Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийгдлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, эрсдлийн түвшинг тодорхойлох зорилгоор хяналт шалгалт хийлээ.

           Эмийн сан, Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд нь үйл явуулах тусгай зөвшөөрөлтэй. Эм хангамжийн байгууллагуудын 90.9% нь мэргэжлийн боловсон хүчинээр хангагдсан,  стандартын шаардлага хангасан байранд үйл ажиллагаа явуулж байна.  Нэгдсэн эмнэлгийн эмийн сан, “Булган эм хангамж” ХХК-ийн эмийн сан, Баяннуур сумын эмийн сангуудад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, Баяннуур сумын эмийн эргэлтийн сан, “Бодьбүрэг”,  “Мөнхийн рашаан тун” эмийн сангийн байр стандартын шаардлага хангахгүй байна. Эмийн сангуудад зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 60-85%-тай, нийгмийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттэй олгодог эмийн хангалт 80-85% -тай байв.
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2011 оны 29 дүгээр тушаалаар 18 эм хангамжийн байгууллагад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоор үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгосон ба эдгээр эмийн сангууд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг зориулалтын төмөр шүүгээнд хадгалж, зарцуулалтын бүртгэлийг батлагдсан маягтын дагуу өдөр тутам хөтөлж, тайлан, мэдээг улирал бүр холбогдох байгууллагуудад хүргүүлж  байна.
“Монос”, “Булган эм хангамж” ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагуудыг “Эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас-аар шалгахад 0.8-8.6% бага эрсдэлтэй, “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас-аар Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Тэшиг, Могод сумдын эмийн эргэлтийн сангууд, “Булган эм хангамж ХХК-ийн эмийн сан, “Оол” ХХК-ийн эмийн сан, “СОБЦ” ХХК эмийн сан, “Мөнхийн-Ундарга”, Мөнхийн рашаан тун, Хялганат тосгоны “Таван-од”, “Цахир Могод”, СХМ” ХХК-ийн  “Нарантуул”  эмийн сангууд 5.2-29% бага эрсдэлтэй, Баяннуур, Бугат сумын эмийн эргэлтийн сан  30.2-43.7% дунд эрсдэлтэй үнэлэгдэв.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал

             1. Жороор олгох эмийг жоргүй болон хүчингүй жороор олгосон, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанарын баталгаагүй эмээр үйлчилсэн зөрчил “Таван-Од”, “Нарантуул”, “Оол”, “Собц”, “Мөнхийн ундарга”, “Мөнхийн рашаан тун”, “Цахир Могод” эмийн сангууд, Бугат Баяннуур сумдын эмийн эргэлтийн санд буюу нийт эмийн сангийн 40%-д
             2. Эмийн санд эм, хэрэгслийг  хүлээн авахдаа хаяглалт, савлалтын бүрэн бүтэн байдал, чанарыг хянаж  баримтжуулдаггүй зөрчил Баяннуур, Дашинчилэн, Могод,  Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр сумдын эмийн эргэлтийн сангууд, “Эгийн хишиг” эмийн санд буюу нийт эмийн сангийн 40%-д
3. Зайлшгүй шаардлагатай эмийн тасалдлын бүртгэл, иргэдээс хүлээн авсан жорын бүртгэл, гаж нөлөөний бүртгэл, эмийн орлого, зарлагын бүртгэлүүд хөтөлдөггүй, эмийн санд хөтлөгдөх анхан шатны бүртгэлүүдийг зохих журмын дагуу архивлан хадгалаагүй зөрчил Баяннуур, Бугат, Хишиг-Өндөр сумдын эмийн эргэлтийн сан, “Нарантуул”, “Оол”, “Мөнхийн ундарга” эмийн сангуудад буюу нийт эмийн сангийн 34%-д
4. Баяннуур, Бугат Гурванбулаг, Рашаант, Сэлэнгэ, Хишиг-Өндөр сумдын эмийн эргэлтийн сангууд ЭМС-ын 2011 оны 297-р тушаалын дагуу орон нутгийн өмчид суурилсан аж ахуйн нэгж үүсгээгүй  
            5. Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158-р тушаалын дагуу эмийн гаралтай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, халдваргүйтгэх, устгах журмыг мөрдөж  ажилладаггүй зөрчил   эм хангамжийн байгууллагуудад нийтлэг илэрч байна.
            Зөрчил гарч буй шалтгаан нь улсын байцаагчийн албан шаардлагын мөрөөр тухайн үед зохих түвшинд хүргэсэн байдлаа хэвээр хадгалж чаддаггүй, эм хангамжийн байгууллагад ажиллаж байгаа эм зүйч, эм найруулагч нарын ажлын хариуцлага сул, хууль стандартын мэдлэг хангалтгүй, удирдлагын зүгээс тодорхой арга хэмжээ авдаггүй зэргээс голчлон  шалтгаалж  байна.
  Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал:

 Шалгалтанд хамрагдсан эмийн сангуудад 60 заалттай  12 албан шаардлага өгч, “СХМ” ХХК-ийн “Таван-Од” эмийн санд худалдаалж байсан 5 нэрийн,  чанарын баталгаагүй, хугацаа дууссан,  эм, эмнэлгийн хэрэгслийг хурааж, газар дээр нь устгуулан, эмийн сангийн эрхлэгчид 200,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авав.  Гурванбулаг сумын эмийн эргэлтийн санд эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй сувилагч ажиллуулдаг зөрчил дахин давтагдан гарсан тул тусгай зөвшөөрлийг цуцлуулж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов. Дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид албан шаардлага бичсэнээс 15 аж ахуйн нэгж хариу ирүүлсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж, стандартыг 20 хүнд сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
 
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment