ТАНИЛ ТАЛААРАА БАГ БҮРДҮҮЛЭХ НЬ АМИА ХООХОЙЛОГЧДЫН АРЧААГҮЙ ҮЙЛДЭЛ МӨН БИЗ ДЭЭ


      Эрүүл мэнд, спортын яамны Төрийн  нарийн бичгийн дарга С.Ламбаатай цаг үеийн асуудлаар  “Монголын мэдээ” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлийг тодор­хойлж яваа танд хамгийн түрүүнд  тавих асуулт бол мэдээ­жийн хэрэг  улаанбурхан өвч­ний асуудал. ЭМСЯ-наас авч хэрэгжүүлж байгаа арга хэм­жээ­ний талаар ярих уу?
-Улаанбурхан өвчин дэгдсэнтэй холбогдуулаад Эрүүл мэнд спортын яам  шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж буйгаа хэлэх ёстой байх. Судалгаагаар 0-8 сартай хүүхдийн эндэгдэл, 18-30 насны хөдөлгөөнт бүлгийнхний халд­вар зөөвөрлөлт  өндөр байгаа. ЭМСЯ-ны Төрийн нарийн бич­гийн даргын үүрэгт ажилд өн­гөр­сөн оны арванхоёрдугаар сарын 25-нд томилогдсоноос хойш улаанбурхан өвчинтэй тэм­цэх ажлыг эрчимжүүлэхэд ан­хаар­лаа хандуулж ирсэн. Улсын онцгой комиссын хурал­даанд түргэн тусламжийн авто­маши­ны асуудлыг оруулж,  хөдөө­гийн цас зудтай сумын эрүүл мэндийн төвүүдэд 30-аад машиныг шийдвэрлүүлж олго­сон. Улаанбурханы дэгдэлт зөв­хөн Улаанбаатарт өндөр бай­гаа юм биш, өнөөдрийн байд­лаар 13 аймагт хүүхдийн эн­дэг­дэл бүртгэгдэж, түүний дотор Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Хэнтий аймаг бусдаас өндөр байна. Засгийн газарт нэмэлт вакцинжуулалтын хөрөн­гийг шийдвэрлүүлэхээр тог­тоо­лын төсөл оруулж, 948 сая төгрөг батлуулсан. Вакциныг хуулийн дагуу НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан бөгөөд ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 4-нд буух ёстой. Мөн энэ сарын  10-наас нэмэлт вакцинцуулалтыг орон даяар эхлүүлнэ. ЭМСЯ-ны дэргэд Эмнэлзүйн, Тархварзүйн, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр  ажлын хэсгийг  байгуулж, мэргэжлийн эмч нар  аймгуудад ажиллаж, зөвлөгөө өгч байна.  Долоо хоног бүрт  ЭМСЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, мэргэжлийн багийнхан аймаг, дүүргийн эрүүл  мэндийн  газар, эмнэлгүүдийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй  цахим хурал хийж нөхцөл байдлыг сонсож, үүрэг даалгавар өгдөг болсон.

-Саяхан улаанбурхан өвчин­тэй холбогдуулан  Засгийн газ­рын 222 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилт ямар байна вэ ?

-Ерөнхий сайдыг ХӨСҮТ-д ажиллах үед бид үүссэн нөх­цөл байдал цаашид авах арга хэмжээний талаар танил­цуу­лангаа  тодорхой асуудлыг Засгийн газарт оруулахаар болсон. Ингээд хагас бүтэн сайн өдөр яамны холбогдох хүмүүсийг ажиллуулж,  тогтоолын төсөл боловсруулаад даваа гарагийн Засгийн газрын хуралдаанд оруулсан.  Уг  тогтоолоор  зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээг авахаар болж,  өмнө нь, тодруулж хэлбэл   өнгөрсөн улиралд уртасгасан цагаар ажилласан эмч, мэргэжилтэн, ажилтнуудын илүү цагийн хөлс, шатахууны зардал, Эрүүл мэндийн төвүүдийн 0-1 насны  хүүхдийг гэрт нь дуудлагаар очиж үзэх, дархлаажуулалтын вакциныг хагас сайн өдөр хийх зэрэг арга хэмжээнд шаардагдах 912 сая төгрөгийг шийдүүлсэн. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ЭМД-ын сангаас долоон төрлийн эм авахад шаардагдах 453 сая төгрөгийг шийдсэн. Манайхан шууд гэрээ байгуулах ажлыг яаралтай зохион байгуулж, эм тариагаар хангаж байгаа. Дашрамд өгүүлэхэд,  эрүүл мэндийн салбарынхан маань хагас, бүтэн сайд өдөргүй, үнэхээр  амсхийх завгүй ажиллаж байна даа.

-Иргэн, аж ахуйн нэгжүүд  халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулаад  хандив тус­ламж өгч эхэлсэн талаархи мэдээлэл  сонсогдох болсон нь зарим талаар сонин байлаа?

-Юу нь сонин гэж. Монгол­чуудын ухамсар өөр болж байгаа шүү дээ.  Үндэсний үйлдвэрлэгч  аж ахуйн нэгж байгууллагууд, гадаадад ажиллаж амьдарч, суралцаж байгаа монголчуудын хандив тусламж тасралтгүй ирж байна. Танай сониноор дамжуулан  өгөөмөр сэтгэлийн үүднээс хандив тусламж ирүүлсэн нийт иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага хамт олонд эрүүл мэндийн энхийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын хамт олныхоо  өмнөөс талархал илэрхийлье. Сайны хажуугаар саар гэгчээр  улс төрийн хонжоо олох гэсэн нөхдүүд “амаараа” тусалж,  ядарч зүдэрч байгаа эмч сувилагчид, үр хүүхдээ сахиж байгаа ээжүүдийн сэтгэл зүрхийг шимшрүүлж, худал мэдээлэл цацан бидний ажилд асар их хүндрэл учруулж байгааг  хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа.  Сонгууль ойртох тутам нэг их санаа нь зовж байгаа царай харуулах гэж нэр дэвшигчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж том том юм ярихаа болих хэрэгтэй.  

-Улаанбурхан өвчнийг уст­гаж чадсан хэмээж байсан Монгол Улсад энэ өвчний вирус яагаад дэгдчих вэ?

-Бүртгэгдээгүй  гурван  жил болсон тохиолдолд тухайн халд­варт өвчнийг зогсоож чадсан улс гэж ДЭМБ батламж өгдөг. Монгол Улсад  2011 оноос улаанбурхан өвчин бүртгэгдээгүй учраас дээрх  батламжийг 2014 онд олгосон байсан. Гэтэл улаанбурхан өвчний дэгдэлт  2015 оны гурван сараас эхэлсэн. Ганц манай улсад ч ийм зүйл тохиолдоод байгаа  юм биш. Батламж авсан орнуудад дахин дэгдэлт гарсаар байна. Улаанбурхныг зогсоосон орон гэж батламж авсан ч манайх   товлолын вакцинжуулалтаа хуулийн дагуу хийсээр ирсэн. Судлагаанаас харахад  2015 оны тавдугаар  сард нэмэлт вакцинжуулалтад хамрагдсан зургаан  сартайгаас  зургаан  нас хүртэлх хүүхдүүд  өнөөдөр улаанбурхнаар өвчлөхгүй байна. Энэ бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авсных мөн  вакцинжуулалтын ач холбогдлыг харуулж байна.  Вакцинжуулалт бол тооцоо судалгаатай цаг тухайд нь хийж байх ёстой ажил гэж би хувьдаа  ойлгодог. Тийм учраас миний хувьд энэ удаагийн улаанбурхны эрчимтэй дэгдэлт, хүндрэл өнгөрсөн оны аравдугаар  сард 18-30 насныханд  нэмэлт вакцинжуулалт хийгээгүйтэй холбоотой байж мэднэ. Өөрөөр хэлбэл, бидний 18-30 насныханд  хийх гэж байгаа нэмэлт вакцинжуулалтыг өнгөрсөн аравдугаар  сард хийчихсэн бол ийм хүндрэл гарахгүй байсан.

-Яагаад хийгээгүй юм бол?

-Энэ үед эрүүл мэндийн салбар бужигнаантай, халаа сэлгээтэй, мэргэжлийн боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотой байх л гэж бодогдож байна.

-Вакцин хийх зүү, тариураа хаанаас хангах юм бол.  ЭМД-ын сангаас эм, тариа авах хөрөнгийг танай яаманд шил­жүүлсэн гэж байсан шүү дээ. 

-Зүү, тариур мэтийг дотоодын компаниудаас хангахаар шийд­вэрлээд хуулийн дагуу шууд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж бэлэн болгосон.  Засгийн газрын 222 дугаар тогтоолоор ЭМД-ын сангаас зарим эм тарианы зардлыг зохих журмын дагуу гаргах үүрэг өгсний дагуу С.Эрдэнэ сайд даатгалын зөвлөлөө яаралтай хуралдуулан  бидний захиалсан долоон  нэрийн эм тариаг худалдан авахад шаардагдах 453 сая төгрөгийг шийдэж өгсөн. Манай яам маш богино хугацааны дотор шууд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. Гэхдээ хууль бол  хууль л  болохоор гэрээ байгуулснаас хойш  тав хоногийн дараа мөнгө шилжүүлэх эрх үүснэ гэх мэтчилэн бэрхшээл гарч л байна.  Компаниуд маань аль болохоор зохицуулж,  эм тариагаа урьдчилан нийлүүлэх, гадаадаас ачуулах гэх мэтчилэн бололцооныхоо хэрээр ажиллаж байна. Бүх эм тариаг шаардлагатай газруудад нь хуваарилсан байгаа.

-350 сая төгрөгийн тоног төхөөрөмж одоо болтол нийлүүлэгдээгүй гээд л шүүмжлэл өрнөөд байх юм. Яагаад удаад байгаа юм бол?

-Шууд гэрээг маш богино хугацааны дотор хийсэн. Өнөөдрийн байдлаар 50 хувь нь нийлүүлэгдсэн. Амьсгалын аппарат, мониторын хувьд энэ сарын 29-нд үйлдвэрээс ачигдаад өчигдөр буюу тавдугаар сарын 2-нд Хонконгоос онгоцоор ирнэ гэж нийлүүлэгч компани мэдэгдсэн.  Үйлдвэрт нь захиалж хийлгэдэг болохоор хугацаа алдах юм байна шүү дээ. Ямар сайндаа л ХӨСҮТ-д байгаа дөрвөн  аппарат нэг зэрэг залгагдах мөчид нөөц бүрдүүлэх зорилгоор өөрийн биеэр Улсын I төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагатай ярьж амьсгалын аппаратыг татаж нөөц бүрдүүлсэн. Үнэндээ тоног төхөөрөмжийн дутагдал гараад эрсдэл бий болоод байгаа юм байхгүй. Хүндрэл гарсан нөхцөлд бусад эмнэлгүүдээс шаардлагатай тоног төхөөрөмжийг энэ мэт­чилэн татна шүү дээ. Бид ХӨСҮТ-д хуваарьтай хөрөнгөөр эрчимт эмчилгээний тасгийн 10 орыг  стандартын дагуу тоноглох гэж ийм  арга хэмжээг авч байгаа юм. 

-Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн төвүүдийн үйлчилгээнд нэлээд нарийн зохицуулалт хийсэн. Хэрэгжилт ямар байна?

-Тогтоол хэрэгжүүлэх албан даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарт Засгийн газрын тогтоолын хамт хүргүүлж, орон даяар зохион байгуулалтад орсон. Тодруулбал,  0-1 насны хүүхдийг гэрээр дуудлагаар үзэх, энэ насны хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгон  гэртээ байх хугацааг нэмэгдүүлэх, товлолын вакциныг хагас сайн өдөр шилжүүлэх арга хэмжээ бол эрүүл хүүхдүүдийг өвчтөй хүүхэд, халдвар авсан хүмүүсээс тусгаарлаж, нэг ёсондоо хөл хорио тогтоож байгаа хэрэг. Харин энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр идэвхитэй оролцож, эрүүл мэндийн төвийн хамт олонд туслах хэрэгтэй. Халдварт өвчний аюулыг хамтын хүчээр л давж  туулна шүү дээ.

-Яаралтай авах арга хэмжээний хүрээнд улс даяар хөл хорио тогтоож болдоггүй юм уу.  Иргэд  шаардаад л байх юм?

-Шулуухан хэлэхэд, хориг тавиад зогсоочихдог өвчин биш, амьсгал, агаар дуслын замаар халдварладаг өндөр халдвартай өвчин. Нөгөө талаар маш урт хугацаанд хөл хорио тогтоох шаардлага гарна. Дэлхийд ч ийм жишиг байхгүй юм билээ. Тиймээс  манай мэргэжлийн хүмүүс  хөл хорио тогтоох  шаардлагагүй гэж үздэг. Голомтын хөл хорио тогтоох ажлыг ХӨСҮТ хийж байгаа. Тухайлбал, хамт олны дотор хэн нэгэн улаанбурхнаар өвчилсөн бол ойр орчмын хүмүүсийг дархлаажуулалтад хамруулан  голомтын хөл хориог тавьдаг. Ийм аргыг хэрэглэх нь аль аль талдаа ашигтай.

-Таны ярьж буйг сонсч суух зуур “Энэ эрхэм эрүүл мэндийн салбарт яахын арга­гүй үгүйлэгддэг зайран шүү” гэж бодогдлоо. Сайдаар томи­лог­дох тэр мөчид Н1N1 виру­сын халдварт өвчин  дэгдэж та бүхэн амжилттай давж гарсан.  Энэ удаад ч ялгаагүй, ажил хүлээж авсан даруйд  улаанбурхан өвчнийг дарах аянд мордлоо. Танд хэцүү байна уу?  

-Хэцүү юм юу байх вэ. Ийм л цаг үе таарч байна. Дэлхийг донсолгосон  Н1N1 А хүрээний вирусын  цар тахлын үед Монголын эрүүл мэндийн салбарынхан үүргээ маш сайн биелүүлсэн. Төр, засаг ч бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч, бидний үйл ажиллагааг идэвхитэйгээр дэмжсэн. Одоо ч мөн адил. Өнөөдөр ганц улаанбурхан биш улаанууд, салхин цэцэг, томуу томуу төст өвчин гээд олон янзын өвчин давхцаж нилээд хүндрэл бий болгож байна. Аливаа хүндрэлийг бид итгэлцэлээр даван туулах учиртай. ХӨСҮТ дээр амралтын өдөр яваад очиход  эрчимт эмчилгээний  тасгийн эмч нар  маань “Сайд аа, одоо л иммуноглобулин хэрэгтэй байна” гэсэн. Би тэр дор нь “Эм импекс”-ийн захирал руу  утасдаад  “Иммуноглобулин байвал 100-г аваад ир” гэсэн. Хагас сайн өдөр таарсан ч Болормаа захирал хүмүүсээ дуудаж, бэлдүүлээд өөрөө авчирч өгсөн.  Мөн  тэр өдөр ЭМД-ын газрын дарга Наранчимэг маань гэхэд л  хэрхэн хамтран ажиллах талаар бидэнтэй  санал солилцох жишээний.  Энэ чинь л итгэлцэл юм шүү дээ. Дараа нь бүх асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсан.

-Таныг  бүх хүн л “сайд аа” гэх юм. Сэтгүүлчид ч ялгаагүй  Ламбаа сайд л гэцгээдэг?

-Дасчихсан юм байлгүй дээ.

-Сайд байсан бүхнийг сайд аа гэж тэр бүр  хэлээд байдаггүй л дээ. 

-Тэгвэл гайгүй л сайд байсан юм болов уу даа. /инээв/

-Шулуухан асууя. Салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын үүрэх ачааны аль нь жин дарж байна вэ?  

-Төрийн нарийн бичгийн дарга гэдэг чинь ЭМСЯ гэсэн энэ өргөөний даамал гэх үү дээ. Бүгд хуулиар хүлээсэн үүрэгтэй. Намайг сайд байх үед энэ яам дэд сайд, төрийн нарийн бичгийн даргатай байсан болохоор сайдын хувьд ерөнхий зохицуулалт хийж улс төрийн томоохон шийдвэр гаргахад бүх анхаарлаа төвлөрүүлдэг байлаа. Яг үнэнийг хэлэхэд,  өнөөдөр сайдын, дэд сайдын, төрийн нарийн бичгийн даргын бүх ажлыг нэгэн зэрэг  амжуулж байгаа болохоор ачаалал ихтэй байна. УИХ-д 1996 оноос  эрүүл мэндийн асуудлыг дагнан хариуцдаг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, цэргийн албыг хашиж, 2008-2012 онд  Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан болохоороо л  бүгдийг амжуулахыг хичээж  байна. Хамгийн гол нь салбарынхан маа­нь дэмжиж, сэтгэл нийлж ажил­лаж байгаа нь том хүчин зүйл.

-Та өөрийгөө өргөөний даа­малтай зүйрлэж байгаа хэдий ч хэдэн эмнэлгээ тойроод амжиж байгаа нь сайшаалтай. Эрүүл мэндийн салбарынхан ч тэр бүр, шулуухан хэлэхэд өөр мэргэжлийн хүнийг тойрон хүрээлдэггүйг бид мэднэ?   

-Ажил хүлээж аваад хэдхэн сар болоход найман аймгийн нэгдсэн эмнэлэг, зам дагуух бүх сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаад, шийдэх яаралтай зарим асуудлыг нь  цаг алдалгүй шийдэж өглөө.  Нийслэлийн тухайд асуудал хүнд байгаа эмнэлгүүдээр орсон. Харин томоохон  эмнэлгүүдээр орохгүй байгаа. Шаардлага гарвал дарга нарыг нь  өрөөндөө дуудаад л үүрэг даалгавраа өгчихдөг. Ер нь  эрүүл мэндийн салбарын нэг онцлог бол хүлээн зөвшөөрөгдсөн хүндээ итгэл үзүүлж чаддаг. Тэд өөрсдөө мэдлэг боловсрол өндөр, оюунлаг хамт олон болохоор зөв хүнийг хүндэтгэж, хүрээлж, итгэл хүлээлгэж чаддаг гэсэн үг.

-Эрүүл мэндийн салбарынхан таныг аливаа зүйлийг өөрийн болгож авахдаа гаргуун хэмээн магтах нь бий. Энэ чадвар таны төрөлхийн авьяас уу, эсвэл эдийн засагч мэргэжлээсээ  өөртөө шингээсэн эрдэм үү?
 

-Би МУИС-ийн  Улс төр,  эдийн засгийн ухааны тэнхимд багшаар томилогдсоноор  ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Анх капитализмын улс төрийн эдийн засгийн ухааны хичээлийг зааж, бас өөрийнхөө сонирхлын дагуу Эдийн засгийн сургаалийн түүхийн хичээлийг давхар заадаг байлаа. Нэгэн цагийн агуу хүмүүсийн нээсэн  эдийн засгийн онолын үндсийг шавь нартаа хүргэхийн төлөө  цаг наргүй  сууж, нухсаны буянд би өөрөө давхар хөгжсөн.  Аливаа зүйлийг унших, судлах, өөрийн болгох, түүнийгээ хүнд хүргэх чадварыг их сургуулийн танхимаас олж авсан. Осор, Занабазар, Миеэгомбо, Чилхаасүрэн, Зандан, Чулуундорж, Гомбодорж, Баянжаргал, Сувд гээд эрдэмтэн багш нараасаа ихийг сурсан. Залуухан багш МУИС-ийн ректор Н.Содном академчийн нүдэнд өртсөнөөр Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын улсын хороонд мэргэжилтэн болж, Дондогийн Цэвэгмид, Н.Содном, Б.Даваасүрэн, С.Галсан,  Т.Дашцэдэн, Ч.Сэрээтэр, Н.Чүлтэм, М.Даш, З.Энэбиш, Б.Энхтүвшин  гээд Монголын сор болсон эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтнүүдийн эрдэм ухаан, ажлын арга барилаас суралцаж  төрийн ажлын зах зухтай болсон юм, би.  Аливаад тулхтай хандах,  асуудлын  мөн чанарыг олох, бичиг цаас боловсруулах, хүнтэй харьцах, эрдэмд шамдан суралцах гээд мөн ч ихийг сурч үлдсэн. Тэр бүхэн өнөөдрийг хүртэл миний ажил амьдралын зарчим, шалгуур болж ирсэн. Би хүнд итгэл хүлээлгэж ажиллах дуртай. Тийм учраас итгэл даах хүн миний хамтран зүтгэгч болж чаддаг.   Сайдаар томилогдож ирээд нэг ч хүн халаагүй. Төрийн нарийн бичгийн даргаар ирээд ч ялгаагүй. Өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор танил талаа  цуглуулна гэдэг бол хүнд итгэдэггүй, өөрийнхөө хүчинд итгэдэггүй, өөрийн тойрон хүрээлэгчдээр амиа хоохойлох бодолтой хүмүүсийн  арчаагүй үйлдэл гэж би үздэг.  Өөрөө хүмүүсийнхээ итгэлийг хүлээж мэддэг чаддаг бүхнээ харуулж чадвал хамт олон бүгдээрээ нэг баг болж нэгэн зорилгын төлөө зүтгэдэг.

-Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байх шиг байна. Олон ч хүн хавдрын улмаас нас барж буй. Та өмнө нь  сайд байхдаа хавдартай тэмцэх талаар маш их ярьдаг байсан. Зарим арга хэмжээг ч авч хэрэгжүүлсэн шиг санагдаж  байна?

-Монголд өнөөдөр таван хүний нэг нь хавдрын өвчлөлөөр нас барж буй.  Хавдрын өвчлөл дотор элэгний хавдар тэргүүлдэг. Үнэндээ сайд болоод “Хавдаргүй монгол” болох зорилт дэвшүүлж олон ажлыг эхлүүлсэн бас  хийсэн. Тэргүүн хатагтай Болормаа “Хавдаргүй монгол” төрийн бус байгууллага байгуулж олон ажлыг хийж эхэлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төв ХААН банк, МҮОНТВ- тэй хамтран “Хавдрын эсрэг аян”-ыг зохион байгуулсан. Одоо ч үргэлжилж буй.   Улсын төв эмнэлэг, Солонгосын “Асана” төвийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нутагшуулж эхэлсэн. Түүнчлэн А гепатитын эсрэг вакциныг анх удаа товлолд оруулсан нь   шар өвчнийг бууруулах томоохон алхам болсон. ХСҮТ-ийн өргөт­гөлийг эхлүүлэн  Австрийн зээлээр тоног төхөөрөмж худал­дан авах зээлийн гэ­рээнд хамрууллаа. Цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориул­сан эмнэлгийг Ажаа гэгээний хандиваар бариулж, шаардлагатай  эм, тариаг улсын төсвийн хөрөнгөөр хангадаг болгосон. Умайн хүзүүний хавдраас сэргийлэх зорилгоор нөхөн үржихүйн насны охидыг хөхөнцрийн вакцинд хамруулах зорилт тавьж эхлүүлсэн гээд яриад байвал их юм бий. Үр дүн ч гарч байх шиг байна.

-Умайн хүзүүний хавдраас сэргийлэх зорилгоор эхлүүлсэн  охидыг хөхөнцрийн вакцинд хамруулах  ажил зогссон.  Яагаад зогсчихов?

- АНУ-ын буцалтгүй тусламжаар 39.2 сая ам долларын “Халдварт бус өвчин, осол гэмтэлтэй тэмцэх” төсөл хэрэгжсэн шүү дээ. Энэ төслийн хүрээнд   Умайн хүзүүний хавдраас сэргийлэх зорилгоор нөхөн үржихүйн насны охидыг хөхөнцрийн вакцинд хамруулах асуудал хөндөгдөж нийт охидын 10 хувийг хамруулахаар болсон. Би тэргүүн хатагтайн хамт АНУ дахь  вакцин үйлдвэрлэгч компаний удирдлагатай уулзан 100 ам. доллар бүхий вакциныг  10 ам. доллар болгох хүсэлт тавьсан. Тэр үед 140.000 охидыг эхний ээлжинд  вакцинцуулчихвал жил бүр 10.000 орчим охидод улсын төсвийн хөрөнгөөр хийх боломжтой гэсэн төлөвлөгөө боловсруулсан байсан. Харамсалтай нь  өөр ашиг сонирхол бүхий  хэсэг бүлэг хүмүүс энэ вакциныг хийж болохгүй гэсэн цуурхал дэгдээж олон нийтийн сэтгэл санааг үймүүлснээс арга буюу зогссон. Би нэг зүйлд баярлаж байгаа. Манай ЭМЯ-нд ажиллаж байсан нэг мэргэжилтэн Австралд сурч байхдаа төсөл бичиж Австралийн Засгийн газраас санхүүжилт авч чадсан төдийгүй вакцинд хамрагдсан охидын үр дүнг тодорхойлох судалгааны ажил хийж байна.

-Монгол Улс өнгөрсөн жил  С вирусын эсрэг Харвони эмийг оруулж ирсэн. Үр дүн сайн байна гэж эмч нар ярьж байна. Цаашид энэ эмийн хүр­тээм­жийг нэмэгдүүлэх талаар бодож, төлөвлөж байгаа зүйл байна уу?

-Маш чухал ажил болсон. ЭМСЯ богино хугацааны дотор улсын бүртгэлд  хамруулснаар  энэ эмийг оруулах эрх нээгдсэн. ЭМЯ-ны дэд сайд  Ж.Амарсанаа болон “Оном” сангийн залуучууд холбогдох компаниудын удирдлагатай уул­зан Монголд оруу­лах асууд­лыг хөнд­сө­нөөр энэ ажил хэрэгж­сэн. Миний бие УИХ-ын дар­гын ах­лах зөв­лө­хийн хувьд ком­па­ний удирд­ла­гыг төрийн ор­донд хүлээн авч УИХ-ын дар­гын нэрийн өм­нөөс талар­хал илэр­хийлж, хэр­хэн оруулж ирэх асууд­лаар санал бод­лоо илэр­хийлж бай­сан. “Глайд сайнс” компанийн Монгол дахь төлөөлөгч болох “Омбол” компани Харвони эмийг оруулж ирээд эмчилгээнд хэрэглэж байна. Бэлтгэгдсэн эмч нарын хяналтад иргэд хэрэглэж байгаа. Эхний 1600 эм уусан үйлчлүүлэгчдийн  үр дүн маш сайн гарлаа. Одоо үргэлжлүүлээд 2000 ш эм орж ирсэн.

-Саяхан элэгний  өөр  эм орж ирсэн гэж сонсогдсон.  Ямар учиртай эм юм бол?

-Тэгсэн. АНУ-ын Mylan компанийн Энэтхэг дэх  үйлдвэрт үйлдвэрлэсэн LEDVIR /Ледвир/ гэдэг эмийг “Эм импекс” компани оруулж ирсэн. Өнгөрсөн гуравдугаар сард миний бие Mylan компанийн удирдлагыг хүлээн авч уулзаад “Эм импекс” компанийн санал санаачилгыг дэмжиж, богино хугацаанд эрх зүйн орчныг  бүрдүүлэх амлалт авсан. Ингээд ЭМСЯ-ны хүний эмийн зөвлөл дөрөвдүгээр сарын эхээр хуралдаж авснаар  Ледвирийг  эмийн улсын бүртгэлд оруулсан. Энэ эм  өмнө нь оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлсэн Харвони эмийн  технологиор үйлдвэрлэсэн учраас адилхан үйлчилгээтэй. Хамгийн гол нь энэ эмийг оруулж ирснээр  эмийн  хүртээмж нэмэгдэнэ, үнэ зохих хэмжээгээр буурна гэж үзсэн. Түүнээс хойш 20 хүрэхгүй хоногийн дотор “Эм импекс” компани  гурван сарын курс эмчилгээнд хэрэглэх эмийг 750 ам долларт багтаан оруулж ирлээ. Харвони эмээс 450 ам доллароор хямд  гэсэн үг. Цаашдаа ч хямдрах байх.

-Худалдан авах чадвар муутай иргэдэд ашигтай л болж байгаа юм байна. Эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?

-Би ажил аваад хүний эмийн зөвлөлийг хуралдуулж, Харвони эмийг зайлшгүй эмийн жагсаалтад оруулах тушаал шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Зайлшгүй эмийн жагсаалтад орсноор ЭМД-д оруулах нөхцөл бүрддэг. Харин оруулах асуудлыг Үндэсний зөвлөл шийдвэрлэнэ. Үндэсний зөвлөл хуралдаад тооцоо судалгаа хийх хэрэгтэй гэж үзээд Сангийн сайдын тушаалаар нилээн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бодвол ажлын хэсэг ажлаа хийж байгаа байх.

-Эм уухын тулд баахан шин­жил­гээ хийлгэдэг, тэр нь маш өн­дөр үнэтэй байдаг.   Энэ асуу­далд та анхаарч байгаа юу?

-Зөвшөөрөл авсан лаборат­ориу­дад шинжилгээ авдаг юм билээ. Сүүлийн үед шинжилгээг дахин дахин хийдэг, өөр өөр үр дүн гарч байгаа талаар гомдол санал гарч байгаа. Энэ эмийг эмчилгээнд оруулсантай холбоотойгоор ашиг орлого олох зорилгоор лаборатори байгуулж бизнес хийх гэсэн сонирхол  бий болж байгаа талаар ч иргэдийн мэдээлэл ирж байгаа. Эмийн үнийг бууруулах гэж аргаа барж байхад хэн нэгэн хүний эрүүл мэндээр бизнес хийхийг би хувьдаа хэзээ ч зөвшөөрөхгүй. Тийм учраас ажлын хэсэг гарган  лабораториудыг аттестатчилах, аймгуудын нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогооны төвүүдэд шинжилгээ хийх, оношлогоо эмчилгээнд хяналт тавих  нөхцлийг бүрдүүлэх цогц арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Эмийн болон оношилгоо, шинжилгээний зардлаас гадна хөдөөгийн иргэдийг Улаанбаатарт ирж буцах нэмэгдэл зардалд шатаамааргүй байна шүү дээ.

-Таныг Гэмтэл согог суд­ла­лын төвийн MRI аппаратыг хувийн компанид түрээслүүлэх гэж байгаа талаар нэг сонин бичсэн байсан. Та энэ талаар юу ч дуугарахгүй юм. Ямар учиртай юм бэ?

-Худал мэдээлэлтэй хөөцөл­дөж явах зав даанч алга. Би ер нь хэвлэл, мэдээллийн чө­лөөт ер­төн­цөд амьдарч бай­гаа боло­хоор аль боло­хоор хүн­дэт­гэл­тэй хан­даж ир­сэн. Хэ­зээ ч зар­га шүүж яв­сан­гүй. Ма­най эдийн засаг сан­хүү­гийн хэлт­сийн дар­га шүү­хэд өг­сөн гэж дуулд­сан. Үнэн­дээ Гэм­тэл согог суд­ла­лын үн­дэс­ний тө­вийн MRI аппарат хуга­цаан­даа зас­вар үйл­чил­гээнд ороо­гүй уч­раас гелиэ ал­даж эхлээд удаж байгаа юм билээ.  Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд гелийг нь цэнэглэсэн мөртлөө одоо “дэлбэрэх” хэмжээнд хүрчихээд сандаргаж байна. Шинжилгээ хийхгүй хоёр сар шахам хугацаа өнгөрч байгаа ч уг машин ажиллаж байгаа учраас ийм байдалд хүрч байгаа юм. Өмнө нь PHILIPIS-ийн төлөөлөгч “Саммит медикал сервис” компанитай гэрээтэй ажиллаж ирсэн хэдий ч ГСССҮТ ямар ч хөрөнгө мөнгөгүйн улмаас дээрх компанид аппаратаа түрээслүүлэх гэрээний төсөл боловсруулан Сангийн яамны Төрийн өмчийн газарт хүргүүлсэн юм билээ. Би эхлээд засвар үйлилгээгээ  түрээслүүлэх гэж байна гэж ойлгож байсан ч эмч нар уг гэрээг эсэргүүцсэн учраас миний бие ГССҮТ-ийн захирал, “Саммит медикал сервис” компанийн удирдлагатай дахин  уулзаж, засвар үйлчилгээ хийж, гелийг цэнэглэх асуудлаар гэрээ байгуулах ёстой гэсэн хатуу байр сууриа илэрхийлэн  үүрэг өгсөн. Сонин хэвлэлээр элдвийн юм гараад байхаар нь эмч нартай уулзан  өөрийнхөө байр суурийг илэрхийлж ойлголцсон. Ингээд ЭМСЯ-тай гурвалсан гэрээ байгуулж “Саммит медикал сервис” компани PHILIPIS-ийн инженерийг ирүүлж гэрээний дагуу засварыг хийсэн. Мөн энэ сарын  10-ны дотор гелийг оруулж ирж цэнэглэснээр аппарат хэвийн ажиллагаанд орох учиртай.  Би засварын ажилтай очиж танилцаад эмч нартай уулзаж санал солилцсон. Тэд яаралтай арга хэмжээ авч өгсөнд баяртай байна лээ.  Гэсэн хэдий ч дахиад л хажууд нь байгаа сити аппарат, рентгений аппаратын талаар санал гомдол гарсан. Одоо ЭМСЯ  “Саммит медикал сервис” компанид төлбөрөө хоёр сарын дотор төлөх ёстой. Ер нь ганц ГССҮТ ч биш бусад эмнэлгүүдийн өндөр хүчин чадалтай аппаратуудын сервис үйлчилгээний зардлыг улсын төсөвт суулгаж байхгүй бол  болохгүй нь. Эсвэл төлбөрийнх нь тодорхой хувийг төрийн санд хураахгүйгээр засвар үйлчилгээндээ зарцуулах эрх олгох хэрэгтэй.

-Ийм нөхцөл бүрдэхэд хэдхэн хоногийн өмнө таны УИХ-аар батлуулсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хууль  хэрэг болно биз дээ.

-Энэ хууль эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шил­жүүлэх үндсийг тавина гэж бодож байна. Эмнэлгүүд  засаглалын менежментийн хувьд бие дааж, эдийн засгийн хувьд хараат бус байх  нөхцөл бүрдэнэ. Товчхон хэлэхэд,  Монголын үндэсний эмнэлгүүд өрсөлдөөний дунд хөгжиж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар өндөр түвшинд хүрч, эмнэлгийн удирдлага, эмч сувилагч амжилт­нууд  хариуцлагаа үйлч­лүү­лэгч­дийнхээ өмнө хүлээх үндэс бүрдэнэ. Хуультай холбогдсон хэд хэдэн журам гарах ёстой. Түүнийг богино хугацааны дотор хийх болно.

-Тантай уулзсаных улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг асуулгүй өнгөрч боломгүй санагдлаа. АН-ын хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийн нэг нь та.  Сонгууль болох гэж байна. Намууд бүртгүүлчихлээ. Гэтэл Цэц жагсаалтыг хүчингүй болгочихлоо. Та ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нам бие даан сонгуульд орох болсонд үнэхээр баяртай байгаа. АН бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн хүчин. Хэн нэгнийг царайчилж байх ёсгүй нам. Би энэ байр суурь дээр хатуу зогсдог хүн. Олон нам АН-ыг дэмжихээ илэрхийлж байгаа биз дээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа хэрэг. Одоо Цэцийн шийдвэртэй маргалдаад хэрэггүй. УИХ хүлээж авахгүй  ч их суудлаараа хэлэлцээд хэвээр нь үлдээхэд л дуусаа. Тийм болохоор сонгуулийн хуульд хурдхан шиг өөрчлөлтөө оруулаад явах хэрэгтэй.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment