Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах хөтөлбөрүүдийг баталлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах хөтөлбөрүүдийг баталлаа.
 Үүнд:
Нэг. Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр батлагдав
       Хүн амын хоол тэжээлийн байдалд ядуурал, нийгэм, эдийн засгийн ялгаатай байдал, хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маяг нөлөөлдөг.

 Хоол тэжээлийн байдлыг сайжруулах арга хэмжээ нь дан ганц эрүүл мэндийн салбарын хүрээнд зохицуулагдах боломжгүй тул хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангасан өргөн хүрээтэй багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай гэж  Эрүүл мэнд, спортын яам  яам үзэж буй.
    Тиймээс “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд даалгалаа.
    Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортьн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт, хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар, орон нутгийн түвшинд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Хоёр. Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөрийг батлав
         Вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
       Вируст хепатитийн анхдагч урьдчилсан сэргийлэлтийг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусын халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч өмөнгийн шалтгаан, нас баралтыг бууруулах зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг баталсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хепатитийн халдварыг хянах, сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, шийдвэр гаргагчдын оролцоо нэмэгдэж, салбар дундын үйл ажиллагаа эрчимжинэ гэж үзэж байна.
      Хөтөлбөрийн хүрээнд вируст хепатитийн халдварын архаг болон шинэ тохиолдол бүрийг давхардуулалгүй хүн бүрээр бүртгэх, хянах, цахим мэдээллийн сүлжээ нэвтрүүлэх, халдвартай иргэдийг бүртгэх мэдээллийн нэгдсэн цахим программыг боловсруулж ашиглахаар төлөвлөжээ. Энэ санд бүртгэгдсэн иргэдэд элэгний С вирусыг эмчлэх “ХАРВОНИ” эмийг худалдах ажлыг эхлүүлнэ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment