Боловсролын байгууллагад тавигддаг шаардлагыг бүрэн хангасан сургууль

Булган аймгийн тамгын газрын дарга Д.Батчулуун ахлагчтай ажлын хэсэг 2011 оны 05 сард Буриад улсад туршлага судлаад ирсэн билээ. Айлчлал олон талаараа өндөр үр ашигтай болсны сацуу боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулснаараа онцлог үйл явдал болсон юм. Энэ талаар тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга: Г.Буянжаргалтай уулзсанаа та бүхэнд толилуулж байна.


-Манай аймаг Буриад улсын Кабанскийн райны Анагаах ухааны коллежид оюутан сургах талаар хамтран ажиллахаар болсон байгаа. Энэ ажил ямар хэмжээнд явж байна? 

-Булган аймгийн Засаг Даргын тамгын газар, ОХУ-ын Буриад улсын Кабанскийн районы Ангаах ухааны коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээний дагуу 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн оюутан сурагч элсүүлэн сургахаар болсон. Үүнд бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчаас сонгож 30 сурагчийг ОХУ-ын Буриад улсын Кабанскийн районы Анагаах ухааны коллежийн бага эмч, Сувилагч, Лабораторийн техникч-лаборант гэсэн мэргэжлээр дипломын боловсрол олгох ангид элсүүлнэ.

-Тус сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүд ямар шаардлага хангах ёстой вэ?

Суралцах сурагч нь заавал бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ерөнхий шалгалтыг биологи, Орос хэлээр өгсөн байх шаардлагатай. Суралцах хугацаа нь бага эмч 3 жил 10 сар, сувилагч 2жил 10сар, Лабораторийн техникч-лаборант 2жил 10сар байна. Ерөнхий онооны жагсаалт гарч хувиар сонгох үед аймгийн боловсрол соёлын газар дээр сурагчдыг бүртгэж сонгон шалгаруулалт хийнэ. Бүртгүүлэхдээ авч ирэх материалуудыг жич зарлана.

-Суралцагчийн сургалтын төлбөр мөн амьдрах байр зэрэг нь ямар үнэ ханштай байдаг юм бол?

Сургалтын төлбөр жилд 550$ буюу 3 жилд 1650доллар, 4 жилд 2200 доллар. Хэрвээ энэ сургуульд суралцах сонирхолтой тэгээд дээрх шаардлагуудыг хангасан хүүхэд сургалтын төлбөрөө 2011 оны 09 сарын 01-нд 3-4 жилээр бөөнд нь коллежид төлнө. Тус коллеж нь оюутаны дотуур байртай өрөөнүүд нь дотроо 00-той бөгөөд нэг өрөөнд 2 сурагч амьдардаг. Өөрсдөө хоол хийх өрөөтэй. Хоолны зардалаа оюутан өөрөө гаргах бөгөөд Монгол оюутануудын тооцоолсноор сард 1000-1500 рубль. Дотуур байрны төлбөр нь нэг жилийн 80 доллар юм билээ. Мөн коллежоо онц сайн төгсвөл Эрхүү хотын бусад их дээд сургуульд элсэн суралцах боломжтой.

-Булган сумын 11 жилийн 1 дүгээр сургууль дээр Кабансоийн районы Ангаах ухааны коллежийн бэлтгэл анги хичээлнэ гэж байсан?

 Суурь боловсрол эзэмшин 9 дүгээр анги төгссөн, 10 дугаар ангид элсэх сурагчдаас 35 хүүхдийг сонгож Булган сумын 11 жилийн 1 дүгээр сургуулийн дэргэд шинээр байгуулах Кабанскийн районы Анагаах ухааны коллежийн бэлтгэл ангид 2011-2012 оны хичээлийн жилд элсүүлэн 1 жил сургана. 

2012 оноос бага эмч, сувилагч, лаборантын техник гэсэн мэргэжлээр 2,3,4-р курстээ Кабанскийн районы Анагаах ухааны коллежид суралцана. Булган сумын 11 жилийн 1 дүгээр сургуулийн дэргэдэх Кабанскийн районы Анагаах ухааны коллежийн бэлтгэл ангид 1 жил суралцах сургалтын төлбөр нь 550 доллар, 11 жилийн 1 дүгээр сургууль дотуур байраар хангана. 2,3,4 дүгээр курсын сургалтын төлбөрийг бөөнд нь Коллежид төлнө. Ангаах ухааны коллежийн бэлтгэл анги нь сургалтын тусгай хөтөлбөрөөр сургалт хүмүүжлийн ажлаа явуулна.

- Гадаадад сурч байгаа оюутнууд амралтаараа нутагтаа ирэх зардлын хувьд нилээн хүнд байдаг. Кабанскийн район дахь Улаанбаатар хот хоёрын хоорондох унааны зардал үнэтэй ямар байдаг вэ?

Намар, өвлийн амралт болон хавар тарахад Улаанбаатар хотоос Улаан-Үд, Кабанскийн районы Анагаах ухааны коллеж хүртэл нийтийн тээврийн автобус үйлчилдэг бөгөөд зардал нь 65000 төгрөг байдаг юм байна лээ. Энэ унааны зардлаа сурагч өөрөө хариуцна.

- Зарим иргэд маань Анагаах ухааны коллежийн талаар мэдээлэлгүй байж болох юм. Та тус сургуулийн талаар товч танилцуулаач?

ОХУ, Буриад улсын ЭМЯамны  харъяа Байгалийн Анагаах ухааны коллеж нь ОХУ-ын нутаг дэвсгэрт Байгаль нуурын зүүн эрэг дагуу оршдог бөгөөд Кабанский районы Селенгинск хэмээх жижиг хотод, Буриадын нийслэл Улаан-Үдээс хойш 100км-т Байгаль нуураас 35 км-ийн зайтай эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн Байгалийн үзэсгэлэнт сайхан нутагт байрладаг. Тус коллеж нь 1964 онд байгуулагдсан Буриад улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулиудын нэг. 1964 оноос сувилагч, 1987 оноос бага эмч, 2007 оноос лабораторийн техник-лаборант мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх болсоор эдүгээ 47 дахь жилдээ ажиллаж байна. Анагаах ухааны коллеж нь 4 алба, 3 тэнхимтэй. Одоогийн байдлаар 500 гаруй оюутан сурдаг. Орос, Тува, Буриад, Монгол, Хятад болон бусад олон ястан үндэстний оюутнууд суралцдаг.

- Сургуулийн давуу тал болон материаллаг баазын талаар?

Материаллаг баазын хувьд боловсролын байгууллагад тавигддаг шаардлагыг бүрэн хангасан. Оюутны хүмүүжил төлөвшилд зохих үр дүнгээ өгөхүйц соёл, олон нийтийн ажлууд, мэргэжлийн болон спортын тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Оюутнуудын дадлага хийх түнш сургалтын бааз нь Буриад улсын томоохонд тооцогдох эмнэлгүүд байдаг. Төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг. Мөн монгол оюутнуудын сургалт, хүмүүжил, эрүүл мэндийг хариуцсан орчуулагч багштай. Тус коллеж нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Лекцийн болон зайны сургалтын, видео зөвлөлгөөний, сургалт семинарын заал кабинетууд, мультимедиа танхим, интернет, 2 лабортори, эмчилгээ оношлогооны танхимууд болон тохилог номын сантай. Мэргэжлийн хичээлийн кабинетуудыг сургалт, эмчилгээ үйлчилгээний чиглэлээр хослуулан шаардлагатай техник хэрэгслээр бүрэн тоноглож байгуулсан учраас оюутнуудын сурах идэвхи өндөр байдаг. Техник, технологийн дэвшилтэт интерактив, программ бүхий иж бүрэн эмнэл зүйн дуураймал орчны болон судасны оношлогооны кабинетуудтай юм.

- Энэ сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болох вэ?

Сургуулийн тухай мэдээллийг email: selenmed@yandex.ru8, web: www.sbmed.narod.ru сайтаас авч болно.
-          Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment