Лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулах, лабораториудын шинжилгээнд зөрүү гарах асуудлыг арилгахад ЭМЯ онцгой анхаарч байна

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам болон Япон улсын Сисмекс Корпорацийн хооронд Монгол Улсад лабораторын шинжилгээний чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол 2011 оны 7-р сарын 1 нд ЭМЯ дээр болов. Гэрээнд Эрүүл Мэндийн сайд С.Ламбаа, Сисмекс Корпорацийн дэд ерөнхийлөгч ноён М.Хаяаши нар гарын үсэг зурсан байна.
Сүүлийн жилүүдэд ЭМЯ-наас эмнэлгүүдийн лабораторийн шинжилгээний хариу өөр хоорондоо зөрчилдөх, улмаар оношын зөрүү гарах асуудлыг арилгахаар онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа юм. Лаборатори хоорондын зөрүү, лабораториудын шинжилгээний чанарын хяналт нь гадаад хяналтын системээр зохицуулагддаг. Энэ системийг Япон, Хятад, Тайланд, Филипин  зэрэг орнуудад нэвтрүүлж ажиллаж байгаа Японы Сисмекс компани нь Монгол улсад 2008 оноос цусны ерөнхий шинжилгээний чанарын хяналтын систем болон лавлагаа лабораторийг үнэ төлбөргүй байгуулж дэмжлэг үзүүлж ирсэн юм. Үүний үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд манай эмнэлгүүдийн цусны ерөнхий шинжилгээний чанар эрс сайжирсан нь 7 удаагийн чанарын хяналтын үр дүнгээр харагдаж байгаа аж. Энэ удаагийн “Хамтын ажиллагааны гэрээ”-гээр цусны ерөнхий шинжилгээнээс гадна цусны биохимийн шинжилгээний чанарын хяналтын системийг Сисмекс Корпорацийн үнэ төлбөргүй дэмжлэгтэйгээр Монгол улсад нэвтрүүлэх юм. Уг системийг Сисмекс Корпораци Япон улсдаа гэхэд 3000 гаруй эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Цаашид манай улсын эмнэлгүүд хоорондоо зөрөөгүй шинжилгээ хийдэг болох, мөн шинжилгээний чанар нь олон улсын түвшинд хүрэх гэсэн 2 том зорилтыг биелүүлэхэд Хамтын ажиллагааны ач холбогдол оршино гэж ЭМЯ-ны мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment