Өрхийн эмч нарын зөвлөгөөн боллоо

     Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох талаар баримталж буй бодлогыг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх зорилгоор Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга нарын улсын IX зөвлөгөөнийг өнөөдөр ЭМЯ дээр зохион байгууллаа.


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус зөвлөгөөнийг нээж хэлэхдээ, Өрхийн эрүүл мэндийн төв бол эрүүл мэндийн салбарын тулгын чулуу нь байдаг. Та бүхэн иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэхэд гол үүрэгтэй, иргэдээ хамгийн сайн мэдэх хүмүүс. Өнөөдрийн уулзалтаар өрхийн эмч нар маань “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд өөрсдийн үүрэг, оролцооны талаар харилцан ярилцаж, нэгдсэн дүгнэлт гарган яамандаа саналаа ирүүлнэ гэдэгт найдаж байна. Цаашид бүх ӨЭМТ-ийн эмч нар иргэддээ хүрч үйлчилдэг, иргэдээ дуудаж үйлчилдэг болж хэвшихийг хүсээд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр та бүхнээс ихээхэн зүйлийг хүлээж байна гэв.

Энэхүү зөвлөгөөнөөр ӨЭМТ-ийн салбар зөвлөлийн дарга нар ЭМЯ-аас гаргаж буй бодлого шийдвэрээс гадна, тус холбооноос 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа. Тус холбоонд  21 аймаг, 8 дүүргийн 228 өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдсэн бөгөөд аймаг, дүүрэг бүрт салбар зөвлөлийн дарга нар ажиллаж тэдгээрээр дамжуулан төлөөлөн удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment