Өнөөдөр, 09 сарын 28-ны өдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна

    Галзуу өвчний тархалт: ДЭМБ-ын мэдээгээр галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй улсад тархсан бөгөөд уг өвчний улмаас жилд нэг сая хүн өвчилж, 55 мянган хүн нас барж байгаагийн 31 мянган тохиолдол буюу 51 хувь нь Ази тивд ялангуяа Энэтхэг, БНХАУ-д харин 24 мянган тохиолдол буюу 44 хувь нь Африк тивд тус тус ногдож байна.

Галзуугийн хяналтын холбоо (Alliance for Rabies Control) болон АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв (Centre for Disease Control and Prevention)-өөс санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх өдөр болгон 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн байна.
Мөн Бангладеш, Кампучи, Лоас, Непал, Пакистан, Африкийн ихэнх орнууд, Арабын хойг, Газар дундын тэнгисийн зарим орнуудад энэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Нийт өвчлөлийн 95 хувь нь Ази, Африк тивд ногдож байгаа ба зарим судалгаагаар нийт өвчлөгсдийн 99 хувь нь галзуу нохойнд хазуулснаас болж өвчилжээ.

Хор хохирол: Дэлхийн хэмжээнд галзуугаас сэргийлэх зорилгоор жил бүр мал, амьтны вакцинжуулалтад 160 сая доллар, хүнийг эмчлэхэд 800.0 сая доллар зарцуулдаг бол галзуугийн улмаас нийт 4.0 тэрбум долларын хохирол учирч байна.
Жил бүр 20 сая гаруй хүн нохой, сарьсан багваахай зэрэг амьтанд хазуулсны дараагаар вакцинжуулалтад хамрагдаж байгаа бол эдгээр хүмүүсийн 40 хувь 15 наснаас доош насныхан байгаа нь анхаарал татаж байна. Бүрэн эмчилгээ хийх зардал нь ойролцоогоор 100 америк доллар бол энэ нь Африк, Ази тив дээр амьдарч байгаа олон гэр бүлийн хэд хэдэн сарын орлоготой тэнцэж байгаа нь гэр бүл, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Судалгаагаар нэг нохойг вакцинжуулах зардал нь 0.5 америк доллартай тэнцэж байна.
Дэлхий дээр жил бүр 50 сая гаруй нохойг галзуугаас сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна. Гэвч Ази, Африкийн олон оронд нохойг толгой дараалан вакцинжуулалтад хамруулах асуудал тулгамдсан асуудлын нэг бөгөөд нийт сүргийн 30-50 хувийг хамруулж байгаа нь галзуугийн вирусыг тархалтыг таслан зогсоох, хүний өвчлөлийг бууруулахад шаардлагатай төсөв хүрэлцэхгүй байна.

Тэмцэх сэргийлэх арга хэмжээнд гарсан ололт: Хэдий тийм ч галзуу өвчинтэй тэмцэх ажилд амжилт гарч байгаа олон жишээ байна. Тухайлбал, галзуутай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 1983 онд Шри ланка улсад 1973 онд 350 гаруй хүн галзуугаар нас барж байсан бол 2010 он гэхэд 50, харин Тайланд улс 1991 онд 170 гаруй нас баралт 2011 онд 7 хүн нас баралт болтол нь бууруулсан туршлага байна.

Латин Америкийн орнууд 2015 он харин Зүүн өмнөд Азийн орнууд нь 2020 он гэхэд нохой болон хүний галзуу өвчнийг бүрэн устгах зорилт тавьжээ. Уругвай улс галзуугаас бүрэн эрүүлжсэн бол Чили улс нохойн галзууг бүрэн устгасан байна. Латин Америкийн орнуудад сүүлийн 20 жилд хүний болон махчин амьтны галзуугийн тохиолдол ойролцоогоор 90 хувь бууруулсан билээ.ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-аас галзууг хяналтад авах, устгах хөтөлбөрт дараах арга хэрэгжүүлэхийг зөвлөмж болгожээ. Үүнд:
  • Эзэнгүй нохдыг устгах нь галзууг хяналтад авах тийм ч үр дүнтэй арга биш. Нохойн тоо толгой өндөр байгаа улс орнуудад энэ арга үр дүнгүй бөгөөд юуны өмнө эзэнгүй нохойг жил бүр вакцинжуулалтад хамруулах;
  • Махчин амьтдыг вакцинжуулалтад хамруулах нь хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ зөвлөж байна. Нийт нохойн 70-аас доошгүй хувийг дархлаажуулах;
  • Мөн нийгмийн эрсдэлтэй бүлэгт чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, энэ үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах;
  • Эзэнгүй золбин нохдын тоо багасгах, хяналтад авах, нохойн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, эм нохойн өндгөвч авах, эр нохойг засах аргаар нохойн тоо толгойд хяналт тавих, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
Монгол Улс дахь мал амьтны өвчлөлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ: Энэ өвчний тохиолдол 1996-2012 онуудад бүртгэгдээгүй 2 аймаг (Говьсүмбэр, Орхон) байна. Мал, амьтны халдварт  галзуу өвчнөөр 2009 онд давхардсан тоогоор 61 суманд 70 гаралт, 2010 онд давхардсан тоогоор 181 суманд 232 удаагийн гаралт гарсан бол 2011 онд 72 суманд 82 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Галзуу өвчнөөр 2010 онд 18 аймаг, нийслэлд нийт 232, 2011 онд 14 аймаг, нийслэлд 101 мал амьтан, 2012 онд 15 аймагт 195 мал амьтан өвчилсөн байна. Сүүлийн жилүүдэд галзуу  өвчний гаралт нэмэгдэж байгаа ба гол шалтгаан нь зэрлэг махчин амьтнаас үүдэлтэй байна.
Монгол Улсад мал, амьтныг галзуугаас сэргийлэх арга хэмжээнд зориулан 2007-2013 онд дунджаар 1.0 сая  тун вакциныг үйлдвэрлэж дархлаажуулалтад хамруулж байна. Сүүлийн 5 жилд галзуугийн вакцины үйлдвэрлэл 900.2-1388.2 мянган тун болтол нэмэгдүүлжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр: 2016 оны зургаадугаар сарын байдлаар Филиппин улсын Пангасинан мужид 14390 хүн мал, амьтанд хазуулж, 14 хүн галзуугийн эрсдэлд өртөж нас барсан байна. Харин Монгол Улсад 2016 онд 14 аймгийн 53 сум, Улаанбаатар хотын 6 дүүргээс галзуугийн эрсдэлд өртсөн 117 тохиолдол бүртгэгдсэн талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ.
Түүнчлэн энэ өдөртэй холбоотойгоор өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын газартай хамтран сургалт зохион байгуулж байгаа бол ЗӨСҮТ-өөс Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн 146 автобусны буудал дээр галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх баннер, зурагт хуудсуудыг байршуулсан байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment