1990 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблей 7-р сарын 11-ныг Дэлхийн
хүн амын өдөр болгон тунхагласнаас хойш хүн амын асуудалыг нийгэм, улс
төрийн үр дагаварыг олон нийтэд таниулан сурталчилах замаар гишүүн
орнууд уг өдрийг тэмдэглэж ирлээ.
Энэ жил НҮБ-ын Хүн амын сан, УИХ,
Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 оны Дэлхийн
хүн амны өдрийг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн
болон Монголын хүн амын асуудал, гэр бүл төлөвлөлтөөр дамжуулан
Монголчуудын эрх, үндэсний хөгжлийг хангахын төлөө хэрхэн хамтран
ажиллахаа танилцууллаа. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд
А.Цогцэцэг хэлэхдээ
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 5 сард шинэчилэн баталсан “Хүн
амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого”, 2017 оны 1 сард баталсан
“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д Нөхөн үржихүйн эрүүл
мэндийн гол асуудлууд, нэн ялангуяа гэр бүр төлөвлөлтийн асуудлаар
баримтлах бодлогын чиглэлийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан
шинэчлэн тодорхойлсон.
Гэр бүл, эмэгтэйчүүдийг хүүхдийн тоо, төрөлт хоорондын зайг өөрсдөө зохицуулах, “хэт эрт биш, хэт ойрхон биш, хэт орой биш”
төрөх, нөхөн үржихүйн эрхийг хангасан гэр бүл төлөвлөлтийн чанартай,
хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр хангах нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн
чухал хэсэг бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх
хамгийн үр дүнтэй арга хэмжээ болно.
Эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд нөхөн үржихүйн эрүүл
мэндийн үндэсний дөрвөн удаагийн хөтөлбөр (1997-2016), “Эхийн
эндэгдлийг бууруулах стратеги” (2001-2004, 2005-2010), “Нөхөн үржихүйн
эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамж
стратеги” зэрэг 10 гаруй бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж эх, хүүхдийн
эндэгдлийг бууруулан тодорхой үр дүнд хүрсэн. Гэсэн хэдий ч гэр бүл
төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ тулгамдсан асуудал хэвээр байна.
Тухайлбал: жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хэрэглээ, үр хөндөлт,
бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол зэрэг гэр бүл төлөвлөлтийн
тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг илэрхийлэх үзүүлэлтүүд
хангалтгүй байна.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр болон бусад судалгаагаар гэр бүл
төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003-2013 оны хугацаанд 4.6-аас 16.0
хувь болтлоо нэмэгдсэн. Энэ үзүүлэлт 15-19 насны охид, эмэгтэйчүүдийн
дунд 36.4 хувь байгаа нь улсын дунджаас даруй 2 дахин өндөр байна. Нөхөн
үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд жирэмслэхээс сэргийлэх эм,
хэрэгслийн хэрэглээ буурч байна. 2003 онд нөхөн үржихүйн насны
эмэгтэйчүүдийн 69.0 хувь, 2008 онд 55.2 хувь нь жирэмслэхээс сэргийлэх
ямар нэгэн эм, хэрэгсэл хэрэглэдэг байсан бол 2013 онд 54.6 хувь болж
буурсан. Эрүүл мэндийн статистикийн 2016 оны үзүүлэлтээр нөхөн үржихүйн
насны эмэгтэйчүүдийн 54 хувь нь жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл
хэрэглэж байна.
Үр хөндөлт, түүний дотор давтан үр хөндөлт ялангуяа өсвөр үеийнхэн,
залуучуудын дунд нэмэгдсээр байна. 2008 онд үр хөндөлт 1000 амьд
төрөлтөд 169.0, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 13.4 ногдож байсан
бол 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд
төрөлтөд 234.2, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 21.5 үр хөндөлт
ногдож байна. Үр хөндөлт өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар
өссөн ба 1000 амьд төрөлт тутамд 9.6 тохиолдлоор өссөн байна.
Гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ дутмаг, жирэмслэхээс
сэргийлэх эм, хэрэгслийн хангамж, хүртээмж, хэрэглээ хангалтгүйгээс
хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй жирэмслэлтээс үр хөндөлт, үр хөндөлтөөс
аюултай үр хөндөлт, аюултай үр хөндөлтөөс эхийн эрүүл мэнд амь нас
хохирох ноцтой үр дагавар үүсэх тул гэр бүл төлөвлөлтийн тусламж
үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх нь туйлаас чухал гэдгийг
онцоллоо.
No comments:
Post a Comment