Ухаалаг хүн ёс зүйтэй байдаг

Ухаалаг хүн ёс зүйтэй байдаг, ухаалаг төр хариуцлагатай байдаг 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр лүү”  Үндэсний зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Уг зөвлөлдөх уулзалт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж өөрийн байр суурийг илэрхийлэв.

Биднийг нэг л өнгөөр буюу Монгол Улс, Монголын төр гэж хардаг
Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Энэ бол Үндэсний зөвлөлдөх уулзалтын нээлтийн үг биш. Ер нь энэ “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн нь ямар утга учиртай юм бэ,  өнгөрүүлсэн цаг хугацаанд юу хийснээ, цаашид ямархуу маягаар явах хэрэгтэй юм бэ гэдэг талаар бид нэлээд ултай суурьтай ярилцах хэрэгтэй байна. Ийм хурлууд голдуу өглөө эхэлдэг. Өнөөдөр харин үдээс хойш эхэллээ. Монголын төрд байнга өглөө байгаасай гэж хүсдэг. Тийм учраас “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн,  орон нутгийн, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байгааг сая Цагаан дарга дурдлаа. Ийм өргөн төлөөлөл оролцуулж байгаа.

Өнөөдрийн миний ярих гэж байгаа зүйл бол тийм ч шинэ зүйл биш байх. Бид ажлын хэсэг байгуулж, улс төрийн намууд, судлаачид, олон нийтийн байгууллагууд, иргэд оролцсон. Дээр нь манай хэвлэл мэдээллийнхэн анхаарч байгаа болов уу.

Уулзалтад ярих зүйл бол Монгол Улсын өмнө тулгамдаж буй гол бэрхшээл буюу бидний дундын зовлон гэж хэлж болно. Ганц төрийн, эсвэл Засгийн газрын, аль нэг намын асуудал юм уу, хэн нэг  хүний зовлон биш. Монголын зовлон юм. Тийм учраас бүгдээрээ ярилцаж шийдлээ олохын төлөө ажиллах зөв гэж бодож байна. Ер нь биднийг нэг л өнгөөр буюу Монгол Улс, Монголын төр гэж хардгийг хэлэх нь зөв байх аа.

Дараачийн нэг хэлэх зүйл. Монголын төлөө, улсынхаа хувь заяаны төлөө яагаад хүн бүр санаа зовдог юм бэ, төрийн тухай яагаад хөгшин залуугүй бүгдээрээ ярилцаж байдаг вэ гэвэл ганц л үндэслэл байгаа. Хүмүүс өөрсдийгөө төрийн, Монголын нэг хэсэг, бүрдүүлэгч нэг эс гэж боддог. Би энэ улсад хувьцаатай хүн, төрийг байгуулахад оролцсон юм. Тийм учраас саналаа хэлж байна хэмээн ханддаг гэдгийг хэлэх ёстой.

              15 оронтой харьцуулахад бид хаана нь явна вэ

Ингээд эхний асуудал руугаа оръё. Эхлээд бид хаана яваагаа бусадтай харьцуулаад харахад гэмгүй байх. Дэлхийд өрсөлдөх чадварын төв, манайд өрсөлдөх чадварын судалгааны байгууллага бий. Жил бүхэн бүхэн энэ судалгааг гаргаж хэвлэдэг. 2012 оны гаргасан судалгаанд үндэслэн би ярья. 329 шалгуураар Монгол Улсыг 14 оронтой харьцуулж судалдаг. Манай төрийн байгууллага, ард иргэд яг ийм шалгуураар ажлаа дүгнэдэг болбол их зүйтэй юм. Катар, Сингапур, Малайз, Мексик, Тайланд, Солонгос, Чили, Перу, Казахстан, Орос, Словени, Болгар, Украин, Словак гэсэн 14 оронтой харьцуулахад эдийн засгаар 38 оноотой, 13 дугаар байрт байна. Уг нь 100 оноо руу ойр байвал их сайн. Засаглалаар Монгол Улс 31 оноо буюу 13 дугаар байрт орсон байхад энэ хоёр үзүүлэлтийн дундаж нь 56 оноо байна.  Бизнесийн орчноор 37 оноо /дундаж нь 56 оноо байв/ буюу 12 дугаар байр, дэд бүтцээр 20 оноо /дундаж нь 55 оноо/ буюу 15 дугаар байр, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 4745 доллар /дундаж нь 24204 доллар/ буюу 15 дугаар байр, эдийн засгийн төрөлжилтөөр 2 оноо /дундаж нь 5 оноо/ буюу 15 дугаар байр, дотоодын нийт хуримтлалаар 3 тэрбум доллар /дундаж нь 126 тэрбум доллар/ буюу 15 дугаар байр, жилд нэг хүнд ногдох хуримтлалаар 1191 доллар /дундаж нь 8229 доллар/  буюу 14 дүгээр байр, улсын зээлжих чадвараар 34 оноо /дундаж нь 66 оноо/ буюу 15 дугаар байр, гадаад валютын нөөцөөр 2 тэрбум ам доллар /дундаж нь 115 тэрбум доллар/ буюу 14 дүгээр байр, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум ам доллар /дундаж нь 286 тэрбум доллар/ буюу 15 дугаар байр, хувьцаагаар орж ирсэн шууд хөрөнгө оруулалтаар 4 тэрбум ам доллар /дундаж нь 137 тэрбум доллар/ буюу 15 дугаар байр, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтээр 2 оноо /дундаж нь 4 оноо/ буюу 15 дугаар байр, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн муу нөлөөллөөр 3 оноо /дундаж нь 5 оноо/ буюу 15 дугаар байр, хүний нөөцийн чанараар /мэргэшсэн ажиллах хүчнийг олж ажиллуулахад бэрхшээлтэй байдлаар/ 2 оноо /дундаж нь 5 оноо/ буюу 15 дугаар байр, технологийн хөгжлөөр /эрх зүйн орчин нь технологийн хөгжлийг чөдөрлөж буй байдлаар/ 4 оноо /дундаж нь 6 оноо/ буюу 15 дугаар байр, эрчим хүчний дэд бүтцээр 2 оноо /дундаж нь 6 оноо/ буюу 15 дугаар байр, агаарын тээврийн хүн тээврээр 398 мянган хүн /дундаж нь 15117 хүн/ буюу 15 дугаар байр, төрөөс боловсролд зарцуулсан нэг хүнд ногдох зардлаар 140 ам доллар /дундаж нь 655 доллар/ буюу 15 дугаар байр, сурагч багшийн харьцаа /нэг багшид ногдох сурагчийн тоогоор/ 30 сурагч /дундаж нь 19 хүүхэд/ буюу 15 дугаар байр эзэлжээ.

Бизнесийн орчны судалгааг Дэлхийн банк гаргадаг. Эндээс би арай тааруухан дөрвөн үзүүлэлтийг авлаа. 15 орны дунд бид дандаа 15-д явна гэж юу байх вэ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, гар утасны хэрэглээгээрээ бид нэлээд дээгүүр байрт явж байгаа. Би сайнаа биш, анхаарах ёстой зүйлээ харуулсан юм. Гадаад худалдаа эрхлэлтээр Монгол Улс 189 орноос 181-д байна. Цахилгааны холболт хийх гэдэг энгийн ажил мөртлөө 189 орноос 162-т байна. Маш их хүнд сурталтай, боломж багатай орон гэж харагдаж байна. Өр төлбөр барагдуулалтаар 189 орноос 133-т орсон байна. Барилгын зөвшөөрөл авах гэсэн үзүүлэлтээр 189 орноос 107-д байна.

Өнөөдрийн үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилгыг та нарт би хэлэх гэсэн юм. Энд хоёр л зорилго тавьж байгаа. Нэгд, эдийн засгаа яаж өсгөх вэ. Сая би хэд хэдэн харьцуулалт хийсэн. Бидэнд ямар боломж байна. Бид чинь ийм тааруу үзүүлэлттэй улс юм уу гэж магадгүй. Нэгдүгээрт, ингэж бусадтай харьцуулж үзлээ. Хоёрдугаарт, бид боломжоо л харъя гэж байгаа юм. Боломжоо хараад 2013 онд бидний байж байгаа түвшин энэ байна. 2020, 2040 онд одоогийн явж байгаа дундаж хурдаараа явах юм бол ийм боломж байгаа гэдгийг одоо задалж харуулна.

Хүн амын өсөлт. Одоо 2,9 сая хүнтэй. Хамгийн багадаа дунджаар  нэг айл гурван хүүхэдтэй байхаар тооцоод 2,5 хувиар өснө гэх юм бол 2050 онд долоон саяуулаа болох боломж бий. Дундаж наслалт. Одоо 68 байна. 2050 онд 85 хүргэж болж байна.

2050 он гэхэд хуулийн засаглалтай, өрсөлдөх чадвартай орон болно

ДНБ-ий өсөлтийг харуулъя. Үүнийг гурван янзаар авсан байгаа. Тав, арав, 12 хувиар өсвөл хэр байх вэ гэж. Арван хувь гэвэл, дунджаар 2050 онд 380 тэрбум ам.долларын ДНБ-тэй байх боломж бий. Нэг хүнд ногдох ДНБ гэж чухал үзүүлэлт байдаг. Бас тав, арав, 12 хувь гэж харсан. Дунджийг нь авч үзье. 2050 онд 10 хувиар өснө гэвэл 54 мянган ам.доллар ногдох хэмжээнд ДНБ байх нь. Хөрөнгө оруулалтын зэрэглэл. Одоо ВВ байгаа. 2050 он руу дөхөхөд ААА гэсэн зэрэглэл рүү явна.

Дараагийн хэлэх зүйл бол Монголын хөгжлийн зорилт. 2013, 2020, 2030, 2040, 2050 он гээд бидний үзүүлэлт сайжраад явна. 2050 он гэхэд хүн ам нь долоон сая, дундаж наслалт 85, ДНБ нь 380 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ нь 55 мянган ам.доллар, хөрөнгө оруулалтын зэрэглэл нь гурван А. Хуулийн засаглалтай, өрсөлдөх чадвартай. Дотоод хуримтлал гэж нэг чухал үзүүлэлт байгаа. Үүнийг өрх гэрийн хуримтлал гэж харж байна. Улс орнуудын сайн хөгжилтэй, тогтвортой байгаагийн нэг онцлог нь өрх гэрийн хуримтлалтай холбоотой. Банкинд дансандаа мөнгөтэй байна уу. Бас нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сандаа хувь хүн мөнгөтэй байна уу. Хэчнээн төгрөгтэй вэ гэдгийг л харуулж байгаа юм. Улсаараа, өрх гэрийнхээ хуримтлалыг авч үзвэл 50 тэрбум ам.долларын хэмжээнд Монгол Улс очих юм бол ямар ч бэрхшээл, ямар ч шуурганаас өөрийгөө аваад гарах боломжтой болно.

Үндэсний зөвлөлдөх уулзалтынхаа зорилгыг тодорхойлъё. Түрүүн хэлсэн, хоёр зорилго тавьж байгаа гэж. Эдийн засгаа яаж хөгжүүлэх вэ, төрөө яаж засах вэ. Зорилгоо тодорхой болгохгүй бол төрд итгэх итгэл нэмэгдэхгүй. Яагаад төрд итгэх итгэл буурдаг вэ гэхээр манай төрийн өөрийнх нь ажлаас хамаардаг гэсэн дүгнэлтэд би хүрч байгаа. Энэ ямар шалтгаантай вэ, төрд яагаад итгэхгүй байна гээд асуухаар “Хэлсэндээ хүрэхгүй байна. Цэгцгүй байна. Гаргаж байгаа шийдвэрүүд нь савлагаатай байна” гэдэг. Ямар учраас ийм байдаг вэ гэхээр нэгдсэн итгэл үнэмшил, судалгаагүй, системгүй байна. Нэгэнт ийм байгаа учраас нэгдсэн бодлогогүй, хариуцлагагүй, хяналтгүй байгаа юм.

Хариуцлагагүй, хяналтгүй байдал нь эргүүлээд хэлсэндээ хүрдэггүй, цэгцгүй, савлагаатай бодлоготой, тийм үйл ажиллагаатай төр болгож хувиргаж байна. Үүнийг чөтгөрийн тойрог гэж хэлдэг шүү дээ. Бидний ажил нэг иймэрхүү байна.

Бид 24 жил морин дэл дээр явлаа. Одоо мориноосоо буугаад ярилцъя

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг хийж байгаа гол зорилго юу вэ. Бид 24 жил морин дэл дээр явлаа. Одоо мориноосоо буугаад ярилцъя. Хэрэв морь эцсэн бол морио сэлгэе. Онгоцоор бол засвар хийх хэрэгтэй болсон. Ийм зүйлүүдээ л өнөөдөр ярилцъя. Нээлттэй нийгэм учраас Монголд маш их дохио дуугарч байгаа. Маш их шуугиан, чимээтэй байгаа. Түүн дотроос бид дохиогоо олж сонсохгүй байна. Бид энэ дохиог сонсох хэрэгтэй. Нэгэнт сонсож байгаа бол одоо зогсох шаардлагатай. Зогссон бол юу хийж байгаагаа бүгдээрээ ойлгох хэрэгтэй байгаа юм. Уг нь бид энэ зөвлөлгөөнийг нэлээд эрт хийх ёстой байсан байх.

Тоо худал хэлдэггүй гэдэг. Тийм учраас зарим тоон үзүүлэлтийг хэлье. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд 1,5 тэрбум ам.доллар буюу 2,5 их наяд төгрөгийн хохиролтойгоор бид амьдарлаа. Улсын төвлөрсөн төсвийн орлого 2013 онд 1-1,5 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Хүний хөгжлийн сандаа бид нэг их наяд төгрөгийн өртэй.

ДНБ-д эзлэх Засгийн газрын өр гэж байдаг. Өнөөдөр 8,4 их наяд буюу 49,5 хувьд хүрсэн гэж Сангийн яам хэлсэн. Австрали 24 хувьтай, Чили 10 хувьтай байгаа.  ДНБ-ээсээ хэд давсан өртэй улс болоод байна гэж зарим хүн хэлдэг. Тийм улстай зэрэгцүүлж харах хэрэггүй. Бид гайгүй сайн явж байгаа улсуудтай өөрсдийгөө зэрэгцүүлж харах хэрэгтэй. Наад зах нь Чилитэй зэрэгцүүлж харах хэрэгтэй. 2013 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 2011 оны түвшинд хүргэе гэж бодох юм бол хоёр дахин өсгөх хэрэгтэй байна. Би энд Оюутолгойн хөрөнгө оруулалтыг оруулалгүй хэлж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн дэх төсвийн зардал 63.5 хувь болж байна

Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 17 их наяд төгрөг буюу 10 тэрбум ам.доллар гэж үзэж байгаа. Ер нь 2013 он гараад жаахан цаашаа явахад 11 тэрбум руу очих боломжтой. Гэхдээ би 10 тэрбумаар, арай багаар нь авч тооцоо хийж байгаа шүү.
ДНБ дэх төсвийн зардал. Төсөв батлах гэж байхад би ДНБ дэх төсвийн зардал 2014 онд хэд гарах вэ гэхэд 7,3 их наяд төгрөг гэсэн. Манай УИХ тал талаас нь нэлээд сайн ажилласан байх. Ер нь энэ хавьцаа байгаа. Ингээд төсвийн зардал 7,3 их наяд төгрөг буюу 40 хувьтай болж байгаа юм. Дээр нь Чингис бондын 1,5 тэрбум, Хөгжлийн банкны 600 сая ам.долларыг  төгрөгөөр тооцох юм бол 3,5 их наяд төгрөг болж байгаа. 7,3 их наяд дээрээ 3,5 их наядыг нэмэхээр 10,8 их наяд төгрөг болж байна. Энэ хоёрыг бид төсөв, зардалдаа оруулж тооцож явахгүй бол болохгүй. Энэ бол зөв зарчим гэж бодож байгаа. Ингэж авч үзэх юм бол манай ДНБ-д байгаа төсвийн зардал хэд байна вэ гэдгийг одоо харъя. ДНБ дээр ирж байгаа төсвийн зардал Чингис бондоо оруулаад 63,5 хувь болж байна. Ороогүй байгаа төсөв, энд явдаг төсөв, тэнд явдаг төсөв гээд УИХ-ын гишүүд толгой эргүүлсэн юм ярьдаг. Тоо бол нэг иймэрхүү байгаа.

Өнгөрсөн жилд бид 863 мянган төгрөгөөр хүн бүхэн хохирсон гэж хэлж болно.

 Энэ бол популизмын өртөг

Хөрөнгө оруулалт багасахаар юу болж байна гэдгийг бүгдээрээ нэг харчихмаар байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ багасч байгаа. Үйлдвэрлэл, үйлчилгээ багасахаар орлого тасарч байгаа. Нэгэнт орлого тасарч байгаа учраас ард иргэдийн амьдрал  хүнд болж байна. Хүмүүс “Бидний амьдрал хүнд боллоо. Бизнес эрхлэхэд хэцүү боллоо” гэдэг бол эндээс үүсч байгаа юм. Өнгөрсөн нэг жил гаруйн хохирлыг би 2,5 их наяд төгрөг гэж хэллээ шүү дээ. Энэ бол манай ард түмний төлж байгаа төлбөр. Өлгийтэй хүүхэд, өвгөд буурлаа оруулаад би хүн бүрт хувааж үзсэн юм. Нийт 2,5 их наяд төгрөгийг 2,9 сая хүндээ хуваасан чинь нэг хүнд 863 мянган төгрөг гарч байна. Өнгөрсөн жил бид 863 мянган төгрөгөөр хүн бүхэн хохирсон гэж хэлж болно. Энэ бол Монголбанкны дүн шүү. Нөгөө инфляц, янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, ДНБ–ий өсөлтийг хангах гэж гаргаад явуулчихсан мөнгө. Би үүнийг ганцхан үгээр нэрлэж байгаа. Энэ бол популизмын өртөг. Ерөөсөө л Монголын популизмын өртөг л ингэж өндөр гарч байгаа. Тэгэхээр хашгирахыг нь популистууд хийдэг, төлөхийг нь ард түмэн төлдөг ийм харамсалтай юм байгаа. Одоо үүнийг нэг бодох цаг болсон байх аа.

Дараагийн зүйл. Өнөөдрийн ярьж байгаа сэдвээр санал асуулга явуулж үздэг юм уу гэж бодож байна. Маш энгийн асуулт асууя. Та бүхэнд санал өгөх хэрэгсэл байгаа. Асуулт нь энгийн. Монгол Улсын төр том төр мөн үү?

А гэдэг нь мөн, В гэдэг нь биш, С гэдэг нь мэдэхгүй гэсэн хариулт. Ухаалаг төрийн албан хаагч бол ухаалаг төхөөрөмжийг сайн ашигладаг байж таарна шүү дээ. За ингээд дүнгээ харъя. Дахиад бас нэг асуулт асууна. Монгол Улсын төр ухаалаг төр мөн үү? ДНБ-д эзэлж байгаа төрийн зардал гэдэг чухал шалгуур байдаг. 30 хүртэл хувь байгаа бол хэвийн зардал, хэвийн бүтэцтэй төр гэж үздэг. 30-аас дээш гараад ирвэл хэвийн бус гэж дүгнэдэг. 40-өөс дээш гараад ирэх юм бол үрэлгэн, их зардалтай, том гэж дүгнэж байгаа. 60 хүрчихсэн яваа бол юу гэж нэрлэхээ өөрсдөө л мэд. ДНБ-д эзэлдэг төрийн зардлаар юмыг хэмжиж ярьдаг гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа байх аа.

Монгол Улсын төр том төр мөн үү? Хариулт нь гараад ирлээ. 37 хувь нь мөн гэж үзсэн байна. 12,6 хувь нь биш гэсэн байна. 4,5 хувь нь мэдэхгүй гэсэн байна. 45 хувь нь дараагүй юм уу, товчоо андуурсан байна. Юу ч гэсэн энд оролцож байгаа хүмүүсийн 37 хувь нь “Төр томорсон, яриа байхгүй” гэж хариулсан байна.

Төрд мэдлэг, технологийн дэвшил орж ирэхгүй байна

Төр томорч байгаа шалтгааны талаар одоо ярья. Ямар учраас манай төр томроод байгаа юм бэ. Төрд мэдлэг, технологийн дэвшил орж ирэхгүй байна. Төр тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдэх гэж байна вэ гэхээр бүтэц, орон тооны механик өсөлтөөр л шийдэх гэж оролддог. Би та нарт нэг сонин юм харуулъя. Энэ анхны гар утас. 15-16 жилийн өмнө бидний барьдаг байсан анхны гар утас. Энэ гар утасны хийдэг үйлдэл нь тоо дараад залгадаг л байсан. Өөр ямар ч үйлдэл байхгүй. Одоогийн дундаж гар утсыг бүгдээрээ мэднэ. Бүгдээрээ гар утас барьж байгаа. За нэг иймэрхүү л болсон /гар утсаа үзүүлэв/. Энэ гар утсыг хийж байсан үеийн компьютер өнөөдөр энэ гар утаснаас хэд дахин хоцрогдсон байгаа. Одоо гар утсанд олон үйлдэл байдаг билээ. Та бүхэн ярьдаг шүү дээ. “Учир нь олдохгүй олон юм байна. За би ч гурвыг нь л ашигладаг юм” гэж. Технологи хөгжихөөрөө томордоггүй юм байна. Технологи хэчнээн олон үйлдэл орж ирсэн ч хэмжээ нь жижигрээд л явдаг юм байна. Тэгэхээр ер нь бид энэ технологийг ашиглая. Манай төр бол асуудал үүслээ хүнээ нэмээд л, бүтцээ нэмээд л томроод байдаг. Ухаалаг төр лүү шилжих шаардлага байна гэдгийг энэ технологи дээр харуулж байгаа юм.

Төр томорч буй шалтгаан буюу завшиж, ашиг олох олон арга 

Төр томорч байгаа хоёр дахь шалтгаан гэвэл төрд ажиллах нь ашигтай байгаа. Лиценз, зөвшөөрөл олгоно, бизнес, аж ахуйд оролцоно, дураараа хэм хэмжээ тогтооно гэх зэрэг. Төрд шударга ажиллаж байгаа төрийн албан хаагч олон бий. Тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудын дотор ч шударга ажиллаж байгаа хүн олон бий.

Төрд ажиллах юугаараа ашигтай байна гэхээр лиценз, зөвшөөрөл, янз бүрийн хэм хэмжээ тогтоож, түүгээр далимдуулж ашиг хийдэгт байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1164 лиценз, зөвшөөрөл байна. Үүнийг зарим нь үүнийг лиценз гэж нэрлэхээ больсон байна. Манай зарим дарга нар муу зүйл санаачилж сэдэхдээ сайн болжээ. Лиценз гэхийн оронд өөр нэр сонгодог болсон байна. Ингээд лиценз тоолох гэж ирлээ гэвэл хэдхэн байгаа мэт харуулдаг болжээ. Уг нь хонийг хонь л гэж нэрлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл ямаа гээд сууж байдаг.

Төрөөс завшиж, ашиг олох олон арга бий. Энд нэг жишээ дурдахад манай сайд нарын дэргэд зөвлөх гэж албан тушаал бий. Зарим сайд зөвлөхгүй байхад зарим нь 3-4 зөвлөхтэй. Сайд нарын дэргэд нийт 24 зөвлөх байна. Зарим нь ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнээ зөвлөхөөр томилчихдог. Гэтэл тэр зөвлөх гэж нөхөр төрийг ёстой самарч байна. Тэр зөвлөх аж ахуй, санхүү, төр гээд маш олон зүйл хариуцаж байна. Тэр зөвлөх гэж үнэхээр аюултай нөхөр байдаг юм байна гэж зарим яамныхан ярьж байна. Тэгээд ямар нэгэн асуудал гарч сайдтай хариуцлага тооцох гэхээр зөвлөхөө халчихдаг. Иймэрхүү замбараагүй явдал төрийн байгууллагуудад газар авч байна.

Мөн аймгуудын  Засаг дарга нарын дунд 15 зөвлөх ажиллаж байгаа. Бас зөвлөхгүй Засаг дарга ч бий. Ашиг сонирхлын зөрчилгүй зөвлөх бол яая гэх вэ? Гэтэл аль муу зүйлээ хийлгэж, төрийн албыг самруулах гэж зөвлөх томилж байгаа нь утгагүй юм. Тэгээд тэр зөвлөхүүд төрийн албыг төрийн алба биш болгож байна.

Төрийг улсыг компани мэт удирдаж болохгүй ээ

Ингэж нэгэн Нобелийн шагналтны хэлсэн байдаг. “Би энэ том компанийг авч явж байсан, улс юухан байх вэ” гэж бодож болохгүй. Зарим төрийн өмчит байгууллагын захирал нь томилогдохоос өмнө сайдын шахааны бараа хэдийнэ очсон байдаг гэж дуулддаг. Төрийн үйлдвэрийн газрын удирдлагыг томилоход тухайн хүний чадварыг нь хардаггүй. Харин сайдын ашиг сонирхол, бизнесийг хэрхэн дэмжих хүн бэ гэдгийг харж томилох явдал олонтаа гардаг. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Иймэрхүү байдлаар төрийг завхруулж байна.

Ер нь төр нь баялаг руу дайрдаг улсын иргэд ядуу байдаг. Төр өрмийг нь хамж, иргэд хусмыг нь булаацалддаг байдал байж болохгүй ээ. Эдийн засаг өсөөд байхад иргэд нь ядуу байдгийн нууц энэ шүү дээ. Төр иргэдтэйгээ хамт баялгаа булаацалдаж дайрч байна.

Нэг хүн, нэг дамжлагаар хийж болох ажлыг хэчнээн олон хүн хийж байна

Төр томорч буй гурав дахь шалтгаан. Төрийн үйл ажиллагаанд харилцан уялдаа, нэгдмэл байдал байхгүй байна. Тэгэхээр нэгдмэл байдал байхгүй учраас ижил төрлийн ажлыг дийлэнх хэсэг нь хийдэг. Нэг хүн, нэг дамжлагаар хийж болох ажлыг хэчнээн олон хүн хийж байгаа нь харагдаж байгаа. Иймээс бодлогогүй түймэр унтраадаг газар болоод байна. Тэгээд нөгөө дарга нар нь хамжлагын эзэд шиг болсон ийм байдалтай байна.

Би өмнө нь хуулийнханд хэлж байсан, одоо та бүхэнд хэлье. Төрд сайд, даргын ажил хийнэ гэдэг нь эрх ямба биш ээ. Энэ бол төрд тодорхой нэг ажлыг хийнэ гэсэн үг. Батлан хамгаалахын сайд бол тэр асуудлаа хариуцна. Эрчим хүчний сайд тэр эрчим хүчнийхээ бодлогыг л хариуцна. Түүнээс биш энэ хүнд мундаг эрх мэдэл өгөөд байгаа юм биш. Гэтэл өөрийгөө ёстой мундаг эрхтэй хүн гээд ойлгочихсон байдаг.

Хөгжмөөр бол сайд дарга нар нь найрал хөгжмийн нэг зэмсгийг л тоглож буй хүн  гэсэн үг. Лимбэ үлээдэг хүн хийл тоглож болохгүйтэй адил.

Тэгэхээр та зөвхөн хийлээ л дар, эсвэл лимбээ л үлээ. Энэ системд таныг ажилла гэж тавьсан, чадахгүй бол яв. Энэ зөв шаардлага биз.

Ажил хэрэгч хүмүүс бизнест нь оролцдоггүй, өрсөлддөггүй төртэй байхыг хүсдэг
Манай ард иргэд төртэйгөө хэрхэн харилцаж байгаа тухай судалгаа явуулахад сонин тоо гарч байсан. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 60 хувь нь төртэй огт харилцдаггүй, 30 хувь нь хааяа, найман хувь нь үргэлж гэсэн байна. Энэ бүтцэд тааруулж бид бүтцээ зохион байгуулах хэрэгтэй.

Ажил хэрэгч хүмүүс төрөөс юу хүсч байна вэ гэдгийг судалгаагаар тодруулахад 42 хувь нь бүү саад бол гэж, зарим нь тогтвортой байдал, 20-иод хувь нь тусламж дэмжлэг хэмээн хариулсан байна. Бизнес эрхлэгчид гуравхан зүйл хүсч байна. Тэд тогтвортой, тэгш, тунгалаг эрх зүйн орчин хүсч байна. Зохистой төлөвлөж болохуйц татварын орчин хүсч байна. Бизнест нь оролцдоггүй, хэрэгтэй үед нь тусалдаг, ашиг сонирхлын зөрчилгүй, өрсөлддөггүй төртэй байхыг хүсч байна. Төр ер нь аж ахуй нэгж байгуулаад, бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөөд байх ёсгүй шүү дээ.

Бизнес эрхлэгчид маань дарлагдсан ард иргэд болоод байна. Бизнес эрхлэгчдийг дарлах бүхэл бүтэн тогтолцоо байна. Байцаагч нарын араас дарга нарын шахаа очно. Бизнес эрхлэгчдэд байдаг дарга нарын дуртай зүйл бол мөнгө юм. Мөн дээрээс нь хуулийнхан очно. Ингэж явж байхдаа янз бүрийн албан тушаалтны нэр барьдаг. Үүнийг бид таслан зогсоож, энэ механизмыг эвдэх хэрэгтэй. Энэ ажлыг одоо газар бүхэн хийж эхэлье.

Төрд 7 буруу зүйл байна, та нэмж болно

Төрд буруу зүйл юу байна вэ гэж би харсан. Би хэд хэдэн буруу зүйлийг жагсаалаа, та бүхэн нэмж болно.

1.Төр бүхэнд оролцож, бүхнийг шийдэх ёстой. 2. Хуулийн хариуцлага яах вэ аргалж болно. 3. Албан тушаалд очсон бол хүссэнээ гүйцэлдүүлж болно. 4. Туршлага байхад судалгаа, онол хэрэггүй. 5. Сонгуулийн хөтөлбөр сонгогчдод л зөвхөн таалагдахад хэрэгтэй. 6. Төр өмч эзэмшиж аж ахуй эрхлэхгүй бол бусад нь завшина. 7. Шийдвэр гарч өдөр өнгөрч байвал маргаашийн асуудал яах вэ.

Энэ бол Монголын төрд байгаа долоон буруу зүйл юм. Ер нь улс төрчид зөвхөн сонгуулийн үеэр сонгогчдоо боддог, сонгуулийн дараа өөрсдийгөө боддог байж болохгүй.

Хоёр дахь зарчим бол таны төлөө бүхнийг хийх гэж оролддог төр танаас бүхнийг булааж дуусдаг юм шүү гэдгийг хэлье.

Одоо бид ухаалаг Монгол, ухаалаг төр гэж ярихаас аргагүйд хүрлээ

Ухаалаг төрийн талаарх яриандаа эргэж оръё. Монгол Улс хуулийн засаглал, ухаалаг төр, нээлттэй оролцоотой аюулгүй нийгэм гэсэн энэ замаар явах нь тодорхой. Социализмын үед лоозон цээжлүүлдэг байсан бол өнөөдөр та бүхэн энэ гурван үгийг цээжлээд аваарай. Аюулгүй байдлыг хангадаг, иргэндээ үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлдэг төрийг нээлттэй ардчилсан төр гэнэ. Энэ гурван зүйлийг хэрэгжүүлж байгаа системд би ажлаа хэрэгжүүлж, миний ажил хэрэгжих ёстой.

Өнөөдөр ухаалаг төрд шилжих шаардлага бидэнд үнэхээр байна. Энэ нь хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоон байгуулах бидний зорилгод нийцэж байна. Орчин нөхцөл, хандлага өөрчлөгдөж байна. Олон нийт төрийг ухаалаг байхыг шаардаж байна. Жирийн иргэд маань “Чи нэг жаахан ухаантай бай л даа” гэж хэлдэг шүү дээ. Шинэ зуунд өмнөх зууны, бараг ноднин жилийн юм хоцрогдох боллоо. Өнөөгөөс найман жилийн өмнө 2005 онд бид “Цахим Монгол” хөтөлбөр эхлүүлж байсан. Харин одоо бид ухаалаг Монгол, ухаалаг төр гэж ярихаас аргагүйд хүрлээ.

Энэ хандлага бол бүх нийтийн хандлага болж байгаа. Бүр НҮБ-аас ухаалаг төрийн үзүүлэлт гэж гаргадаг болсон. Smart Government Index гэж гаргаж байгаа. Үүгээр БНСУ нэгдүгээр байрт явж байна. Тэгэхээр бид бусдын хийгээгүй, болохгүй зүйлийг яриад байгаа юм биш. Ийм нийтлэг хандлага явж байна.

Хамгийн гол нь үе солигдсон. Өнгөрсөн 90-ээд онд төрсөн хүүхдүүд маань өнөөдөр гэр бүл болж байна. Шинээр гэр бүл болсон хүүхдэдээ шинэ гэр бэлдэж өгдөг сайхан уламжлал монголчуудад бий. Үүний нэгэн адилаар төрөө шинэчилж хойч үедээ үлдээх үүрэг бидэнд бий.

Ухаалаг төр нь орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ шиг л болох ёстой

Ухаалаг төрийг хэрхэн таних вэ? Ухаалаг төр

  • Орон зай цаг хугацаа харгалзалгүй үйлчилгээ авч болдог,
  • хууль журам нь цэгцтэй, үйл ажиллагаа нь стандарттай, мэдээллийн нэгдсэн сантай
  • иргэддээ чадвартай, ёс зүйтэй, бүтээлч, санаачилгатай болоход нь дэмжлэг үзүүлдэг
  • зөвхөн иргэнд үйлчилдэг биш хүнийг илүү боловсролтой, ёс зүйтэй болоход нь дэмжлэг үзүүлдэг
  • асуудал гарлаа, эрэлт үүслээ гэхэд хамгийн оновчтой шийдвэр гаргадаг
  • ажлаа хамгийн үр дүнтэй аргаар хийж чаддаг байх ёстой.
 
Ухаалаг төрийг бас зургаар таньж болно. Одоо бол төрийн албан хаагчид том хаалганы цаана, тусдаа өрөөнд сууж байгаа. Ухаалаг төрийн ажлын байранд албан хаагчид нь бие биеэ харж байдаг. Диспетчерүүд сууж байна. Ухаалаг төрд зөвхөн диспетчер л хэрэгтэй. Тэгээд энэ удирдлагуудыг хянаад байж байх ёстой. Манай яам, агентлагууд иймэрхүү маягтай байх ёстой. Бид ийм маягаар ажиллахад маш олон зүйлийг хийж чадна. Хийгээд эхэлсэн. Бид ямар байдалтай сонгууль явуулаг байлаа. Иргэд нь хохирдог, байшин нь шатдаг байсан. Тэгээд санал тоолох машиныг авсны дараа тийм зүйл болсон уу?

Киргизийн Гадаад харилцааны сайд надад хэлж байсан. “Би саяхан таны тангараг өргөх ёслолд оролцсон. Та бол маш бага хувиар гарч ирсэн. Гэтэл сонгуулийн маргааш юу ч болсонгүй. Манай Киргизэд болсон шиг үймээн болох байх гэж эмээж байсан. Тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүс баярт оролцож байгаа мэт байсан” гэж хэлсэн.

Сонгуульд маргаад байх шаардлага огт байхгүй, бид санал тоолох машин ашигласан хэрэг шүү дээ.

Техник технологийг цаашид үргэлжлүүлэн ашиглах болно. Засгийн газар үйлчилгээний мухлаг нээснээр иргэд даргатай харилцахгүйгээр ямар олон үйлчилгээ авах боломж бүрдэх бол? Одоо тэр мухлагт зохицуулж бүтцээ өөрчлөх хэрэгтэй. Мухлаг тавьчихаад ард нь данхайгаад суугаад байж болохгүй. Ухаалаг төр нь орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ шиг л болох ёстой.

Нийслэл маань Бат-Үүлээс “пан-үүл” рүү шилжиж байна

Нийслэлийнхэн ажлын байрныхаа зургийг Мобикомоор гаргуулж байгаа гэж би сонссон. Энэ бол үнэхээр зөв шийдвэр юм. Нийслэл нэгдсэн сүлжээтэй болж байгаа. Нэгдсэн гэдгийн ард хэмнэлт явж байгаа юм. Олон давхардаж байсан ажлууд ганц сүлжээ, системээр гарна гэсэн үг. Ингэснээр хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй ажиллах боломж төрд бий болно. Олон улс орнууд, ялангуяа хотууд ухаалаг тодотголтой системд шилжиж байгаа. Энд “Cloud” буюу “Үүл” гэх систем бий болж байгаа. Тэгэхээр нийслэл маань Бат-Үүлээс пан-үүл рүү шилжиж байна гэж ойлгож болно. Нэг үгээр бол пан системтэй болж байна шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ “пан-монгол” болъё. Пан гэдэг нь нэгдсэн гэсэн үг. Тэгэхээр сүлжээ, үйлчилгээний хувьд нэгдсэн системтэй болох хэрэгтэй.

Та бүхэн мэднэ, 20 дугаар зууны эхээр “конвейр” гэдэг зүйл нэвтэрч аж үйлдвэрлэл ямар хурдацтай хөгжлөө. Төрийн “конвейр” бол энэ.

Ухаалаг төр гэж цаасны, дүрэм журмын, судалгааны, техник технологийн, чадвартай хүн ажилладаг төрийг хэлдэг

БНСУ дэлхийн хамгийн ухаалаг улс байх болно гэсэн зорилт тавьсан. Тэгвэл Монгол ч гэсэн хамгийн гэсэн зорилтыг тавих болно. Монгол Улс хамгийн ухаалаг засаглал, хамгийн аюулгүй нийгэм, хамгийн үр дүнтэй үйлчилгээтэй байх ёстой. Төрийн амжилтад хүрэх жорын талаар хүмүүс их ярилцдаг. Гэхдээ би ганцхан жор хэлье. Хүний сайн сайхан амьдрах хүсэлд л зөвхөн үйлчил, тэгээд гүйцээ. Хүний сайхан амьдрах хүслээ биелүүлэх боломжийг гарт нь өгчих. Ухаалаг төр гэж цаасны, дүрэм журмын, судалгааны, техник технологийн, чадвартай хүн ажилладаг төрийг хэлдэг юм.

Үүнийг Монголын ард түмэн, цаг үе биднээс шаардаж байна. Чингис хааны үед Монголын төр хамгийн ухаалаг, чадавхтай байсан. Тухайн үед дэлхийд гайхагдсан морин өртөөг бий болгож чадсан шүү дээ. Өнөөдрийн тэр мэдээллийн сүлжээний эхлэл. Өмнө нь хийж байсан зүйлээ өнөөгийн төрдөө авч хэрэгжүүлье гэж байна. Өнөөгийн хүн төрөлхтний хүртсэн байгаа дэвшлийг Монголын төрд авъя гэж байна. Бид харийн, ойлгогдохгүй зүйл яриад сууж байгаа юм биш. Ухаалаг төрд та бүхнийг илүү ухаантай бай гэж хэлээгүй. Зүгээр л технологийн дэвшил ашигла л гэж байна. Айхтар том шаардлага биш байгаа биз?

Ухаалаг төрийн шийдвэр гаргах шатлал бол үнэхээр чухал юм. Туршлага байхад судалгаагаар яах вэ гэж түрүүний долоон муу дотор орж байсан. Анхан шат ба мониторингийн түвшин бол заавал байх ёстой. Мэдээлэл, статистик, санал байдаг. Хоёрт нь дунд шат ба анализийн түвшин. Тайлан, судалгаа, төлөвлөлт хийдэг. Гуравт нь дээд шат ба синтезийн түвшин. Шийдлийн хувилбар, төсөөлөл, шийдвэрүүд гардаг. Ухаалаг хүн ёс зүйтэй байдаг, ухаалаг төр хариуцлагатай байдаг юм. Ёс зүйтэй, хариуцлагатай төр ард түмэндээ хүндлэгдэнэ.

Ухаалаг төрийн бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчим

  • Хуулийн засаглал, нээлттэй байдал, иргэдийн оролцоо
  • Төрийн байгууллага, иргэд, орон нутгийн хамтын ажиллагаа
  • Өрх бүрт хүрсэн тогтвортой өсөлтийг хэмжих бодлого
  • Эдийн засгийн оролцоотой өсөлт
Эдгээр нь ухаалаг төрийн бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

Эдийн засгийн оролцоотой өсөлт гэж их ярьдаг болсон. Inclusive economic growth гэдгийг хэлж байна. Энэ нь эдийн засаг өссөн л бол иргэний амьдралд ямар нэг хэмжээгээр сайнаар нөлөөлсөн байх ёстой гэсэн үг юм. Оролцоо гэдгийг үүгээр дүгнэдэг. Түүнээс эдийн засаг 17 хувиар өсөөд байхад ядуураад байна гэдгээр биш юм. Тэгээд мэдээллийн нэгдсэн сан, судалгаанд суурилсан төрийг ухаалаг төр гэнэ. Ухаалаг төр нь гурван цагийн хэлхээнд байгаа. Өнгөрснөөсөө сайныг нь авдаг, өнөөгийнхөө шаардлагыг хангадаг, ирээдүйгээ харсан төр юм. Тиймээс ухаалаг төрийг гар зургаар хийх боломжгүй, технологийн дэвшил ашиглая гэж байгаа юм.

Нийслэл ганцхан шаардлага тавиад хар байшингаа хувьчилчих

Өнөөгийн төр засгийн бүтэц ямар байгаа билээ. Бид ямар бүтэц рүү шилжих хэрэгтэй билээ гэдгээ хэлэх гэсэн юм. Ухаалаг төр бол өөрөө хэмнэлттэй төр юм. Нэгд хуулийн хэрэгжилтийг хангах хэсэг, хоёрт судалгаа хөгжлийн хэсэг, гуравт үйлчилгээ хүргэх хэсэг, дөрөвт үйл ажиллагааг дэмжих хэсэг гэж ангилна. Үйл ажиллагааг дэмжих хэсэг дотор гэрээ, түрээс гэж ангилсан. Төр ер нь юуг гэрээ, түрээсээр хэрэглэж болох вэ? Төрд эд хогшил байх шаардлага байна уу? Бүх эд хогшлыг бид түрээсээр авч болно. Байшинг хүртэл түрээслэх хэрэгтэй. Нийслэл шинэ байшинд нүүх сурагтай байсан. Хуучин хар байшингаа ганцхан шаардлага тавиад л хувьчилчих. Энэ байшинг чинь төр түрээсэлнэ гээд л. Тэгвэл манай бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд худалдаж авахын төлөө явна. Яагаад гэвэл түрээслэгчид бэлэн, байнгын орлоготой байна. Хар байшингаа хувьчлаад бүх агентлагаа оруулчих. Ганц байшинд Монголын бүх агентлаг байж болно. Хуучин хэвлэх үйлдвэрийн байшингийн оронд яамдын байшинг бариад доогуур нь хонгил хийгээд төрийн ордонтой холбочих.

Төр түрээсэлдэг болчихвол түрээсийн зовлонг мэдэрч эхэлнэ

Монголд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам хоёр л тусдаа байшинтай байг. Төр түрээсэлдэг болчихвол түрээсийн зовлонг мэдэрч эхэлнэ. Төр буруу бодлого явуулаад л инфляци үүсгээд байдаг. Одоо түрээслэгч болчихоор зовлонг нь мэдэрнэ. Бүгдээрээ ард иргэдтэйгээ зовлон нэгтэй л байя л даа. Төрийг ийм хэлбэрт оруулах хэрэгтэй. Одоо энэ машин унаа, бүх зүйл түрээсийн байж болно. Жолоочийн цалин, нийгмийн даатгал гээд бүх асуудлыг тухайн компани хариуцна. Ингэснээр төрөө дагаад эдийн засаг босоод ирнэ. Шинэ бүтцэд орохыг хуучнаас ашиг олдог хүмүүс л эсэргүүцнэ. Монгол Улс ухаалаг төртэй болно. Бид хангалттай ярилцсан одоо шийдэх цаг болсон.

Лиценз олгодог албан хаагчдыг ажилтай нь хамт хувьд шилжүүлчихье

Хэчнээн ч хурал, ярилцлага, судалгаа хийв. Одоо бидэнд үйлдэл, шийдвэр, гүйцэтгэл хэрэгтэй байна. Өнөөдрөөс эхлээд Монголын төр миний энэ ярьж байгаа зүйл рүү орох ёстой. Тиймээс бид хуулийн төсөл танилцуулж байна.

Шинээр лиценз зөвшөөрөл бий болгохыг хориглоё, лиценз зөвшөөрлийг зөвхөн хуулиар бий болгоё. Дарга бүхэн лиценз бий болгодгийг зогсооё. Лиценз зөвшөөрлийн бүртгэл хийе. Улс орон даяар нийтэд зарлая. Хаана юу байна гэдгээ бүгдээрээ мэдье. Тэгээд лицензийг ялгая, хүчингүй болгоё. УИХ-аас лицензийг нэгдсэн журмаар баталдаг байя.

Би энэ индрийн хажууд лиценз зөвшөөрөл урж байсныг та бүхэн санаж байгаа байх. Төрийн албан хаагчдад энэ лиценз ашиг авчирч л байгаа бол тэр хогийн ургамал шиг ургаад олшроод байна. Тиймээс энэ хогийн ургамалтай биш хөрстэй нь тэмцье. Бүр болохгүй бол хөрсийг нь бетоноор цутгаж, юу ч ургахгүй болгоё. Ингэвэл бид асуудлаа шийдэж чадна.

Лиценз олгодог албан хаагчдыг ажилтай нь хамт хувьд шилжүүлчихье. “Та нартай төр гэрээ байгуулъя, харин та нар лиценз зөвшөөрөл олгодог байгууллага байгуул. Нэг жилийн хугацаатай давуу эрх эдэл, дараа нь бусад төстэй байгууллагатайгаа өрсөлдөнө шүү” гэж хэлье. Бүр ингэж чаддаггүй юм гэхэд лиценз зөвшөөрөл хувьд шилжиж байгаа бол түүнийг олгодог байсан этгээдийг тэр хувийн компаниудад аваач гэж хэлье. Иймэрхүү маягаар асуудал шийдэж болно.

Энд хэцүү юм байхгүй. Улс, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой нэг хэсэг лиценз зөвшөөрөл үлдэнэ. Тэдгээрийг нь УИХ нэгдсэн жагсаалтаар баталчих. Ингэвэл лиценз зөвшөөрөл нэмнэ барина гэхэд их хэцүү болно. Өнөөдөр бид  “Байгаа 20 лицензээ устгаад зөвхөн хоёр юм нэхэх ёстой шүү, хил дээр” гэхэд хориуланг нь нэхсээр л зогсож байна. Уг нь Засгийн газар хийгээд явж байгаа үйл явц. Гэтэл газар дээрээ хэрэгжилт нь явахгүй байна. Тэгэхээр үүнийг хуульчилъя. Хууль бол замын дүрэм, манайхан хуулиас давсан хэм хэмжээ тогтоож дураараа аашлаад байгаа учраас энэ нь явахгүй байгаа юм. Уг нь хуулиас давсан биш, яг замын дүрэм дотор чи яаж сайн ажиллах вэ гэдгээ гаргасан тийм журамтай байж болно.

Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хуулиар хязгаарлая

Хоёр дахь хууль нь төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай баймаар байна. Үндсэн санаа нь юу байх вэ гэвэл:

1.Шинээр төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулахыг хориглоё.

2.Төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийг УИХ-аас зөвхөн хуулиар байгуулъя.

3.Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-ийг төрийн албанаас тусгаарлаж компанийн удирдлагын шилдэг загварыг ашиглая.

4.Нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах хэлбэрийг түлхүү ашиглая. Ашгийн шалгуур тавья. Ашиггүй ажиллаж байгаа бол тэр төрд байгаад ямар ч шаардлага байхгүй. Нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах хэлбэрийг өргөн ашиглая.

5.Тайланг нь УИХ, Засгийн газрын хуралдаанаар жил бүр авч хэлэлцдэг болъё.

6.Төрийн өмчийн хорооны бүтцийг олон улсын жишиг стандартад нийцүүлье гэж байгаа юм.

Манайд өнөөдөр төрийн өмчит аж ахуйн нэгж 101 байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо 47653 гэжээ. Ер нь ухаалаг төр бол аж ахуй эрхлэгч төр биш. “Эрдэнэс Таван толгой” гэж алдартай компани бий. Тэр өөрөө нүүрс зөөж байх хэрэггүй байхгүй юу. Ухаалаг төрийн нөхцөлд ямар компани байж болох вэ. Маш энгийн, хуулийн компани байх хэрэгтэй. Цаасны компани л бай л даа. Гэрээ байгуул, тэр гэрээгээ л хэрэгжүүлэхийг нь хараад сууж бай. Хэрэгжихгүй болбол хариуцлага тооц. Өөрөө нүүрс зөөж, өөрөө нүүрс ухаж яах юм бэ? Бүгдээрээ ингээд өөрчилчихье.  Ингэх боломж байгаа биз дээ.
 
Шилэн дансны тухай хууль гаргая

 Энэ талаар би зарлиг гарсан байгаа. Олон газар шилэн дансанд шилжиж байгаа. Одоо хуультай болгоё. Төрийн бүх байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжид хамаарна. Нэг сая төгрөгөөс дээших төсөв, мөнгө хөрөнгийн зарцуулалттай бүх шийдвэр нээлттэй болно. Хугацаа заагаад өгчихнө. 24 цагийн дотор чи шийдвэрээ вэбсайтдаа эсвэл самбартаа тавих ёстой. Тавиагүй бол тэр нь таныг албан тушаалаас чинь өөрчлөх үндэслэл болно гээд заачихъя. Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтантай хариуцлага тооцъё. Манайхан хууль батлахдаа ганц мартдаг нь зүйл нь энэ. Тэгэхээр үүнийг мартахаа болъё гэж байгаа юм.

Ихэнх газар иргэд төр юмуу, улс төрөөс залхсан байдаг. Ганцхан юм сүрхий сонирхдог. Мөнгө сонирхдог. Татвар төлөгчдийн мөнгийг хэр зарж байна гэдгийг л сонирхоно.

Хувийн хэвшлийн хийж болох хөрөнгө оруулалтыг төсвөөс хийхийг, төр өр тавьж хувь эзэмшихийг зогсооё

Дараачийн хууль төсвийн хөрөнгө оруулалтын тухай. Төсвийн хөрөнгө оруулалт гээд олон жил ярилаа. Одоо үүнийгээ нэг тийш нь болгоё. Хувийн хэвшлийн хийж болох хөрөнгө оруулалтыг төсвөөс хийхийг, төр өр тавьж хувь эзэмшихийг зогсооё. Төрөөс зайлшгүй хийх хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталъя. Цахилгаан, дулааны шугам төр барих үүрэгтэй гэж байгаа. Гэтэл түүнийгээ барихгүй байгаа. Түүнээс болоод энэ хот томрохгүй, шинэ төслүүд явахгүй байгаа. Бусад хөрөнгө оруулалтыг тогтсон томъёогоор тооцоод орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулаад иргэд, орон нутгийнх нь мэдэлд өг. Гурав, дөрөвхөн жагсаалт гаргалаа. Түүндээ хөрөнгө оруулна, бусад нь хамаагүй. Төр цэцэрлэг барих ямар ч шаардлага байхгүй. Аж ахуйн нэгж хажуудаа ажилчдынхаа хүүхдэд цэцэрлэг байгуулбал урамшуулаад нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг нь өгчихнө. Бүүр дээрээс нь цэцэрлэг баръя гэж байгаа ээжид яг орон сууцны зээлтэй адил 8 хувийн хөнгөлөлттэй зээлээ өгчих. Монголын цэцэрлэгийн асуудал жилийн дотор шийдэгдэнэ.

Өөр нэг зарчим байгаа. Манайхан төсвийн хөрөнгө оруулалт гэдэг юманд их дуртай. Он дамжуулдаг. Дээр нь нэг байшин барьдаг, тэрний зардал, засвар гээд хачин юм болдог. Ганцхан зарчим тавья. Хөрөнгө оруулсан байгууламжийнхаа урсгал зардлыг хууль, гэрээнд өөрөөр заагаагүй болбол тэр хөрөнгө оруулагч хариуцна гээд. Тэгээд л болоо. Орон нутаг барьсан бол орон нутаг хариуц. Төр барьсан бол төр хариуц. Хамгийн энгийн ойлгомжтой шаардлага. Нэг суман дээр гурван цэцэрлэг барих гээд байхгүй л болчих байхгүй юу. Урсгал зардал байна. Төр зайлшгүй тохиолдолд хөрөнгө оруулагч байя. Төр хувь эзэмших хэрэггүй гэдгийг Оюу толгойн 34% орой руу ортол ойлгуулж байна. Тийм биз. Эзэмших бол хувьцаа эзэмш. Эргэлдээд явж байдаг, үнэлэгддэг.

Төсвийн мөнгийг зөвхөн дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулна

Төрийн бараа, үйлчилгээ худалдан авалтын хууль гаргая. Ямар үндсэн санаа байх ёстой вэ. Төсвийн мөнгийг зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулна. Эхнээсээ эцсээ хүртэл олон нийтэд энэ үйл явц нээлттэй ил тод байна. Орон нутагт иргэдээр хэлэлцүүлж шийдвэрлүүлье. Төрөөс ашгийн хэмжээ, бусад шалгуурыг нь зарлачихъя.

Бөөний зарчим гэж их чухал юм байгаа. Нэг суманд сургууль засах гэж байгаа бол тэрнийг засах цонх, бусад юмыг одоо гаднаас авахаас өөр аргагүй юм. Нийт аймгийн сургуулийг засах гэж байгаа бол дотооддоо үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ингэж дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээс өөр аргагүй. Бид нэг нэгээр нь хувааж өгөөд, нэг нэгээр нь хөөцөлдөөд байгаа учраас зарлага асар ихтэй, хэрэгжилт удаан байгаа юм. Үүнийг өөрчилснөөр монголд хэрэгтэй үйлдвэрлэлүүд хөгжинө, хүмүүс ажилтай, орлоготой болно.

Нэг жишээ хэлье. Барилга барихад их амархан боллоо. Газар авлаа, барилгынхаа яс мод, бетоныг нь цутгаж байтал иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө гүйлдээд ирж байна гэж барилгын компанийн хүмүүс хэлж байсан. Засал чимэглэлийг манай компани хийе. Манайх зуурмагийг нь нийлүүлье, манайх цахилгааных нь асуудлыг нь шийдье, манайх цонхыг нь оруулъя, манайх тавилгыг нь шийдье гээд бүгд уралдаж орж ирж байна гэнэ.

Төрийн үйлчилгээг ийм болгочих л доо. Тэгэхээр манай иргэд өөрсдөө гүйлдээд ирнэ. Та нар чадвараар нь уралдуулаад хийчих. Ажил чинь дороо босчих байхгүй юу. Яг иймэрхүү байдлаар цааш явъя. Ийм болчих юм бол манай төр тендерчнээрээ, идээчин, уугаачнаараа дуудуулаад суугаад байх ямар ч шаардлагагүй.

Би нэг юм хэлье. Ард иргэд алдагдсан эрхээ нэхэж байна. Миний тендерийг надад өг л дөө гэж байна. Сайд тендерийг минь авч явчихаад байна. Сумын даргын ширээг сайд нийлүүлдэг биш, би сумандаа мод хийдэг хүн, даргынхаа ширээг шаардлагынх нь дагуу хийгээд нийлүүлье гэж байна. Одоо энэ үгийг сонссоны дараа сумын Засаг дарга дээрээ, төрийн байгууллага дээрээ олон хүн гүйж ирэх байх гэж бодож байна. “За хойтон жил конторыг нь чинь будах асуудлыг би шийдье.  Би сайн будаг оруулж ирнэ, нэг бол дотооддоо будгийн үйлдвэр барья” гэнэ. Иймэрхүү маягаар явахаар дотоодын бүх үйлдвэр босно. Ингэж тендерийн асуудлыг шийдье, тэгэх үү.



Нэгд хэмжиж болохуйц, хоёрт хүрч болохуйц, гуравт ойлгомжтой энгийн зорилттой болъё
 
Дараачийн хууль. Бидэнд хөгжлийн нэгдсэн зорилго алга байна.  Үүн дээр нэг хууль гаргая. Нэгдсэн зорилттой болъё. Дэлхий нийтэд хамгийн их танигдсан нэгдсэн зорилт ганц байдаг. Тэр нь юу вэ. Мянганы хөгжлийн зорилт. Манай үндэсний хөгжлийн зорилт гээд бид шийдвэр гаргадаг боловч яагаад биелдэггүй юм. Нэг том ном байдаг, учир нь олдохгүй, маш их олон заалттай. НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт хоёрхон хуудас байгаа, 20-иодхон үзүүлэлттэй. Яг монгол тийм юм руу оръё. Арван хэдэн үзүүлэлттэй байж болно. Нэгд хэмжиж болохуйц, хоёрт хүрч болохуйц, гуравт ойлгомжтой энгийн. Ийм зорилттой болъё, үүнийг хуулиар тогтооё. Тэр зорилтоо хэдүүлээ ярилцъя.

ДНБ, нэг өрхөд ноогдож байгаа хуримтлалаа яаж дээшлүүлэх вэ гэдгийг хуульд нь зааж өгье. Бас төрийн бүх байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа мэдүүлэг бөглөдөг болъё гэж оруулъя. Одоо яамдаас санал авна, энд тэндээс авна гээд маш утгагүй юм хийж байгаа. Мэдүүлэгт нэгдүгээрт хууль тогтоомжид нийцэж байна уу, хоёрдугаарт монголын хөгжлийн зорилтод нийцэж байна уу, гуравдугаарт санхүүгийн хувьд үр өгөөжтэй юу, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй юу, нийгмийн хувьд үр өгөөжтэй юу гээ л болоо. Дараачийн хуульд байх ёстой нэг заалт байгаа. Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө монголын хөгжлийн зорилтыг хэрхэн хангах тухай заалтыг заавал тусгадаг байя гэж. Тэгээд л болоо. Түүнийг нь аудит, сонгуулийн байгууллага шалгадаг байя. УИХ, Засгийн газар жилд нэгээс доошгүй удаа монголын хөгжлийн зорилтын биелэлтийн явцыг хэлэлцдэг байя. 5 жил тутам УИХ-аас монголын хөгжлийн зорилтод нэмэлт оруулдаг байж болно гэж түүнд бас тусгах хэрэгтэй.

Мэдүүлэг гэснээс маш чухал нэг санаа хэлье. Ер нь шийдвэр бүрийн ард цаас үлдэж байх ёстой. Таны гаргасан шийдвэр, мэдүүлэг гэдэг бол дараачийн үеийн төрийн ажилтнуудын багш болно. Тэр дарга мөн холыг харж байсан байгаа шүү. Үүнийг “нийгмийн ашигтай” гэж тавиад, энэ нь санхүүгийн ашиггүй боловч нийгмийн ашигтай учраас энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө явсан байна лээ. Тэгээд өнөөдөр ийм үр дүнд хүрчээ хэмээцгээнэ. Манайд шалгалт хийх гээд очихоор харьцуулж шалгах юм байдаггүй. Мэдүүлэг үлдээдэг болчихоор түүнийг нь шалгачихна, тэгээд болоо. Мэдүүлэг бөглөхийг бүр хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Энэ хэлбэрийг бид ашиглаад эхэлчихсэн байгаа шүү дээ. Шүүгчид анхан шатанд  хэргийг авч хэлэлцэхээсээ өмнө мэдүүлэг бөглөж байгаа. Тэгээд шийдвэрийн чанарыг нь шалгаж байгаа. Сүүлийн үед чих халууцуулж байгаа газар бол Дээд шүүх. Дээд шүүхийн нөхдүүд их мөнгөтэй, их мөнгөний дүнтэй юмыг хүчингүй болгох дуртай байх шиг байна. Ийм шийдвэрүүд нэлээн хэд гарч байна. Хэдийгээр Дээд шүүх гэдэг байгууллага өөрөө хараат бус боловч гаргаж байгаа шийдвэр нь энэ монголын ард түмний явж байгаа зам, цаашаагаа олон түмэн харах сургамж болж үлддэг юм шүү гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх.

Бид хууль, шүүхийн байгууллагыг шинэчилж шударга ёс тогтооно гэж явж байгаа. Одоо хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл эрчимтэй явж байгаа. Бид үүнийг тултал нь явуулна. Дахиад гучин хэдэн хууль хэрэгтэй болж байгаа. Тэдгээрийг бид гаргах болно. Үүнтэй зэрэгцээд төрөө шинэчлэхгүй бол болохгүй юм байна. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг. Хээр алаг эхээс шийр алаг унага төрөөд байна. Тийм учраас ээжтэй нь ноцолдъё, төртэйгөө ноцолдъё. Төрөө ухаалаг, авлигагүй, хүнд сурталгүй зөв болгож авъя. Энэ зам руу хэдүүлээ явъя гэсэн бодолтой байгаа шүү гэдгийг хэлье. Үнэхээр ингэчих юм бол шүүхийн шийдвэр гарах тэр үйл ажиллагаа нь өөр болно.

Ухаалаг төр бол судалгаа, хөгжлийн байгууллага

Дараачийн хууль. Шинжилгээ, судалгаа хэрэгтэй гэж хэлсэн. Ухаалаг төр  бол судалгаа, хөгжлийн байгууллага. Ухаалаг төрийн сайдад судалгаа, шинжилгээний байгууллага л үйлчлэх ёстой. Хамгийн гол нь тэр сайд шийдвэр гаргах гэж байгаа учраас. Таны гаргах шийдвэр дээр ийм ийм зүйлийг анхаарах, тусгах хэрэгтэй гээд судлаад оруулж ирдэг байх учиртай. Технологийн дэвшил ашигладаг судалгааны байгууллага тэнд байх ёстой. Монголын хөгжлийн хүрээлэн гэдгийг байгуулъя. Монголын хөгжлийн хүрээлэнгийн бие даасан байдал болон судлаачдад тавих шалгуур, үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өгье. Одоогийн байгаа орон тоо, төсвийг нэмэхгүйгээр Стратегийн судалгааны төв, Үндэсний хөгжлийн хүрээлэн хоёр дээр суурилаад байгуулчихна. Хүрээлэнгийн зорилго нь улс орны урт хугацааны хөгжлийн талаарх судалгаа хийдэг, дүгнэлт гаргадаг, шийдвэр гаргагчдад бодлогын зөвлөлгөө өгдөг байх.

Манай шийдвэр гаргадаг хүмүүсийн хамгийн гол дутагдал бол өглөө аль хөл дээрээ босно, сэтгэл хөдлөл, санаанд юу орно, тэр нь шийдвэрт нөлөөлөөд байгаа. Тийм учраас ийм судалгаа, дүгнэлт чухал. Энэ асуудлыг нэг мөр шийдье. Бүх улс оронд байж байгаа бүтэц. Хэдүүлээ хамгийн сайнаар нь байгуулъя. Муу ажиллавал татан буулгая. Өөр юм байхгүй.

Төрд зөвхөн шилдэг нь, шударга нь, чадвартай нь гэсэн зарчим баръя

Төрийн албаны хууль. Ухаалаг төрд ухаалаг албат хэрэгтэй. Төрийн албанд ажиллагсдыг зөвхөн чадахуйн зарчимд тулгуурлан сонгож томилъё. Болж өгвөл засаг захиргааных нь нэгжид оршин сууж байгаа хүмүүсээс нь тэр шалгалтыг авдаг байя. Төрийн албанд шинээр томилгоо хийхийг хязгаарлая. Дарга нараа одооноос хязгаарла. Дээр нь шалгуурт тэнцэхгүй бол төрөөс явах зарчмыг баръя. Заавал төрд ирсэн хүн тэтгэвэрт гартлаа байх хэрэггүй. Төр бол хүнд суртал бойжуулдаг юмуу, асрамжийн газар биш. Шалгуурт нь тэнцэж байгаа бол ажилла, тэнцэхгүй байгаа бол та явчих. Өөр юм байхгүй, энэ зарчмыг бид хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд ажлын үр дүн, иргэдийн сэтгэл хангамжид суурилж урамшуулдаг байя. Төрд зөвхөн шилдэг нь, шударга нь, чадвартай нь гэсэн ийм зарчим баръя.

Төрийн нийт албан хаагчдын тоо өнөөдөр 161612 хүн байна. Дээр нь төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа 47653 хүнийг нэмээд иймэрхүү түвшинд бид асуудал ярьж байгаа шүү гэдгийг хэлье.

Шийдвэр, түүний бүртгэл, хяналтын тухай хуультай болж байж төрийн ой, санамж бий болно

Дараачийн хууль, Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, түүний бүртгэл хяналтын тухай. Манайд хамгийн болохгүй байгаа, хүмүүс нэг их ярьдаггүй асуудал. Манай сайд, дарга нар одоо УИХ-ын гаргадаг шийдвэрээс том шийдвэрийг гаргаж байгаа. Тэдний дор сууж байгаа агентлагийн дарга нар гаргаж байгаа, тэнд сууж байгаа газрын дарга нар гаргаж байгаа. Сүүлдээ шалгаад байхаар юу болсон гэхээр бүгдийг нь “нууц” гэж бичдэг болсон. Авгайнхаа дүүг ажилд авахдаа нууц тушаалаар авч байгаа. Ямар хэрэг байна. Тэгээд түүнийгээ үзүүлдэггүй, дараа нь устгадаг болсон. Монгол улсад хууль гаргадаг, хэм хэмжээ тогтоодог ганцхан байгууллага УИХ, чи биш. Үүнээс өөр хэм хэмжээ тогтоосон ямар нэгэн шийдвэр хаана ч гарах ёсгүй. Ялангуяа улс төрийн албан тушаалтан хүн ажилд аваад халаад сууж байх ёсгүй. Тэр бол ерөнхий менежерийн чинь ажил. Төрийг хачин муухай юм болгож байна. Та нар төрийн бүх байгууллагаар очоорой. Тэр шийдвэрийг нь шалгаад үзээрэй. Шийдвэр, түүний бүртгэл, хяналтын тухай хуультай болж байж төрийн ой, санамж бий болно, ингэж байж юм зөв болно. Одоо бүр шийдвэр албажихгүй байна. Их Хурлын гарсан шийдвэр нэг бол гарсан өдрөө, эсвэл хэвлэлд нийтлэгдээд 10 хоногийн дараа хэрэгжинэ гэж ярьдаг шүү дээ. Гэтэл Засгийн газар дээр юмуу, нэг сайд шийдвэр гаргачихсан, түүнийгээ мартчихсан, гурван сар албажуулаагүй байна гэх юм. Нэг бол албажуулахгүй байгаа нь юм хүлээгээд байгаа хэрэг. Юу хүлээгээд байгааг нь та нар бараг гадарлаж байгаа байх. Тиймэрхүү хачин муухай юмыг хэвшүүлж болохгүй. Тийм учраас нэгдсэн бүртгэлд оруулж энэ асуудлыг шийдье гэсэн юм.

Төр сайд, дарга нарын намынх нь, танилынх нь эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн цуглуулга болж хувирсан

Дараачийн хууль, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын бүтцийн тухай. Сонгууль бүрийн дараа монголын төрийг самардаг болсон.  24 жилийн утга учиргүй энэ үйл явдлыг зогсооё. Тийм учраас Засгийн газрын бүтцийг нь ухаалаг төрийн зарчимд нийцүүлээд үр ашигтай цомхон чадварлаг бүтэц байхаар хуульчилж өгье. Хуульд 10 жил тогтвортой мөрдөнө гэж бичье. Дээр нь, УИХ-ын нийт гишүүдийн 2/3 нь оролцож байж өөрчилнө гэж бичье. Тэгэхгүй бол сонгууль боллоо, нэг дураараа нөхөр очиж баахан самарч хаядаг, баахан бүтэц өөрчилдөг, баахан бүтэхгүй улсууд хажуудаа авдаг. Өнөөдөр манай төрд ухаалаг хүмүүс орж байна гэж та бүхэн бодож байна уу. Тэр нөхрийн намынх нь хүмүүс, тэр нөхрийн танил хүмүүс, хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн цуглуулга болж хувирсан. Тэднийг бойжуулдаг газар болгож хувирсан.

Хүмүүсээ, 1911 онд 5 яамтай байсан. Би бас Ерөнхий сайд хийж байсан. 1998 онд манай Засгийн газар есөн яамтай байсан. 2013 онд хэдэн яамтай байгааг мэдэх үү, 16 болсон. Одоо хэдүүлээ нэг бодмоор байна. Бодох цаг болсон. Дээрээс нь албан тушаалын давхардлыг арилгая гэж ярьж байгаа. Ийм зүйлүүдийг хэлэх гэсэн юм. Яагаад 10 жил, яагаад 2/3 гэж хэлээд байна вэ. Ер нь төрийн зарим зохицуулалт автомат байх ёстой. Цаг хугацаатай, хязгаартай байх ёстой. Энэ л сахилгыг бий болгодог юм. Автоматаар шийдчихье, зөв буруу нь хамаагүй. Төр олон талаараа миний харж байгаагаар онгоцтой адилхан. Ганц жишээ авч үзье. Энэ онгоц гэдэг унааны хэрэгсэл байгалийн хуульд зохицож бүтээгдсэн. Нэг нөхөр гарч ирээд загварыг өөрчилье, далавчийг нь авч хаяъя, дөрвөлжин авдар шиг болгоё гэж бодъё. Тэгээд дотор нь суугаад нисэх гээд үз дээ. Онгоц яг төрийн гүйцэтгэдэг үүрэг шиг аюулгүй байдалд хамгийн их анхаардаг. Хууль тогтоомж, дүрэм журмыг хамгийн чанга баримтлах ёстой. Онгоц хүнд үйлчилдэг. 30 зорчигч явж байгаа бол нэг үйлчлэгч байдаг. 300 зорчигчтой онгоцонд 10 үйлчлэгч байх ёстой байх. Манайд зургаан ямаанд 60 ухна гэдэг шиг төртэй болчихоод байна. Уг нь яг л онгоцтой адилхан байх учиртай. Нисэх багийн үүрэг нь тодорхой, хуульчлагдсан, журамлагдсан, нисэж буух тэр бүх юм нь цаг хугацаатай байдаг. Хянах самбартай, хянах самбар нь сайн ажилладаг. Манай төрийн хянах самбар ажиллахаа больсон. Ажиллагаагүй болсон. Та нар өөрсдийгөө хянах самбар нь ажилладаггүй онгоцонд суугаад явж байна, түүнийг жолоодоод явж байна гээд бод доо.

Монголын төрд хянах самбар ажиллаж байна гэж бодож байна уу та нар. Албан тушаалтнууд хариуцлага алдахад хариуцлага тооцож чадаж байна гэж бодож байна уу. Тийм зүйл ерөөсөө байхгүй.

Сая би та бүхэнд 10 хуулийн төсөл танилцууллаа. Энэ бол том  төрөөс ухаалаг төрөөс лүү шилжих, өнөөгийн байгаа байдлыг засварлах үндсэн ажил юм. Эдгээр ажлыг бүгдээрээ хийе.

Өөрөөсөө эхэлж хасах ажлаа хийгээрэй

Дараачийн миний хэлэх гэсэн зүйл. Яаралтай хийх ажлууд байна. Нэг ийм  асуулга явуулмаар байна. Бүгдээрээ засаг захиргааны нэгж, яам, агентлаг бүхэн дээр гуравхан асуулт асууя.

Нэг. Хэрэгтэй юу гэж асуу. Энэ яам, агентлаг, газар, хэлтэс, алба, хэсэг хэрэгтэй юу?

Хоёр. Энэ олон дарга, албан тушаалтан, зөвлөх, референт, мэргэжилтэн, шинжээч хэрэгтэй юу, өөрөөсөө асуу. Тэгээд дүнг гаргуулна. Үүнийг хийгээгүй нөхдүүдтэй хариуцлага тооцдог болъё. Дээр нь энэ байшин, машин, эд хөрөнгө, үйлчилгээнд гаргаж байгаа зардлыг заавал төрөөс гаргах хэрэгтэй юу. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой юу гэж асуу. Үүнийг заавал төр хийх ёстой юу гээд асуу. Гуравт нь энэ ажлыг яагаад бусдаар хийлгэж болдоггүй юм бэ? Гэрээгээр гүйцэтгүүлж болдоггүй юм, шилжүүлж болдоггүй юм, олон нийтийн байгууллага руу, мэргэжлийн байгууллага руу, аж ахуйн нэгжүүд рүү, орон нутаг руу, иргэд рүү яагаад шилжүүлж болдоггүй юм бэ гэдгийг та бүхэн асуугаад үз дээ. Одоо асуухад хамгийн эхний хариулт нь “Хуультай шүү дээ Ерөнхийлөгч өө” гэж тэгж гарна. Хуулийг чинь өөрчилье. Хуулийг чинь хүчингүй болгоё. Яг лиценз, зөвшөөрлийг яаж алга болгож байна, яг тийм байдлаар бид асуудлыг шийдье гэж байгаа юм. Хамгийн гол нь энэ ажлыг төр өөрөөсөө эхэлье, та нар юм асуу, өөрөөсөө хас гэхээр хамгийн дургүй нэг дутагдал байдаг юм. Төр өөрөөсөө бусдыг хасдаг байхгүй юу. Дарга бол өөрөөсөө бусдыг хасна. Энэ илүү байна. Нөгөө албан тушаалтанд өөр яам л илүү харагдаад байгаа. Таны яаман дотор ч хэрэггүй юм зөндөө байгаа. Тэгэхээрээ өөрөөсөө эхэлж хасах ажлаа хийгээрэй.
 Монголын төрд дундаж дарга сард 3 сая төгрөгийн зардал гаргаж байгаа. Машин, бензин хэрэглэж байгаа. Та өрөөнд сууж байгаа, тэрний дулаан, цахилгааныг өөрийнхөө зардал гээд тооцоод үз дээ. Тэгвэл 3 сая байтугай гарна. Тэгээд утас, шуудан. Ганцхан даргын асуудлыг шийдэхэд 150 хүүхдийн мөнгийг өгч болж байна. Хүүхдийн 20 мянгыг ярьж байна. Бид хүнд хийсэн хөрөнгө оруулалтаа танах гэж явах юм. Болохгүй байгаа юмаа энэ бүтцээр хэдүүлээ өөрсдөө өөрчилье, нэг агентлаг, нэг яамны асуудлыг шийдвэл ямар зардал хэмнэгдэхээр байна харагдаж байгаа. Саяын миний ярьж байгаа юмыг хэцүү ажил биш гэж ойлгоё, боломж гэж ойлгоё. Үүнийг эдийн засгаа хөгжүүлэх арга гэж ойлгоё, бизнес гэж ойлгоё. Судлаачид бүгдээрээ ажилтай боллоо, төрийг хэрхэн цомхон болгох вэ, та нар судалгаа хийгээд ир. Энд программ хангамжийн компаниуд байгаа бас саналаа оруулаад ир. Одоо чиний ажил явж эхэлнэ. Нөгөө төрийн ажил үүрэг шилжээд ирэхээр ямар олон бизнес орон нутагт бий болж байна, ямар олон үйлдвэр бий болж байна гэдгийг би түрүүн хэлсэн. Ийм маягаар хэдүүлээ ажиллая. Төрийг хардаг хуучин сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Шинэчлэлийн хамгийн чухал зүйл бол шинэ санаа хэрэгжүүлэхэд биш, хуучнаасаа салахад байдаг гэдгийг хэлье.



УИХ юу хийх хэрэгтэй вэ?

Дараачаар нь УИХ юу хийх хэрэгтэй вэ. Би 10 ажил тавьсан байгаа.

1.Парламентын нээлттэй сонсгол, хянан шалгах, хариуцлага тооцох тогтолцоог иж бүрэн бүрдүүлж хэрэгжүүлье.

2.УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлэх, зогсоох, чөлөөлөх, огцруулах зэрэг хариуцлагынхаа тогтолцоог амьдруулж ажиллуулъя.

Өнөөдөр манайд хоёр туйл болчихоод байна. Ажил дээр томилогддог, нөгөө талд нь хэрэгт ордог. Уг нь хүний амьдрал дунд нь зөндөө юм байгаа. Энэ асуудлаа Их Хурал хийхгүй байна. Ерөнхийлөгчөөс томилдог албан тушаалтны албан тушаалыг нь Их Хурал өөрчилдөг, түдгэлзүүлдэг болох хэрэгтэй. Засгийн газар бас адилхан. Та бүхэн бод доо. Их Хурал дээр 7 хоногт ард түмний дунд хамгийн хариуцлага алдсан гэж этгээдийг дуудаж ирээд асууж байгаад шууд байнгын хороон дээрээ санал хураагаад албан тушаалаас нь чөлөөлөөд явуулчихдаг бол энэ монгол маш их хариуцлагатай улс болно. Энэ бүх хариуцлага аймаг, сум руу очно. Монгол улс хариуцлагатай төртэй болно. Ард түмнийхээ өмнө нүүр бардам төр болно. Үүнийг та нар хийж чадахгүй байна. Энэ ажлыг хийх хэрэгтэй. Дээрээс нь алдагдалтай төсөв батлахгүй байх хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын хуулийг тууштай мөрдөх хэрэгтэй. Төсвийн сахилгыг цаашаагаа чангатгах хэрэгтэй. Төсвийг бай гэж үзвэл УИХ 10-ыг л онодог байх ёстой. 2013 оны төсвийн гүйцэтгэлээр хэдийг оносон байна. Та нар харсан уу. 7-г онож чадсан уу. Одоо 2014 оны төсөв хэдийг оноо бол. 10-ыг л онодог байх ёстой. Татвар, төсөвтэй холбоотой хууль санаачлах эрхийг зөвхөн Засгийн газарт өг. УИХ-ын гишүүд татвар, төсөвтэй холбоотой хууль санаачлах гээд гүйгээд байдгаа болих хэрэгтэй. Төрийн бараа, үйлчилгээний болон захиргааны зардлыг нэг хэсэг царцаая гэж байгаа. Засгийн газрын бонд, зээл, түүний хуваарилалт, зарцуулалт, төлөлтийг зохицуулсан хуультай болъё гэж байгаа юм.

Чингис бонд гээд бид их ярьдаг. Хөгжлийн банк гээд анхаармаар юм олон байгаа. Энэ мөнгийг зарахаас өмнө хуулиа гарга гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан. Одоо энэ хуулийг бий болгох хэрэгтэй. Яагаад зээл босгочихоор Засгийн газар өөрөө хуваарилаад байгаа юм. Тийм байгаа биз дээ, тэгээд хяналт байхгүй. Тэгэхээр хуулиа гаргачихаад дараа нь зээлийнхээ тухай яриа гэж хэлмээр байна.

Чингис бонд дөрвөн жилийн дараагаар төлөгдөнө. Хөгжлийн банк явж байгаад аягүй бол найдваргүй зээлийн үүр болчихсон байх вэ дээ. Тийм муу юм бүү сонсогдоосой гэж би хувьдаа бодож байгаа.

Төв банкинд тавих хяналтыг сайжруулаад алт, валютын нөөцийн зохистой харьцааг барьж нэмэгдүүлэх арга хэмжээ авъя. Дараа нь төрийн шинэтгэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих дэд хороог УИХ бүтэцдээ байгуул. Дээр нь Олон улсын болон хөрөнгө оруулалтын батлагдсан гэрээтэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын санал, санаачилгаар хөнддөг бай. Төрийн болон улс төрийн албан тушаалтан хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хийхийг хуулиар хоригло. Үүн дээр мэргэжлийн баг байх хэрэгтэй байдаг юм.

Засгийн газар 12 ажлыг яаралтай хийе

 Бид төрийн тухай ярьж байгаа, эдийн засгийн тухай ярьж байгаа. Эрчим хүчээр өөрийгөө хангая. Нэмэлт үйлдвэрлэл, найдвартай хангалт, экспортлох боломжийг энэ эрчим хүчний бүтэцдээ бий болгоё. Төмөр замын бүтээн байгуулалтаа хурдан хийе. Шинэ төмөр замаа барь, дамжин өнгөрөх төмөр замын асуудлаа шийд. Төмөр замынхаа шинэчлэлийг шийд. Шатахуунаар өөрийгөө хангах асуудлыг хэрэгжүүл. Эхлээд олон эх үүсвэрээс урт хугацаатай гэрээ байгуулъя, дараа нь дотоодын нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийг одооноос эхлүүлье гэж байгаа юм. Уул, уурхайн бүтээгдэхүүнээс бусад экспортыг 30%-д хүргэ. Манайд уул, уурхайн бүтээгдэхүүн 97%, нөгөөдөх нь 3 хувь байгаа. Үүнийг 70:30 болгоё. Агаарын тээврийг хөгжүүлье. Монгол шиг уудам газар нутагтай улсад үнэхээр энэ каб байгуулах, олон улсын бараа, үйлчилгээний агаарын тээврийн төв бий болгох, дээр нь жижиг онгоцны үйлчилгээ гаргах юм бол энэ дарга нар явдаг машинаас хямдхан үйлчлэх боломж байгаа. Тийм учраас үүнийг Монголд бий болгоё. Түргэн шуурхай хийе, экспорт нэмэх, импорт орлох үйлдвэрлэлийг дэмжье. Уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, шинэ технологид суурилъя. Засгийн газар хөрөнгө оруулалтад ач холбогдол өгч бай. Засаг зээлэхээрээ хуваарилалтаа хяналтгүй хийж байна. Дараа нь ард түмэн төлдөг юм.

Манай засагт хоёр юм буруу байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн давхар байгаа нь буруу байна. Хоёрт нь, зээлд дуртай байгаа нь буруу байна. Үнэхээр улс оронд хийх томоохон шаардлагатай асуудлууд байвал Их Хурал ярьж байгаад хуулиар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудлаа хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Үндэсний мэргэжлийн зөвлөх баг, үндэсний төслийн санг бий болгоё. Засаг төр өөрөө төсөл хийгээд байх хэрэггүй. Манай энэ олон бизнесүүд төслөө хийгээд ирнэ. Техник эдийн засгийн үндэслэл нь гарчихсан, банк зээл өгөхөд бэлэн тийм үйлдвэрлэл, тийм төслүүдийг дэмжье. Тэгээд л болоо. Тэгэхэд л монголын бизнес босоод ирнэ ээ. Өөрсдөө хийх гээд, өөрсдөө оролцох гээд хувь авах гээд гүйлгээд байх ямар ч шаардлага байхгүй. Бизнесийн дарамт, сүүдрийн эдийн засгийг арилгах, өсөлтийг дэмжсэн татварын шинэчлэл хийе.

Миний хэлдэг зүйл гэвэл “төр хууль, стандартыг сахиулах хэрэгтэй”. Мэргэжлийн хяналтынхан бол стандарт сахиулагчид байгаа юм. Та нар нэг зүйлийг сайн мэднэ. “Ерөөл” гэдэг архины стандартыг “Хараа” гэдэг архи хамгийн илүү сахиулж чадаж байна гэж байгаа. Тэгэхээр тэнд заавал мэргэжлийн хяналт хэрэг байна уу. Хэрвээ тэр архи стандартаа сахиагүй бол хариуцлага л тооцчихъё л доо. Төр чинь хүний мууд жаахан дуртай. Өөрөө сахиулах гээд, мэргэжлийн хяналт гээд авдар архинаас гурвыг нь сугавчилж гүйгээд л... Ямар заваан юм бэ та нар. Одоо үүнийгээ боль л доо.

Улсын хөрөнгө оруулалтын зэрэглэлийг өсгөх хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, баялгийн болон итгэмжит сангийн тогтолцоог бүрдүүлье гэж байгаа.  Улс гэдгийг цаана ард түмэн гэж ойлгох хэрэгтэй. Төр гэдгийн цаана хууль тогтоомж гэж ойлгоё. Олон улсын нийтлэг стандарт, өндөр технологийн шаардлагыг тууштай мөрдье. Гуравхан юмыг маш тодорхой хэлье. Евро стандарт, Япон, Герман технологи. Тэгээд л болоо. Бид өөрсдөө стандарт тогтоох гээд байх хэрэггүй. Ийм стандартлаг хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм стандартын технологийн үйлчилгээ хэрэгтэй. Ингээд л яв. Бидэнд олдож болохоор хамгийн ойрхон боломжтой гурван стандарт, технологи энэ байна. Энэ  олон зүйлийг шийдэж өгнө гэж бодож байгаа.

Бүс нутгийн интеграцад идэвхтэй оролцох, хөрш орнуудтай харилцах харилцаандаа онцгой анхааръя. Засгийн газартай холбогдуулж нэлээн эдийн засаг руу чиглэсэн асуудлуудыг би хэллээ. Эдийн засаг, мөнгө гэдэг бол бодлоготой ч, бодлогогүй ч үр дагавартай байдаг. Сайн ч бай, муу ч бай мөнгө мөр үлдээдэг, эдийн засаг мөр үлдээдэг гэдгийг байнга бодох хэрэгтэй.

Өөр хэдэн асуудал байна. Хүний хөгжлөө гол болгоё. Хүн бүр хүүхдээ боловсролтой, эрүүл, зөв хүн болгож өсгөе гэж байгаа. Тийм учраас боловсролын эрс шинэчлэлээ хийе, эрүүл мэндийн эрс шинэчлэлээ хийе, даатгалын тогтолцоондоо эрс шинэчлэл хийе, энэ ажлуудын цаг нь болсон. Нийслэл, орон нутгийн хөгжлийн шинэ төлөвлөгөөг дэмжих хэрэгтэй. Тогтвортой өсөлт бүхий ногоон хөгжлийн бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэх хэрэгтэй. Газар, газрын харилцаа, өмчлөл, эргэлт гээд том асуудал хүлээгдэж байгаа. Үүнийгээ шийдье.
Төр, гэр бүлийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөлд хэдүүлээ шилжье

Бизнесийнхэнд ганц зүйл хэлье. Бизнес гэхээр төрийн өмчит аж ахуйн нэгж ч орж байгаа юм. Хувийнхан ч орж байгаа. Төр, гэр бүлийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөлд хэдүүлээ шилжье. 100 тэрбумаас дээш эргэлттэй компаниуд одоо олон нийтийн болох хэрэгтэй. Наад зах нь дотоодын хөрөнгийн биржээр дамжуулаад 30 хувьцааныхаа хувиа зарахын төлөө яв. Ингэх юм бол Засгийн газар хөрөнгийн биржээ зөв ажиллуулахын төлөө явна. 10 мянган иргэн танай компанийн хувьцааг эзэмшдэг байх юм бол танай компанийг 10 мянган иргэн хамгаалах болно. Төрөөс буруу шийдвэр гаргуулахын эсрэг 10 мянган иргэн зогсох болно. Түүгээр дамжаад 10 мянган хүн дундаж амьдралтай иргэн болоод хамтдаа баялгаа бүтээнэ. Заавал хэдхэн хүн авч яваад яах гээд байгаа юм бэ. Энэ чинь эргээд бусдад наалдахгүй шүү дээ. Энэ асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Ингэх юм болбол компанийн засаглал сайжирна. Тэгээд нийгмийн хариуцлага нь нэмэгдэнэ. Энд манай хэвлэл мэдээллийнхэн тусдаа бүлэг болж орж байгаа. Энэ асуудлуудаар олон нийтийн хэлэлцүүлэг хийгээрэй гэж хэлэх гэсэн юм.

 Төгсгөлд нь хэлэхэд орон нутгийнхан оролцож байгаа. Хөгжлийнхөө асуудлаар хэлэлцүүлэг хийе. Өнөөдрийн миний энд ярьж байгаа зүйлийг газар бүхэндээ яриач ээ. Хөгжлийн зорилгоо тодорхойл. Аягүй бол хувийн компани дээр хүртэл яримаар юм сонсогдож байгаа. Байгууллага бүхэн дээрээ яаж ухаалаг систем рүү шилжих вэ, яаж илүү үр дүнтэй аргаар өөрийн үйлчилгээгээ олон түмэнд хүргэх вэ гээд ярь. Ерөнхийлөгчийн хувьд саяын хэлсэн ажлуудыг хийхгүй бол тэр хуулийн төсөл бусад зүйл дээр хамтарч санаачилж түлхэхээс өөр аргагүй болох байх. Бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахын төлөө явъя. Хуулийн засаглал, төрийн шинэчлэл, аюулгүй байдал гэсэн гурван том асуудал байгаа. Дээр нь Үндсэн хуульд орсон долоон өөрчлөлттэй холбоотой зүйлийг ярьж болох юм гэж бодож байгаа. Одоо салбар хуралдаанд ороход товхимол тараана. Миний ярьсан зүйлүүд бараг бичигдээд зэрэг гарч байх ёстой. Төгсгөлд нь бид  санал хураана гэдгийг хэлье. Үдээс хойших хуралдаан үр дүнтэй болох болтугай.

Амжилт хүсье.

Баярлалаа.
 
Эх сурвалж: www.president.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment