Дэлхийн эрүүл мэндийн салбарын тэмдэглэлт өдрүүд


Аливаа өвчний эсрэг дэлхий нийтээрээ хэрхэн тэмцэж байгааг илэрхийлэх нэг зүйл бол тухайн

өвчинд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах тэмдэглэлт өдөр юм.
  • 2 сарын 4. Хорт хавдартай тэмцэх өдөр (World Cancer Day).1933 онд болсон Женевийн чуулган уулзалтаас үндэслэн, Олон улсын хавдрын хяналтын нийгэмлэг, НҮБ-ийн санаачлагаар 2005 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэх болсон байна. Өнөөдөр 120 гаруй орны хорт хавдартай тэмцэх 500 орчим байгууллага энэхүү өдрийг тэмдэглэдэг болжээ. Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна. Гэтэл хорт хавдрын нийт тохиолдлын 40%-иас сэргийлэх боломжтой байдаг ажээ. 
  • 3 сарын 6-12. Глаукоматай тэмцэх дэлхийн 7 хоног (World Glaucoma Week). Дэлхийн глаукомагийн холбоо болон Дэлхийн глаукома өвчтөнүүдийн холбооны дэмжлэгтэйгээр 2007 оноос хойш тэмдэглэж байна. Уг өвчин нь хараагүй болох шалтгааны 2-рт катаракт буюу болор цайх өвчний дараа ордог байна.
  • 3 сарын 24. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр (World Tuberculosis Day). 1882 оны энэ өдөр Германы нэрт эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээсэн тухайгаа Берлин хотноо Физиологийн нийгэмлэгийн хуралдаан дээр зарлажээ. Ингээд Роберт Кохын энэхүү илтгэлээ тавьсны 100 жилийн ой буюу 1982 онд Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс 3 сарын 24-нийг Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон зарлажээ.
  • 4 сарын 7. Дэлхийн эрүүл мэндийн өдөр (World Health Day). 1948 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн ассемблийн анхдугаар чуулга уулзалтыг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” нэртэй зохион байгуулсан нь 1950 оноос эхлэн жил бүрийн 4 сарын 7-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэж байхаар болсон байна.
  • 5 сарын 31. Дэлхийн тамхигүй өдөр (World no-tobacco day).1987 оноос эхлэн ДЭМБ энэ өдрийг тамхигүй өдөр болгон зарласан бөгөөд 24 цагийн турш тамхины төрлийн зүйлээс татгалзахыг уриа болгодог аж.
  • 6 сарын 26. Мансууруулах бодистой тэмцэх өдөр (World drug day). Жил бүр 210 сая хүн мансууруулах бодисын нөлөөнд ордгоос 200 мянга орчим нь үүний улмаас нас бардаг байна.
  • 7 сарын 28. Элэгний үрэвсэлтэй тэмцэх дэлхийн өдөр (World Hepatitis Day). Жил бүр ойролцоогоор 500 сая хүн гепатитын В, С вирүсийн аль нэгээр халдварладаг аж. Тэгэхээр 12 хүн тутмын 1 нь халдвар авдаг гэсэн үг.
  • 8 сарын 1-7. Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн 7 хоног (World Breastfeeding Week). Уг долоо хоногийг анх 1992 онд тэмдэглэж байсан бөгөөд одоогоор Unicef, WHO, FAO, IPA тэргүүтэй олон улсын байгууллага болоод дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг болжээ.
  • 9 сарын 28. Галзуу өвчинтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр (World Rabies Day). Энэхүү тэмдэглэлт өдрийг Галзуу өвчнийг хянах дэлхийн холбооны зүгээс жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. 9 сарын 28 гэдэг бол галзуу өвчний эсрэг вакциныг анх гаргаж авсан эрдэмтэн болох Луис Пастерийн нас барсан өдөр юм байна. Галзуу өвчинтэй тэмцэх өдрийн гол зорилго нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх болоод уг өвчний байгалийн голомтыг устгахад хувь хүн, байгууллагууд хэрхэн тэмцэх тухай зөвлөгөө мэдээллээр хүн амыг хангах, хүн амьтдыг галзуу өвчний хор уршгаас сэргийлэх болгоомжлолыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна.
