НҮБ-ын ДОХ-ын асуудлаархи дээд хэмжээний чуулганд

 ИЛГЭЭЛТ

БИ УЛС ОРНЫХОО ИРЭЭДҮЙГ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ТӨРСӨН НЭГ Ч ХҮҮХЭДГҮЙ, БАТАЛГААГҮЙ ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДАМЖСАН ХАЛДВАРЫН НЭГ Ч ТОХИОЛДОЛГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ БАЙНА. 

Миний бие эрүүл мэндийн мэргэжилтэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлийг манлайлан үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг боловсронгуй болгох зорилгоор ХДХВ, ДОХ-ын асуудлаархи үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Энэ чуулган 6-р сарын 8-10 ны өдрүүдэд дэлхийн улс орнуудын удирдагчид болон эрүүл мэндийн сайд нар оролцсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ, ДОХ-ын асуудлаархи Дээд хэмжээний Чуулганы өмнө болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ, ДОХ-ын асуудлаархи Дээд хэмжээний Чуулган дэлхий нийтээр ХДХВ-ийн халдвараас сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орнууд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах, ирээдүйд хийх ажлаа хамтран төлөвлөх онцгой боломжийг бидэнд олгож байна. Энэ бол дэлхий нийтийг хамарсан халдварын тархалтыг зогсоохын төлөө дэлхий нийтээрээ нэгдэж байгаагийн илэрхийлэл гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
Одоогоос 30 жилийн өмнө 1981 оны 6-р сард АНУ-ын эрдэмтэд дархлалын тогтолцоог гэмтээдэг эмгэгийн анхны тохиолдлыг тогтоосон бөгөөд хожим нь Дархлалын олдмол хомсдол хэмээн тодорхойлсон билээ. 10 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ, ДОХ-ын асуудлаархи тусгай чуулганы хуралдааны үеэр дэлхийн удирдагчид ДОХ-ыг “дэлхийн онцгой нөхцөл байдал” хэмээн зарлан тунхаглаад энэхүү халдварын эсрэг нэн даруй нэгдсэн зохицуулалт бүхий тогтвортой арга хэмжээ авахыг уриалсан юм. Энэхүү уриалга халдварын тархалтыг бууруулах, дэлхий дахинд ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зохих үр дүн өгч байна.
2003 онд амьдрал уртасгагч ретровирусийн эсрэг эмчилгээнд 400 мянган хүн хамрагдаж байсан бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдсанаар 2010 оны эцсийн байдлаар энэ эмчилгээнд бага болон дундаж орлоготой орнуудын 6 сая орчим хүн хамрагдсан байна. Энэ бол амжилт. Бас сүүлийн 10 жилд ХДХВ-ийн халдварт шинээр өртсөн хүмүүсийн тоо 20 хувиар буурсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Гэсэн хэдий ч эдгээр ололт амжилт нь тогтворгүй байх магадлал өндөртэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурьдсан байна. Үүнтэй бид санал нэг байна. Яагаад гэвэл ХДХВ-ийн халдварын тархалт нь авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүү хурдацтайгаар өсч, эмчилгээ эхэлсэн нэг хүн тутамд халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаар нотлогдож байгаа юм. Бидний үзэж байгаагаар ХДХВ, ДОХ-ын эсрэг арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэхгүй, зогсонги байдалтай, манлайлал болон хариуцлагын тогтолцоо тайлагналт ч хангалтгүй хэвээр байна.
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээний явцыг эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхий нийтэд хандан 2015 он хүртэл 6 зорилтыг хэрэгжүүлэхийг уриалж хүрэх зорилтуудыг Нью Йорк хотноо болох гэж байгаа ХДХВ, ДОХ-ын асуудлаархи энэ удаагийн чуулганаар хэлэлцэж батлахыг санал болгосон юм. Эдгээр зорилтуудад ХДХВ-ийн халдварыг бэлгийн замаар дамжихыг 50 хувиар бууруулах, хар тамхи мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэсний улмаас ХДХВ-ийн халдварт шинээр өртөхөөс сэргийлэх, ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамрагдагсадын тоог 13 саяд хүргэж нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх талаар олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Цаашид ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч манлайлан ажиллах чин эрмэлзэлтэй байна. Манай улс ХДХВ-ийн халдварын бага тархалтын түвшингээ тогтоон барихад оролцогч олон талууд, ялангуяа ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн хамтарсан хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гэвч бид эдгээр ололтуудад сэтгэл тайвшрах бус байгууллага, хамт олон, иргэн бүр энэ халдварын эсрэг тэмцэж нэгдэн ажилладаг сэтгэл зүйг нийгэмд төлөвшүүлэхийн төлөө улам идэвхитэй ажиллах шаардлагатай байна.
Монгол улс ХДХВ, ДОХ-ын бага тархалттай орон байх боломжтой боловч сүүлийн 6 жилд бүртгэгдсэн тохиолдол 17 дахин өссөн үзүүлэлттэй байна. Монгол улсын хүн амд залуучуудын эзлэх хувь өндөр, гадаад, дотоод шилжилт хөдөлгөөн тасралтгүй нэмэгдэж байна. Мөн дэлхийн улс орнуудад халдварын тархалт нэмэгдэхийн хамт, ХДХВ-ийн халдвартай холбоотой ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол байсаар байгаа зэрэг хүчин зүйлүүдийн улмаас ХДХВ-ийн халдвар тархах эрсдэлийг бий болгосоор байна.
Эрүүл мэндийн сайдын хувьд ДОХ-ын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлж эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүх нийтийн анхаарлыг хандуулж, бодит үр дүнд хүргэхийн төлөө шийдвэр төгс ажиллах болно.
Манай улсад БЗДХ-ын тархалт өндөр байгаа нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл их байгааг харуулж байгаа юм. Хэрэв бид БЗДХ-ын тархалтыг зогсоож чадвал ХДХВ-ийн халдварын тархалтыг хянах боломж, нөхцөл сайжирна гэж үзэж байна. Би улс орныхоо ирээдүйг ХДХВ-ийн халдвартай төрсөн нэг ч хүүхэдгүй, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсний улмаас халдвар дамжсан нэг ч тохиолдолгүй байхын төлөө байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд ДОХ-ын эсрэг авч буй арга хэмжээ нь бодит үнэнтэй нүүр тулж байна гэдгийг онцлон тэмдэглээд хэрэгжүүлж буй арга хэмжээний хэлбэр далайцыг эрс өөрчлөх, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс дэвшүүлсэн халдварын шинэ тохиолдлыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх, ДОХ-ын улмаас нас баралтыг тэглэх хэтийн зорилгод хүрэхийн тулд зоригтой алхам хийхийг уриалсан. Энэ уриалгыг хүлээн авч Монгол Улс ДОХ-ыг хүн төрөлхтөний түүхэнд өнгөрсөн зүйл болгон үлдээж чадах дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэн, хувь нэмрээ оруулах болно гэдэгтээ итгэл төгс байна.

МОНГОЛ УЛСЫН УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХДХВ, ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА

/C. ЛАМБАА/

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment