Антибиотик гэж юу вэ?
Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй
эмийн бэлдмэл юм. Антибиотикийг төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний
үед зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ?
Антибиотикийн нэр төрөл маш олон, өвчин
үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт
тохирох антибиотикийг жирийн хэрэглэгчид оновчтой сонгож чаддаггүй.
Иймээс антибиотикийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийлгэн, эмчид
хандаж жор бичүүлснээр эмч танд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх
болно. Үүнээс гадна ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэх,
хоол ундтай хэрхэн зохицуулахыг эмч зааж өгнө.
Эмчийн зааврын дагуу зөв хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэрнэ.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
- Хүний биед орсон өвчин үүсгэгч нян антибиотикийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэрвээ антибиотикийг буруу хэрэглэвэл өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикоор эмчлэгдэхгүй нян үүсгэдэг.
- Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй байдлыг бий болгодог. Үүнээс гадна өвчин архагшихад хүргэнэ.
- Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
- Антибиотикийг эмчийн хяналтанд хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин хэзээ ч энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
- Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
No comments:
Post a Comment