5 дугаар сарын 31 "Тамхины Хяналтын Суурь Конвенцийг хэрэгжүүлье"



Жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн тамхигүй өдөр буюу  2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг “Тамхины Хяналтын Cуурь Конвенцийг хэрэгжүүлье” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. 
Жил бүр 6 сая хүний амийг авч оддог  тамхи гээч уг хорын  эсрэг  тэмцэх  энэ жилийн бодлого бол Тамхины Хяналтын Суурь Конвенцийг /ТХСК/   хэрэгжүүлэх  гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас /ДЭМБ/  зарлалаа.  2005 оны 2-р сараас хэрэгжиж эхэлсэн  ТХСК  нь дэлхийн хүн амын 88 хувийг хамарсан, нийт 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-ын түүхэн дэх хамгийн өргөн хурдацтай тархсан баримт бичиг юм. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих тулгын чулууны нэг болсон уг баримт бичиг тамхины тархалтыг хянах хамгийн чухал хэрэгсэл билээ.

 Уг конвенцид нэгдэн орсон улс орнууд  тодорхой үүрэг, даалгавруудыг хүлээдэг. Тухайлбал:
-       Тамхинд тавих хяналтын бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн олон талт ашиг сонирхлоос хамгаалах
-       Тамхины утаанд өртөхөөс хамгаалах
-       Татварын хэмжээ, үнийг нэмэгдүүлэх
-       Тамхины төрлийн бүтээгдэхүүний найрлагыг журамлах
-       Тамхин бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол, шошгололтыг журамлах
-       Тамхины хор хөнөөлийг хүмүүст таниулах
-       Тамхины  зар сурталчилгаа, ивээн тэтгэлгийг хориглох
-       Хүүхдэд тамхи худалдаалах, тамхи заруулахыг хориглох
-       Хүмүүсийг тамхинаас гарахад нь туслахыг санал болгох
Дам тамхидалт- үхэлд хүргэдэг.
Тамхины утаагүй агаараар амьсгалах хүмүүсийн эрхийг нь хамгаалахын тулд улс орнууд холбогдох хуулиудыг баталдаг. ТХСК-ийн дагуу баталдаг уг хуулиуд нь тамхи татдаггүй хүмүүсийг тамхины утаанд өртөхөөс хамгаалж, тамхичдыг тамхинаас татгалзахад нь түлхэц болдог юм. Гэвч хүмүүсийн дөнгөж 5.4 хувьд нь л уг хууль хүрч чадсан байдаг аж.
Тоо баримт: 2004 онд гаргасан тоо баримтаар бол нийт нас барсан хүүхдүүдийн 28 хувь нь дам тамхидалттай холбоотой өвчлөлөөр нас барсан гэжээ. Дам тамхидалтаас хамгаалагдсан хүмүүсийн тоо 2008 онд  208 сая, 2007 онд 362 сая болж, 74 хувиар  өсчээ. Хамгийн их хүн амтай 100 хотын 22 хот нь  утаагүй орчинг бүрдүүлж чадсан сайхан мэдээ байгаа бол нийт  хүүхдүүдийн бараг тал хувь нь тамхины утаагаар бохирдсон агаараар амьсгалж байгаа гэсэн муу мэдээ байгаа аж.  Тэдгээр хүүхдүүдийн  40 гаруй хувийнх  нь  эцэг, эхчүүд тамхи хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Нярай хүүхдэд гэнэтийн үхэл авчирдаг төдийгүй эхийн хэвлийд бойжиж буй ургийг жингийн дутагдалд оруулдаг.
Харин насанд хүрэгчдэд зүрхний титэм судасны өвчлөл, уушигны хорт хавдар гэх зэрэг олон төрлийн өвчлөлд хүргэдэг юм.  
Тамхины утаанд 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагддагаас 250 нь хортой, 50 нь хавдар үүсгэдэг бодис болохыг хэдийн баталсан билээ.
Тамхичдад тамхинаасаа гарахад нь туслалцаа хэрэгтэй.
            Тамхины хор хөнөөлийн тухай  хүмүүсийн мэдлэг, хандлага хангалтгүй байдгийг нэгэн судалгаа харуулсан байна. Тамхи зүрхний титэм судасны эмгэг үүсгэдэг гэдгийг  тамхичдын  дөнгөж  37 хувь нь, саа өвчин үүсгэдэг гэдгийг 17 хувь нь мэдэж байгаа нь БНХАУ-д улсад 2009 онд хийсэн судалгаагаар батлагджээ. Тамхины хор хөнөөлөөс  айж эмээсэн тамхичдын ихэнх нь тамхинаас татгалзахыг хүсдэг. Тэдгээр хүмүүст зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх нь тамхинаасаа татгалзах  боломжийг нь  хэд дахин нэмэгдүүлдэг аж.
Тоо баримт: Дэлхийн зөвхөн  17 оронд л тамхинаас татгалзахад нь зориулсан үйлчилгээ байдаг. Хөгжил буурай орнуудын 29, дундаж орлоготой орнуудын 8 хувьд нь тамхичдын муу зуршлаасаа татгалзах үйлчилгээ байдаггүй.
Анхааруулга зурагт хуудас  үр дүнтэй арга.
Цочрол өгөхүйц тамхины эсрэг сурталчилгаа болон зурагт хуудсууд нь тамхи хэрэглэх хүүхдүүдийн тоог багасгаж, тамхинаас татгалзах  хүсэлтэй хүмүүсийн тоог нэмдэг аж. Анхааруулах зурагт хуудасны аян зохион байгуулсаны үр дүнд Бразил, Канад, Сингапур, Тайланд улсуудад тамхины эсрэг зурагт хуудсууд нь  тамхины хор хөнөөлөөс үнэхээр сэрэмжлүүлж чадсан байна. Зураг нь үгнээс илүү хүмүүст их нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан билээ.
Тоо баримт: Дэлхийн 19 оронд зурагт хуудас ашиглах үйл ажиллагааг одоогоор хэрэглэж байгаа аж. Энэ нь дэлхийн хүн амын ердөө л 24 хувь нь юм. Дэлхийн 15 оронд тамхины эсрэг зурагт анхааруулгыг стандартын хамгийн өндөр түвшинд хийж чаджээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын зөвхөн 7.6 хувьд нь хүрч чадаж байгаа гэсэн үг юм.
Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлгийг хориглох нь тамхины хэрэглээг бууруулж чадна.
Тоо баримт: Тамхи үйлдвэрлэгчид аливаа арга хэмжээг үндэсний хэмжээнд ивээн тэтгэх,  тамхи сурталчлахыг  дэлхийн 26 оронд албан ёсоор хориглоод байна. Энэ нь дэлхийн нийт  хүн амын 8.8 хувь нь юм. Харин дэлхийн хүмүүсийн 27 хувь нь тамхины хяналтгүй улс оронд амьдарч байна.
Татвар ихтэй байвал тамхины хэрэглээг бууруулж чадна.
Тамхины татвар бол ялангуяа залуу, бага орлоготой хүмүүсийн дунд тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.
Тоо баримт: Татварыг  нэмэгдүүлэхэд тамхины үнэ 10 хувиар, тамхины хэрэглээ өндөр, хөгжингүй орнуудад 4 хувиар, буурай орнуудад 8 хувиар багасдаг байна. Дэлхийн хүн амын 6.2 хувь болох 21 оронд тамхины татвар, жижиглэнгийн үнийн 75 хувиас дээш байдаг. Хөгжингүй улс орнуудын тамхины татварын орлого нь тамхины хяналтад зарцуулж буй мөнгөнөөс 173 дахин их байдаг аж.
Иймд Тамхины Хяналтын Суурь Конвенцийг  хэрэгжүүлэхэд
 иргэн бүр идэвхтэй оролцоцгооё.



Тамхидалтын тухай тоо баримтуудаас
Дэлхийн хүн амд тулгамдаад байгаа эрүүл мэндийн хамгийн том асуудал бол яах аргагүй тамхидалт юм. Тамхидалт нь:
- 6 секунд тутамд нэг хүн
-Насанд хүрэгчдийн  10 хүний нэгийг
-Жилдээ нийт 5 сая хүнийг үхэлд хүргэж байна.
Цаг бусаар нас барж байгаа тамхичид нь гэр бүлийнхээ орлогыг багасгаж, эмнэлгийн үйлчилгээний үнийг ихэсгэн, эдийн засгийн өсөлтөд саад болдог. Тамхи татаж эхлэснээс хойш тамхины хор хөнөөлтэй холбоотой өвчлөлд  хүртэл хэдэн жилийн хугацаа ордог учир тамхи аажмаар хүнийг хөнөөдөг.  Тамхидалт нь 20-р зуунд 100 сая хүнийг үхэлд хүргэсэн бол 21-р зуунд 1 тэрбум хүний аминд хүрэх тооцоо гарчээ. Жил бүр тамхидалтаас болж нас барж байгаа хүний тоо нэмэгдэж, 2030  он гэхэд 8 саяд хүрч магадгүй байна. Дэлхийн 1 тэрбум тамхичдын 80 гаруй хувь нь ядуу буурай болон хөгжиж буй орнуудад амьдардаг. Тамхи татаж байгаа 5 саяас ч илүү хүн тамхитай холбоотой зүрхний шигдээс,  цус харвалт, уушгины эмгэг болон бусад өвчнөөр нас барна гэсэн тооцоо гараад байна. Уг тооцоонд дам тамхидалтанд өртөн амь насаа алдах 600 000 хүнийг оруулаагүй билээ.
Тэдний дөрөвний нэг нь хүүхдүүд байна. Зарим оронд ядуу айлын хүүхдүүд өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд арга буюу тамхины үйлдвэрлэлд ажилладаг.  Тэдний арьсанд тамхины нойтон навчин дахь никотины хор  нэвчин орж, тамхины ногоон тахал тусах аюулд хүргэдэг аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment