Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын анхааралд


        Улсын хэмжээнд 2013 оны эхний 9 сарын байдлаар нийт 59685 эх төрж, 21 эх эндсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлтийн тоо 4074-өөр нэмэгдэж, эндэгдлийн бодит тоо 7-оор буурсан үзүүлэлттэй байна.
Гэвч энэ оны 10 дугаар сард эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь аймаг орон нутагт, нэг нь Улаанбаатар хотод гарсан байна. Эхийн эндэгдлийг авч үзэхэд манас таталт, умайн урагдал, үжил зэрэг бүгд эх барихын шалтгаантай байсан.       

Иймд дээрх байдалд дүгнэлт хийж, эмнэлгүүдэд эх барихын яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, жирэмсний хяналтыг сайжруулах, жирэмсэн үеийн эмгэгийг эрт илрүүлэн, хүндрэхээс сэргийлэх арга хэмжээг хугацаа алдалгүй авах, эхийн биеийн байдлыг зөв үнэлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ажиллах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг тасралтгүй авч ажиллах шаардлагатай байна.
     Түүнчлэн тусламж, үйлчилгээний байдалд дотоодын хяналтыг байнга тавих, чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын хариуцлагыг чангатгах шаардлагтай.
мөн хүйтний улиралд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж, түүнчлэн бага насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр хүндрэх нь багагүй байдаг. Үүнтэй холбоотой иргэдийн дунд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулах, өвчтөнд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулъя. 
        Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ жилийн өвөл өмнөх онуудаас илүү хүйтэрч, цас их унах төлөвтэй гэж мэдээлж байна. Өвөлжилт хүндрэхтэй холбоотой эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн тасралтгүй бэлэн байдлыг хангах, алслагдсан нутагт амьдарч байгаа малчин жирэмсэн эхүүдийг эхийн амрах байранд урьдчилан авчрах, эрсдэлтэй эхчүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт хугацаа алдалгүй шилжүүлэх зэрэгт шаардагдах шатахууны нөөцтэй байх, машин, техникийн бэлэн байдлын хангах зэрэг зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдэж байна.


Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment