн баг, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын баг удааллаа.
Харин өнгөрсөн жилийн түрүүг авч байсан яамдын Төрийн нарийн бичгийн
дарга нарын баг энэ удаа өнжсөн юм.“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээний дараагийн тэмцээн паурлифтингийн хэвтээ шахалтын 50, 70, 90 килограммын жинд тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээнд Увс аймгийн ЭМГ-ын дарга Д.Доржготов, УКТЭ-ийн дарга Д.Бямбадорж, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар өрсөлдөхөөр боллоо. Тэмцээнийг хэвтээ шахалтын тэмцээний ерөнхий шүүгч, Бодибилдингийн Ази тивийн хошой аварга, Монголын дөрвөн удаагийн мисс, ОУ-ын А зэрэглэлийн шүүгч Сарангуа, Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны шүүгч, паурлифтингийн улсын таван удаагийн аварга, Монголын хүчтэнүүдийн тэмцээний үнэмлэхүй аварга Д.Баттулга, Монголын мистер, ОУХ-ний мастер Д.Золбаяр нар шүүн явуулсан юм. 50, 70 килограммын туухайг тамирчид төвөггүйхэн шахаж, УИХ-ын гишүүн Л.Гүндалай “50 килограмм чинь 5 болчихсон юм уу” хэмээн хошигнов. Харин ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 10 удаа өргөж, бусаддаа гайхуулав. 90 килограммын туухайг шахах болоход Увс аймгийн ЭМГ-ын дарга Д.Доржготов, УКТЭ-ийн дарга Д.Бямбадорж нэрээ татаж, бусад тамирчид ид хаваа гайхуулав. Үүний дараа 100-гаас дээш килограммын туухайг шахах тамирчид захиалгаа өгөхөд УИХ-ын гишүүн Л.Гүндалай 105, ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ 100, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр 110, МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар 115 килограммыг захиаллаа. Захиалсан туухайнуудаа шахах болоход ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ 100, УИХ-ын гишүүн Л.Гүндалайн 105 килограммын шахалт амжилтгүй болов. Дараагийн үе эхэлж, дахин захиалга өгөхөд УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр 120, МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар 125 килограммыг захиалж, амжилттай гүйцэтгэлээ. Харин жин ахиулах тэмцээнд УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр 125, МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нар 135 килограммыг захиалсан ч УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр, МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх нарын шахалт амжилтгүй болов. Сүүлийн шатанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга үлдэж 140, 145, 150 килограммыг захиалж, амжилттай гүйцэтгэж, аваргын алтан медалийг хүртлээ. Удаах байруудад МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр нар шалгарлаа. Мөн энэ үеэр гурван онооны шидэлтийн тэмцээн болж, тэмцээнд Засгийн газрын багаас ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Ерөнхий сайд С.Батболд, ГХ-ны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн багаас Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Л.Гүндалай нар өрсөлдөхөөр болов. Харин Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын багаас ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЗГХА-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын багаас ЗТБХБЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, СЯ-ны ТНБД Д.Баттөр, ЭМЯ-ны ТНБД Н.Хүрэлбаатар нар гурван онооны шидэлтийг гүйцэтгэхээр болов. Тус тэмцээнээс ГХ-ны сайд Г.Занданшатар, СЯ-ны ТНБД Д.Баттөр, ЗГХА-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар онооны илүүгээр шалгарч, дахин шидэлт гүйцэтгэж, ЗГХА-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар аваргын алтан медалийг хүртсэн бол удаах байрт ГХ-ны сайд Г.Занданшатар, СЯ-ны ТНБД Д.Баттөр нар шалгарлаа.
Дээрх тэмцээнүүдийн шагналыг Монгол
Улсын Ерөнхий сайд С.Батболд, ЭМ-ийн сайд С.Ламбаа, ЭМ-ийн дэд сайд
Ж.Цолмон, ЭМЯ-ны ТНБД Н.Хүрэлбаатар нар гардууллаа. Ийнхүү “Нийгмийн
эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээ
ёслол төгөлдөр болж өндөрлөлөө хэмээн тус сонины сурвалжлагч бичсэнийг
товчлон хүргэлээ.
No comments:
Post a Comment