Булганчууд Ерөнхийлөгчид ажлаа тайлагналаа

Булганчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа тайлагналаа. Аймгийн удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан шийдвэр,  нийгэм болон орон нутгийн талаар баримталж буй бодлого чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.
Юуны өмнө иргэд, олон нийт, нийгмийн байгууллагын оролцоог өргөтгөх чиглэлд хэд хэдэн бодитой тодорхой ажил хийсний нэг нь “Иргэний танхим” юм. Энэ оныг иргэний оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил болгон зарлаж, тусгайлсан төлөвлөгөө гаргажээ. Мөн аймгийн Засаг даргын дэргэд Олон нийтийн зөвлөл ажиллаж, аймаг орон нутгийн удирдлагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хянаж, санал дүгнэлт өгч байна.

“Нэг иргэн-Нэг санал “ санаачилгын хүрээнд зарим шийдвэрийг гаргахдаа санал авч эхэлсэн байна. Саналын хуудсаар 680 гаруй санал авч, энэ жилийн төлөвлөгөө бодлогодоо тусгажээ.

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж аймгийн хэмжээнд бүх нийтээрээ 2 удаа мод тарьжээ. Шинээр “Хүүхдийн инээд” цэцэрлэгт хүрээлэнтэй болж, “Монголоо ногооруулья” хөдөлгөөн өрнүүлж, бүх суманд мод тарьсны дүнд 160 мянга гаруй мод бут, суулгац, жимсний бут, цэцэгтэй болжээ. Мод бут тарих үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг өрнүүлж байна.

Монгол үндэсний соёлын үнэт зүйл, өв уламжлал, зан заншлыг хадгалах, сэргээн хөгжүүлэх, ,ёс заншлын нийтлэг хэм хэмжээг амьдралд хэвшүүлэхээр заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг  Булган аймагт идэвхтэй зохион байгуулж байна. Тухайлбал, Засаг даргын захирамжаар соёлын биет бус өв, түүнийг тээгчийг тогтоох салбар зөвлөл байгуулан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж эхэлжээ. Аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг тогтоох ажлыг хийж, тусгай шинжээчийн баг ажиллуулж өнөөдрийн байдлаар 175 хүнийг хамруулан судалгаа хийгээд байна.Өв тээгч нараас тодорхой чиглэлийн өвийг онцгой эзэмшсэн хүний бүртгэлийг гаргасан. Мөн Ерөнхийлөгчийн гаргасан “Бурхан халдун” уулын тухай зарлигийг хэрэгжүүлж аймаг орон нутгийн  байгалийг унаган төрхөөр нь хадгалах тухай тусгай төлөвлөгөө гаргажээ. Уран тогоо, Хөгнө хан, Эг, Сэлэнгийн бэлчир зэрэг үзэслэгэнт нутаг , Цагаан суварга, Цогтын цагаан байшин зэрэг түүхийн дурсгалт газрыг тусгай хамгаалалтад хамруулаад байна.

“Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу аймгийн хэмжээнд хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил авчээ. Сорилын дүн ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийн дунд хангалтгүй гарсан тул төрийн байгууллагууд спортоор хичээллэдэг тогтмол өдөртэй болох,  уралдаан тэмцээн зохион байгуулахыг төлөвлөгөөнд оруулж хэрэгжүүлж байна. Өглөө бүр Лхагвадорж баатрын талбай дээр цуглаж гимнастик хийх санаачилга гаргаж, хөдөлгөөн өрнүүлжээ. Мөн “ажлын байрны дасгал”  сэдэвт тусгай сургалт зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу  сүү сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг Булган аймагт нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Булган, Бугат, Хангал, Орхон , Сайхан сумдад эрчимжсэн фермийн аж ахуй байгуулахад 200 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Хангал , Хутаг- Өндөр сумдад гахайн ферм үйл ажиллагаа шинээр эхэлсэн байна. Хутаг- Өндөр суманд шинээр 160 гаруй үхэр бүхий саалийн үнээний эрчимжсэн ферм байгуулагджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн заргасан зарлиг бүрээр энэ мэт хийх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж байна. Булган аймгийн иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө гаргаж байгаа санаачилгуудад нь талархаж байгаагаа илэрхийлэв.

Мэдээллийн эх сурвалж: http: //www.news.mn/ 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment