Хишиг-Өндөр сумын Сум дундын эмнэлэг, эмийн эргэлтийн санд хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүн

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын  2012 оны хамтын  ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хишиг-Өндөр сумын сум дундын эмнэлэг, эмийн эргэлтийн санд 2012 оны 05-р сарын 14, 15 өдрүүдэд хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар өгсөн улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг шалгах зорилгоор гүйцэтгэлийн шалгалтыг 7-р сарын 27 өдөр МХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах  байцаагч Д. Батпүрэв, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Х.Туул, Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ө.Энхмаа, эдийн засаг, удирдлага, мэдээллийн хэлтсийн дарга Ч.Баттуяа, статистик, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Урангаваа, халдварт өвчний  асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй хийлээ.
Гүйцэтгэлийн хяналтыг  МХЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар   хийв. Төлөвлөгөөт шалгалтаар 168 оноотой 38% дунд эрсдэлтэй шалгагдаж байсан бол гүйцэтгэлийн хяналтаар 77 оноотой 17,3% бага эрсдэлтэй болж эрсдэл буурсан байна.

Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу дараах ажлууд хийгджээ.

1.Чанарын албыг  Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулан ажиллуулж, чанарын албаны ажиллах журмыг өөрчлөн сайжруулж, тусламж үйлчилгээний чанарт дотоодын хяналт хийх график, төлөвлөгөө гаргаж улирлаар ажлаа төлөвлөн хяналтын ажлаа тогтмолжуулсан. Нас баралт, оношлогоо эмчилгээний алдаа, зөрчлийг бүртгэн хэлэлцэх, дүн шинжилгээ хийх ажил хийгдэж эхлээд байна.
 2. Эмнэлгийн мэргэжилтнүүд оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийн жагсаалтыг гаргаж мөрдөн ажиллаж байна.
3. Насанд хүрэгсдийн артерийн гипертензи, чихрийн шижин хэв шинж 2 өвчний илрүүлгийн үзлэгийг сумын хэмжээнд зохион байгуулан хийж байна.
4. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлыг тогтмолжууллаа.
5. Үйлчлүүлэгч болон ажиллагсдаас сэтгэл ханамжийн судалгаа авч гарсан санал, гомдлын дагуу зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг тооцон ажиллаж байна.
6.Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн судалгааг шинэчлэн гаргахад 103 эмэгтэй бүртгэгдсэн ба урьдчилан сэргийлэх үзлэгт 42 эмэгтэйг хамруулжээ.
7.Халдвар хяналтын баг хуралдаж жил, улирлын ажлын төлөвлөгөө гаргаж сургалт хийж, ажлаа эхэлсэн байна.
8. Жирэмсний хяналтыг 100% болгосон.
9. Эрүүл мэндийн ажилтнуудын гарын  халдваргүйтгэлд спиртэнд суурилсан халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэж хэвшээд байна.
10. Эрүүл мэндийн ажилтнуудын халдварын эрсдэлд өртсөн үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангаж, бүртгэл судалгааг гарган 2 удаа сургалт зохион байгуулжээ.
11. Эмийн жорыг их, бага эмч нар стандартын дагуу бичиж хэвшсэн.
12.Хог хаягдлыг ангилан цуглуулах шаардлага хангасан уут, техник үзүүлэлтийн шаардлага хангасан хогийн саваар бүрэн хангаж, хогийн саванд   био аюулгүйн тэмдэглэгээ хийсэн байна.

Өмнөх  шалгалтаар илэрсэн  зөрчлөөс:

Стандартад заасан  мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн их эмч дутагдалтай   байгаа, өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохирсон стандарт, удирдамжийн жагсаалтыг гарган баталгаажуулаагүй,  эмнэлгийн түвшинд хөтлөгдвөл зохих маягтуудаар хангагдсан боловч зарим эмнэлгийн мэргэжилтэн, багийн эмч нар маягтуудыг дутуу хөтөлсөн,  хөтлөөгүй байгаа, яаралтай тусламж үзүүлэх журмаа шаардлагын түвшинд шинэчлээгүй, цус цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, сэлбэх аюулгүй байдлыг хангаагүй, төрсний дараах эх нярайг 100% хянадаггүй, халдварт бус өвчний удирдамжийн дагуу  илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж байгаа боловч  мэдээ, тайланг хугацаанд нь өгөөгүй, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлээгүй зөрчлүүд арилаагүй байна. Хог хаягдлын байрыг барьж байгуулаагүй  нь хөрөнгө мөнгөтэй холбоотойгоос 3-р улиралд хийхээр төлөвлөжээ. Эмийн гаж нөлөөний мэдээллийг  бүртгэж, хэлэлцэж мэдээлэх талаар өгөгдсөн шаардлага биелэгдээгүй байна. Албан шаардлагын биелэлт 73,3%-тай байна. Шалгалтын ажлын хэсгээс биелэгдээгүй ажлуудыг 10-р сарын 1 дотор хийж гүйцэтгэн  хариу өгөхийг эмнэлгийн удирдлагад үүрэг болгон өглөө.   
 Эмийн эргэлтийн санд гүйцэтгэлийн хяналт хийхэд эмийн сангийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа усыг шинжилгээнд хамруулж, эмийн гаралтай хог хаягдлыг устгах журмаа шинэчлэн мөрдөж байна. Зөрчил бүрэн арилжээ.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН
УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ   Д. БАТПҮРЭВ







Print Friendly and PDF

No comments:

Post a Comment