Ш.Мягмаржав: Арьсны өвчнийг өнгөн талаас нь тос түрхэж, тариа хийгээд эдгээхгүй

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ш.Мягмаржавтай ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд харшлын шалтгаантай арьсны өвчин нэмэгдэж буй нь ямар шалтгаантай юм бол?
-Арьсны өвчлөл өмнөх XX зуунтай харьцуулбал 2-4 дахин нэмэгдсэн. Энэ бол зөвхөн хүн амын өвчлөл дунд хийсэн судалгаа. Энэ дундаа харшлын шалтгаантай арьсны эмгэгүүд эрс нэмэгдсэн. Мөн бие даасан арьсны өвчнүүд ихэсч байна.
Ер нь манайд оношлогддоггүй байсан өвчнүүд шинээр гарах хандлага бий. Энэ хугацаанд харшлын шалтгаантай арьсны өвчний гаралт мөн адил дөрөв дахин нэмэгдсэн. Үүнд нөлөөлдөг шалтгаан маш олон гэж би хувьдаа боддог. Хамгийн гол нь зах зээлийн нээлттэй эдийн засаг, даяаршил, олон улсын төрөл бүрийн бараа хэрэглэдэг болсон нь нөлөөлсөн байх. Өмнө нь бид хойд хөршийнхөө барааг ихэвчлэн хэрэглэдэг байлаа. Тэр үед харшил, арьсны өвчлөл тэр бүр гардаггүй байсан. Мөн агаарын бохирдол, тоосжилт, хоёрдогч хаягдал зэрэг нь харшилд нөлөөлж байна гэж би боддог. Ер нь харшил үүсэхэд чухам юу нөлөөлж байгаа талаар хийсэн судалгаа байдаггүй. Эдгээрээс гадна харшил нь тодорхой хэмжээгээр удамшдаг өвчин. Эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдүүдийн 50 хувь нь, хэрвээ хоёулаа харшилтай бол 75 хувь нь харшилтай хүүхэд төрөх магадлал бий. Харшлын шалтгаантай арьсны үрэвслийн хувьд нөлөөлж буй шалтгаануудаар эдгээрийг нэрлэж болно. Харин арьсны бие даасан өвчний хувьд хайрст үлд гэдэг өвчин сүүлийн үед ихэсч байна. Намайг 20 гаруй жилийн өмнө арьсны эмчээр ажиллаж байхад 2-5 насны хүүхэд хайрст үлд өвчнөөр өвчилж ирж байсныг мэдэхгүй юм. Туссан ч гэлээ ховор байлаа. Гэтэл өнөө үед бага насны хүүхэд энэ өвчнөөр өвчлөх нь элбэг болсонд эмзэглэж байна.

-Өвчилсөн малаас хүнд үлд халдварладаг гэдэг. Энэ үнэн үү?
-Энэ бол өөр зүйл. Хайрст үлдийг малаас хүнд халддаг өвчин гэж ойлгож болохгүй. Энэ бол халдварт өвчин биш. Тэр тусмаа малаас хүнд халдахгүй. Үүнийг арьсны өнгөн давхаргын эмзэгшлийн өвчин гэж ойлгох хэрэгтэй.
-Бага насны хүүхдийн дунд энэ өвчний тархалт өндөр байгаа нь ямар учиртай юм бэ?
-Үүний шалтгааныг мөн адил бүрэн гүйцэт судлаагүй. Ер нь хайрст үлд өвчин гэдэг нь өөрөө олон шалтгаантай. Мэдрэлийн тогтолцоо, хоол хүнс, удамшлаас хамааралтай. Тиймээс энэ өвчин бага насны хүүхдүүдийн дунд тархац өндөр байгаад анхаарал хандуулж ажиллаж эхэлсэн. Мөн арьсны халдварын шалтгаантай өвчин болох хамуу, мөөгөнцөрт өвчнүүдийн тархалт буурахгүй байна. Учиргүй ихэссэн гэж хэлэхгүй ч халдварын тархалт багасахгүй байгаа. Түүнчлэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд вирусийн шалтгаантай халдварт өвчнүүдийн тархалт нэмэгдсэн. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд вирусийн гаралтай үү, ургацаг, янз бүрийн малюсик, халдварт малайхай зэрэг өвчнүүд элбэгшсэн. Насанд хүрэгчдийн хувьд вирусийн шалтгаантай арьсны мэдрэлийн ширхгүүдийг гэмтээдэг өвчлөлүүд тодорхой хэмжээгээр ихэссэн. Өвчний тархалтын бүтцийг харахад ийм байна. Сүүлийн таван жилийн хугацаанд харшлын шалтгаантай арьсны эмгэгүүд ингэж эрс нэмэгдсэн нь өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.
-Харшил удамшдаг учир нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ өвчин хүндэрвэл нас баралтад хүргэх эрсдэлтэй юу?
-Арьсны өвчин хүндэрвэл үхэлд хүргэх аюултай. Тэр дундаа үхэлд хүргэдэг арьсны өвчин олон бий. Манай төвд арьсны өвчнөөр нас барах тохиолдлууд их байдаг. Үүний шалтгаан нь арьсны харшил, хордлого хүндэрсний улмаас ийм эмгэнэлтэй тохиолдлууд гарч байна. Ялангуяа эм болон хоол хүнсний хордлого зэргээс шалтгаалж нас баралтын хувь өндөр байгаа. Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд нас баралтын тоо харьцангуй багассан. Жилд 1-2 тохиолдол гардаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд гараагүй.
-Тэгэхээр үүнийг иргэд эрт оношлуулж, эмчлүүлдэг болсонтой холбоотой гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Иргэд эрүүл мэндээ анхаардаг болж. Дээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай болсонтой холбоотой.
-Бага насны хүүхдийн дунд арьс цайх өвчний тархалт их байгаа гэж сонссон. Энэ юунаас үүдэлтэй юм бэ?
-Зөвхөн хүүхэд биш насанд хүрэгчдийн дунд арьсны нөсөөжилт алдагдах эмгэг сүүлийн үед ихэсч байна. Арьс хэт нөсөөжих, эсвэл нөсөөгүй болох нь эрүүл мэнд, тэр дундаа гоо зүй талаасаа хор уршигтай. Энэ өвчин яагаад нэмэгдэж байгааг мөн адил нарийн судлаагүй. Гэхдээ шалтгааныг тогтоохын тулд холбогдох бүх шинжилгээг хийдэг. Гэхдээ эцсийн дүнд шалтгааныг тодорхойлж чадаагүй ч бодисын солилцоотой холбоотой гэдгийг нь баталсан. Аливаа өвчин нийгмээ дагаж өөрчлөгддөг. Үүний адил техник технологийн үсрэнгүй хөгжил, хүн амын зөв зохистой хооллолт нөлөөлж байх талтай гэж үзэн судалгаа хийж байгаа. Гэхдээ одоогоор ямар нэгэн үр дүн гараагүй.
-Манай улсын анагаах ухаан нас баралт ихтэй таван өвчинд түлхүү анхаарал хандуулж ажилладаг. Энэ нь нэг талаасаа сайшаалтай ч үүний цаана бусад өвчний талаархи судалгаа, шинжилгээ орхигддог юм шиг ажиглагддаг. Танай төвийн хувьд оношлогооны лабораторийн хүчин чадал хэр бол?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар эрүүл мэндийн салбарт хүн амын дунд нас баралтын тэргүүлэх өвчнийг судалж, нас баралтын хувийг бууруулах талын ажил хийх нь зөв. Үүний хажуугаар арьсны өвчний салбар тодорхой цаг үед гээгдэж, орхигдсон жилүүд байсан байх гэж би боддог. Гэхдээ улс орны хөгжлийг дагаад Засгийн газрын шинэчлэл, эрүүл мэндийн цогц бодлогын хүрээнд тухайн өвчнийг сууриас нь эхэлж эмчлэх зорилт тавин ажиллаж байна. Арьсны өвчний тархалт бага, зүрх судасны өвчний тархалт их учир үүнийг эмчилж, судална гэсэн ойлголт байхгүй. Тухайн салбарт ямар асуудал тулгарч, өөрчлөлт хийх шаардлагатай гэдгээр нь ажиллаж байна. Манай төвийн лабораторийн хувьд сайн техник технологитой. Оношлогоог бүрэн хийх чадвартай.
-Гэхдээ арьс бол дотор эрхтэний толь гэдэг. Жишээ нь элэгний өвчлөлөөс үүдэж, арьсан дээр туурсан тууралтыг харшил гэж буруу эмчлэх тохиолдол их бий. Үүнийгээ дагаад тухайн суурь өвчин хүндэрч хорт хавдар болж даамжрах эрсдэл их байдаг. Үүн шиг буруу оношлогоо нь нас баралтын шалтгаан бүхий өвчний суурь тавигдах эхлэл болж байна уу гэдэг хардлага байдаг? 
-Ер нь хүний эд эрхтэнийг салгаж үзэж болохгүй. Заавал хоорондоо уялдаа холбоотой байдаг. Хүний биеийн эд эрхтэн гэдэг нэг цул зүйл. Тусдаа өөр өөрийн үүрэгтэй эд эрхтэнүүд бий. Хүний биеийн эд эрхтэнүүдээс аль нь их өвчлөлд өртөж байна гэдгийг судлах нь анагаах ухааны өөрийнх нь үүрэг. Гэхдээ арьс бол ялгаагүй хүний эд эрхтэн. Зүгээр л хүний биеийн хучиж байгаа нэг даавуу биш. Эрхтэн эрхтэндээ хүний хамгийн том эрхтэн. Энэ утгаараа хүний биед явагддаг бүх үйл ажиллагаа арьсан дотор мөн адил явж байдаг. Арьс амьсгалдаг, хооллодог, дулааныг ялгаруулж, цацруулдаг. Түүн дотор биохимийн үйл ажиллагаа явагддаг гээд тоочвол барагдахгүй их. Энэ утгаараа арьсыг дотор эрхтэний толь гэж үздэг. Ялангуяа дотор эрхтэн, хоол боловсруулах, бодисын солилцоо, дотоод шүүрэл, ялгаруулах замын эрхтэн систем зэрэг нь хэвийн явагдаж байж арьс эрүүл толигор, ямар нэгэн нөсөөгүй, үү ургацаггүй байдаг. Арьсны өвчнийг өнгөн талаас нь тос түрхэж, тариа хийгээд эдгэхгүй. Цаана нь заавал нэг эрхтэн системийн согог байдаг. Тиймээс арьсны өвчнийг эмчлэхийн тулд манайх бүх талын шинжилгээг хийдэг. Үүнийг оношлох лаборатори манайд байдаг. Энэ дагуу элэг, цөс, зүрхийг нь бүрэн оношилж, эмчлэх зорилготой. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд технологийн шинэчлэлийг манай төв дээр хийсэн. Үүний үр дүнд гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бага боловч сааруулсан гэж үздэг юм. Гадаад руу шарлага хийлгэх гэж явуулсан тохиолдол дээхнэ үед их байлаа.
-Тэгэхээр танай төв ямар ч арьсны өвчин, харшлыг бүрэн оношлох боломжтой гэж ойлгож болох уу?
-Бүрэн боломжтой. Манай төв дээр харшлын төв лаборатори байна. Улсын хэмжээнд ургамлын тоос, малын үс ноос зэргээр оношлогоо хийдэг цорын ганц лаборатори. Нэг ёсондоо харшил үүсгэх боломжтой бүх зүйлийг судалдаг гэсэн үг. Үүнээс гадна хөгжилтэй орнуудын харшлыг оношилдог сорилын оношлогоонуудыг манайх авч хэрэглэдэг. Ер нь боломжийн хэрээр дэлхийн анагаах ухааны төвшинд хүрэхээр зорьж байна.

-Тухайн өвчнийг зөв оношилж байгаа нь нэг талаасаа сайшаалтай. Гэхдээ түүний учир шалтгааныг тодорхойлно гэдэг хамгийн чухал. Харшлын учир шалтгааныг бүрэн оношилж чадахгүй, дэр дундаа энэ талын судалгаа хийдэггүй нь учир дутагдалтай юм шиг. Учир шалтгааныг нь бүрэн тогтоож байж түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой байх?

 -Харшлын шалтгаант арьсны өвчлөл сүүлийн хэдэн жил тэргүүлэх өвчний тоонд байна гэж би хэлсэн. Тиймээс үүний шалтгааныг олж тогтоохын тулд 2008-2010 онд Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлсэн. Монгол оронд тархсан харшлын шалтгаант арьсны өвчнүүдийн тархалт, учир шалтгааныг судлах суурь судалгааг өөрсдийн нөөц боломжоороо хийсэн нь энэ. Үүнд Монгол Улсын нийт хүн амын 10 хувийг хамруулсан юм. Энэ судалгаанаас үзэхэд харшил үүсгэх шалтгаан насны хамааралтай болох нь илэрсэн. Бага насны хүүхдэд гэхэд сүү сүүн бүтээгдэхүүн, чихэр шоколад зэргээс зонхилж харшил өгч байх жишээтэй. Гэтэл томчуудын хувьд ахуйн хэрэглээний зүйлс буюу хиам, өндөг, архи, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нь харшилсан байдаг. Бид энэ судалгаагаа ирэх дөрвөн жилийн хугацаанд лавшруулан судалж, цөм хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой.

-Хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс харшилсан гэх мэдээлэл байдаг уу?

-Бид зөвхөн харшлын тархалтын судалгаа хийсэн. Тиймээс яг ийм хүнсний бүтээгдэхүүн гээд барьж судалгаа хийгээгүй. Харин өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс харшлах тохиолдол их байна. Самрын төрөл, дээр хэлсэн өндөр, хиам, даршилсан бүтээгдэхүүн зэргээс харшил өгсөн тохиолдлууд их бий. Монголчуудын уламжлалт хооллолтын горим алдагдсанаас болж ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдсан. Үүнийг дагаад арьсны өвчлөл даамжрах талтай нь бас ажиглагддаг юм.

-Харшил эдгэдэг өвчин мөн үү?

-Эмчлүүлэгчийн уйгагүй хөдөлмөрөөс шалтгаалдаг. Тухайн хүн юунаас харшилж байгаагаа мэдэж байгаа бол эдгэх боломжтой. Жишээлбэл цитрамоноос харшилдаг хүн байдаг. Харшил өгөхөөр нь эмчилгээ хийдэг. Гэтэл эдгэрсний дараа толгой нь өвдөхөөрөө нөгөө цитрамоноо уудаг. Үүний улмаас өмнөхөөс илүү хүндрэлтэй харшил өгдөг. Ер нь иргэд өөрсдөө хайхрамж муутай. Мөн архинаас гаргах эмчилгээ байна. Энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд архи уух хориотой. Гэтэл давтан архи уудаг. Тэгтэл хордлогод орж, бүх биеийн арьсны өнгөн давхарга хайлж, зулгардаг. Энэ бол нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байгаа. Эмэнд хордсон тохиолдлууд ч их бий. Эм гэдэг ид шидтэй жижигхэн зүйл ч гэлээ, өөрийн биеийн жин, өвчний шинж тэмдэгтээ тохируулж хэрэглээгүйгээс болж амь насаа алдах аюултай гэдгийг иргэд санах хэрэгтэй. Мөн тухайн хүн эмийн орц найрлагад орсон зүйлээс харшилдаг байх тохиолдол байдаг. Тиймээс эмийн орц, жортой сайн танилцах хэрэгтэй гэдгийн учир энэ.

-Сүүлийн үед хүүхдүүд сиропын төрлийн эм бэлдмэлүүдэд харшлах нь ихэссэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ төрлийн харшил өгсөн тохиолдлууд их бий. Эритромицин, ампициллин зэрэг антибиотикийн нийлэмжтэй сиропын төрлийн бэлдмэлүүд хүүхдэд харшил өгөх нь ихэссэн. Эритромицинийг хүүхэд байтугай том хүн уухад хүртэл халширмаар эвгүй амттай. Гэтэл энэ амтыг дарахын тулд янз бүрийн найрлага нэмдэг. Энэ найрлага нь хүүхдэд нь хүүхдэд харшил өгч байгаа юм. Тэгэхээр үүнийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

Г.Нацаг-Эрдэнэ

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment