“Гранд Мед” төв эмнэлэг ашиглалтанд оржээ

2013 оны 11 сарын 17-ны өдөр Жигүүр Гранд Группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар, Зайсанд шинээр баригдсан Гранд Мед Төв эмнэлэг нь ашиглалтанд орлоо. Тус эмнэлэг нь 160 гаруй эмч ажилчинтай, энгийн болон хагас люкс зэрэглэлийн өрөө бүхий хэвтэн эмчлүүлэх нийт 120 ортой. Мөн орчин үеийн эмнэлгийн дотоод электрон сүлжээ (EMR, OCS), Дүрсэн мэдээлэл хадгалах дамжуулах систем (PACS), эмнэлгийн хийн ситемүүдээр иж бүрэн тоноглогдсон.
 Гранд Мед Төв эмнэлэг Нуруу нугасны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлэх 3-р шатлалын эмнэлэг бөгөөд дүрс оношлогоо, клиник лаборатори, дуран, дотор, ерөнхий мэс засал, арьс, харшил, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, шүд болон нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хэсэгт Шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт мөн гэж заасан.

Эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар оношлогооны томоохон төвийг байгуулж, эх орондоо бүрэн оношлуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр “Жигүүр Гранд Групп” нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Нуруу нугасны төрөлжсөн нарийн мэргэжлийн “Гранд Мед” Төв эмнэлгийг бүрэн ашиглалтан оруулж, нээлтээ хийж байна.

Тус эмнэлэг нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Сиймэнс брендийн 2013 оны шинэ технологи загварын 1,5 тесла хүчин чадалтай Соронзон Резонанст Томографи (МRI), мөн 2013 оны шинэ загварын олон тоолуурт Компьютерт Томографи (CT), дижиталь рентген зэрэг Дүрс оношлогооны тоног төхөөрөмж, Германы улсын Рош, Япон улсын Сисмекс компаниудын Лабораторийн бүрэн автомат анализаторууд, Германы Карл Зейс, Артекс компаниудын бичил хагалгааны дуран, дурангийн мэс залын багажуудаар тоноглосон 10000 класс-тай 3 вакуум хагалгааны өрөөтэй ба плазм болон уурын  ариутгалын орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулагдсан.

Тус эмнэлэгт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Европын холбооны улсуудад ажиллах эрх бүхий Бүгд Найрамдах Солонгос улсын эмч АУ-ны доктор, профессор Ли Жи Ён,  мөн доктор Квак Сан Вон нар болон Солонгосын сувилагч, техникч нар манай эмнэлгийн эмч, ажилтануудтай  хамтран оношлогоо эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, технологи  ашиглан Нуруу нугасны бичил мэс заслыг олон улсын стандартын дагуу хийх гэж байна.

Мөн өвдөлтийн эмчилгээ (Pain management) нь тус эмнэлгийн онцлог давуу тал бөгөөд Эхо, рентгений хяналтанд доор нарийн мэргэжсэн эмч хатгалт хийж эмчлэнэ.

“Жигүүр Гранд Групп” ард түмнийхээ өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагаа бүрэн баталж, Засгийн Газар, ЭМЯ-ны бодлого, шийдвэрийг баримтлан, нарийн технологи, ихээхэн хөрөнгө хүч шаардсан Нуруу нугасны Төрөлжсөн нарийн мэргэжлийн 3 дахь шатлалын эмнэлэгийг ашиглалтанд оруулж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нуруу-нугас-нугалам хоорондын жийргэвчийн өвчин үндэсний хэмжээний анхаарал татсан эмгэг болж, Монгол хүний амьдралын хэв маягийн өөрчлөлт, суудлын ажил, автомашины хэрэглээ, барилга-уул уурхайн салбарын хөгжил зэрэгтэй холбоотойгоор ид хөдөлмөрийн насны залуу хүмүүсийн дунд давамгай тохиолдож, тэднийг хөдөлмөрийн чадваргүй, тахир дутуу болгож байна.

Иимд энэхүү өвчнийг эх орондоо эмчлэх боломж бүрдэж, дэлхийн түвшинд Нуруу нугасны бичил мэс засал хийх Солонгос-Монголын эмч нарын баг, орчин үеийн техник технологи бүхий энэхүү эмнэлгийг ард түмнийхээ өмнө үүд хаалгаа нээж байна.

“Гранд Мед” Төв эмнэлэг ажиллаж эхэлснээр:
  • Монгол улсад оношлож, эмчлэх боломжгүй 27 өвчний жагсаалтад орсон, “Мэдрэлийн ёзоорын дарагдал” өвчнийг эх орондоо бүрэн эмчлэх,
  • Маш нарийн ур чадвар шаардсан Нуруу, нугасны бичил мэс заслын Үндэсний чадварлаг баг бий болох,
  • Нуруу нугасны мэс заслын сургалт, судалгааны Үндэсний төв бий болох,
  • Гадаад руу чиглэсэн мөнгөний урсгалыг сааруулах,
  • Хөрш орнуудаас Монгол руу чиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалын эхлэл тавигдах зэрэг гэх мэтчилэн олон эерэг үр дүнгүүд гарах юм.
“Гранд Мед” Төв эмнэлэг Эмнэлгийн Амжилтын үндэс-Тулгын гурван чулуу болсон Эмнэлгийн Менежемент, Технологийн шинэчлэл, Эмч-эмнэлгийн ажилчдын Тасралгүй сургалтад байнга анхаарч, хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийж, Эмнэлгийн ажилтны Мэдлэг, Хандлага, Чадварт суурилсан Дэмжлэгт удирдлагаар хангаж ажиллах болно.




Хаяг: Хан Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 1, Гранд Мед эмнэлэг
Холбогдох утас:  7700-0066, 9990-1235

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment