“Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдэвт шийдвэр гаргагчдын уулзалт хэлэлцүүлэг дээр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн хэлсэн үг



Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгахын ялдамд нөр их ажилтай энэ үед цаг заваа гарган, бидний зохион байгуулж буй энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн явдалд гүнээ талархал илэрхийлье. 
Та бүхэнтэй эхийн сүүгээр хооллолтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан санал солилцон, уулзах гэж байгаадаа Сайд миний бие баяртай байна.
Эхийн сүү нь хүүхдэд юугаар ч орлуулшгүй үнэт хоол гэдгийг бид бүхэн мэддэг ч энэ талаар тойрон сууж ярилцаж байсан нь тун ховор юм. Сүүлийн жилүүдэд манай оронд төдийгүй дэлхий дахинаа хөхөөр хооллолт багасч байгаа нь хэн бүхний сэтгэл эмзэглүүлсэн
асуудал болоод байна. Тиймээс энэ асуудалд хүн бүхний анхаарлыг хандуулах зорилготойгоор 1991 он “Дэлхийн хөхөөр хооллолтын холбоо” байгуулагдаж, 1992 оноос жил бүрийн 8-р сарын эхний долоо хоногийг  “Дэлхийн хөхөөр хооллолтыг дэмжих” долоо хоног болгосон бөгөөд манай улс ч 1992 оноос энэ үйл ажиллагаанд нэгдэн өнөөдөр 24 дэх жилдээ Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Статистик мэдээллээр Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт сүүлийн жилүүдэд буурсаар байна. Тухайлбал: 2010 онд нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурчээ. Эхийн сүү нь хүүхдийн бие махбодод хэрэгцээтэй, шингэхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны хүчин зүйлүүд, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийн ходоод гэдсэнд амархан шингэдэг, хурдацтай өсөн торниж буй бие махбодын хэрэгцээг хангадаг, харшил, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг өөр юугаар ч орлуулшгүй хүнсний бүтээгдэхүүн юм.

ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг байна. Ингэснээр уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна. Өөрөөр хэлбэл хөхний сүүгээр хооллоогүй хүүхдийн бие сул, өвчлөмтгий байдаг. Тухайлбал: 2016 онд манай оронд гарсан улаан бурхан өвчний дэлгэлтийн үед эндсэн хүүхдийн дийлэнх нь 6 сар хүрээгүй байсан төдийгүй эхийн  сүүгээр дагнан хооллоогүй хүүхдүүд байсан. Зургаан сар хүртэлх насны хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдах нас нь болоогүй байдаг тул өвчлөл, эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллолт юм.
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг. Оюун ухааны хөгжил нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг.
Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор жил тутам 20,000 эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас эндэхээс сэргийлэх боломжтой.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг
Хүүхдээ хөхөөр хооллох асуудлыг ээж дангаараа шийдэх боломжгүй. Түүнд гэр бүлийн, нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдээ хөхөөр хооллох нь зөвхөн ээжийн үүрэг биш бөгөөд нийгэм эдийн засгийн бүх салбарт ажиллаж буй шийдвэр гаргагч нар энэ асуудлыг анхаарч туслах үүрэгтэй юм. Үүний тулд хөхүүл эхчүүдийг ажлын байран дээрээ хүүхдээ цаг тухайд нь хөхүүлэх, эсвэл ажлын цагийг багасгах зэрэг дэмжлэг хэрэгтэй бөгөөд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгааг хязгаарлах, бүх салбарт эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө түгээх нөхцөлийг бүрдүүлэх, бага орлоготой эхчүүдийн төрсний дараах халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх, халамжийн мөнгөө зориулалтаар хэрэглэх дэмжлэгт орчинг бүрдүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг энд хэлэхийг хүсч байна.
 “Эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Иймд төрсөн хүүхэд бүрийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

Монголын үрс эрүүл саруул өсөн бойжиж, маш олон болох болтугай.




Print Friendly and PDF

No comments:

Post a Comment