  • 10 сарын 10. Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр (World Mental Health Day). Энэхүү өдрийг сэтгэл зүйн эрүүл мэндийн холбооны санаачилгаар 1992 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэх болжээ. Эл өдөр тус холбооноос сэтгэл зүйн чиглэлээр сэтгүүл хэвлэн гаргаж, Засгийн газрын байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад илгээж, олон улсын хөдөлгөөнд оролцохыг уриалдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдгөө сэтгэл мэдрэлийн өвчнөөр 450 сая хүн өвчилсөн байгаад анхаарлаа хандуулахыг уриалж байна. Барууны орнуудад долоон хүн бүрийн нэг нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн гажиг ба архинд донтох эмгэгтэй байдаг аж. Энэ өдрийн гол зорилго нь Альцгеймерын өвчин, сэтгэлийн хямрал, сэтгэцийн гажиг, хар тамхины хамаарал, унах өвчин ба оюуны хомсдол зэргийн эсрэг тэмцэхэд чиглэгддэг.
  • 10 сарын 20. Ясны сийрэгжилттэй тэмцэх олон улсын өдөр (International Osteoporosis Day).Жил бүрийн энэ өдрийг хүн амыг бодисын солилцооны гаралтай ясны эмгэг болон остеопороз (ясны сийрэгжилт) өвчний эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн талаархи мэдээллээр хангах зорилгоор тэмдэглэдэг аж. Олон улсын яс сийрэгжилтийн нийгэмлэгээс зохион байгуулдаг уг өдрийг дэлхийн 90 гаруй орон тэмдэглэдэг болжээ. Анх 1996 оны 10 сарын 20-нд Английн яс сийрэгжилтийн үндэсний холбооны санаачлагаар тэмдэглэгдэж эхэлсэн бол 1997 оноос хойш Олон улсын яс сийрэгжилтийн нийгэмлэг зохион байгуулдаг болсон байна.
  • 11 сарын 12. Уушигны үрэвсэлтэй тэмцэх өдөр (World Pneumonia Day). Анх 2009 оны 11 сарын 2-нд уушгины үрэвсэлтэй тэмцэх өдрийг тэмдэглэж эхэлж байсан болж 2010 оноос эхлэн 11 сарын 12-ныг албан ёсоор уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ.
  • 11 сарын 14. Чихрийн шижинтэй тэмцэх өдөр (World Diabetes Day).Чихрийн шижин өвчин өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ өвчний үед цусан дахь глюкоз (сахар)-ын хэмжээ ихэсдэг. Тэгвэл цусан дахь глюкозын хэмжээг хэвийн түвшинд зохицуулж байдаг даавар болох инсулиныг анх Канадын эрдэмтэд болох Фредерик Бантинг, Чарлес Бест нар 1922 онд илрүүлжээ. Инсулинийг нээсэн хүмүүсийн нэг, эмч физиологич Фредерик Бантинг 1891 оны энэ өдөр төрсөн юм. Түүний гавьяаг үнэлэн энэ өдрийг чихрийн шижинтэй тэмцэх өдөр хэмээн зарлажээ.
  • 11 сарын 17. Уушгины архаг бөглөрөлтөт өвчинтэй тэмцэх өдөр (World COPD Day).Анх 2002 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд дэлхий даяар 210 сая хүн уушгины архаг бөглөрөлтөт өвчинтэй байдаг гэсэн тооцоо гарчээ. Энэхүү өдрийг тэмдэглэж буйн гол зорилго нь дээрхи өвчнөөс сэргийлэх, эмчлэх, оношлох тухай мэдээ мэдээллээр хангах замаар уг өвчинтэй тэмцэх явдал юм.
  • 12 сарын 1. ДОХ-той тэмцэх өдөр (World AIDS Day).Энэ өдрийг HIV-ийн халдварын улмаас үүсэх ДОХ хэмээх аюулт өвчний тухай олон нийтэд мэдээлж, болгоомжлолыг нэмэгдүүлэх үүднээс дэлхий даяар тэмдэглэдэг болсоор уджээ. Нэг үгээр хэлбэл энэ өдөр нь ДОХ өвчнөөр нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм. Удахгүй 12 сарын 1 болох гэж байгаа тул ДОХ, HIV-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэх болно оо.
  • 12 сарын 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр (International Day of Disabled              Persons). Анх 1992 онд НҮБ-ын санаачлагаар уг өдрийг тэмдэглэж эхэлжээ. Энэ өдрийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлийн гол асуудлыг ухуулан ойлгуулахад чиглэдэг байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment