Булган аймагт "Хавдрын эсрэг үндэсний аян-2013" хэрэгжихээр боллоо




Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 3 дах удаагаа 8 аймгийг хамруулан зохион байгуулахаар боллоо. Үүнд Булган, Архангай, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймгууд багтсан байна.
Энэхүү аяны зорилго нь хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсанаар хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх улмаар хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд оршино.
2013 онд З дах удаагийн “Хавдрын эсрэг үндэсний аян” Хөвсгөл, Булган аймгуудад 9-р сарын 22-оос эхлэн 10-р сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдах гэж байна. Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг нь  багийн ахлагч, сургалтын арга зүйч, мэс заслын эмч, толгой хүзүүний мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, хэт авиан оношлогооны эмч, хавдар судлаач эмч, эс судлаач эмч, сувилахуйн мэргэжилтэн, мэдээгүйжүүлэлтийн эмч, мэдээгүйжүүлэлтийн сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, Нэгдсэн эмнэлэг болон сум, өрхийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний талаар сургалт зохион байгуулах, Хаан банкны ажилчдаас сайн дурын ажилтан бэлтгэхээс гадна иргэдэд хавдраас сэргийлэх, хянах мэдээлэл, сургалт, сурталчилгааг явуулна.
Иймд “Хавдрын эсрэг үндэсний аян”-д иргэд болон албан байгууллага бүр  дараах байдлаар оролцоно. Үүнд:
-    Иргэд харъяа өрхийн Эрүүл мэндийн төвийн эмчид хандан урьдчилсан үзлэгт хамрагдан, үзлэгт орох нэрсийн жагсаалтад бүртгүүлэх, аяны хүрээнд явагдаж байгаа сургалт, сурталчилгаанд идэвхитэй оролцох.
-       Албан байгууллага, аж ахуй нэгжүүд өвчний шинж тэмдэг илэрсэн, сэжиг бүхий болон эмчийн хяналтанд байгаа ажилтанг харъяа эрүүл мэндийн байгууллагадаа хандан урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан байх.
-       Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэгүүд, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд үзлэгт хамрагдах иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж IX/10-ны дотор ЭМГ-т ирүүлсэн байх.

Иргэд, албан байгууллага бүр эрүүл мэнддээ анхааран “ Хавдрын эсрэг үндэсний аян”-д идэвхитэй оролцохыг уриалж байна.
 
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment