Гериатр эмч, статистикч эмч нарын улсын анхдугаар зөвлөгөөн боллоо

2011 оны 5-р сарын 19-нд ЭМЯ, ДЭМБ, ЗГХА-ЭМГ, Геронтологийн төв хамтран “Гериатр эмч, статистикч эмч нарын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Булган аймгийн Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Хишигсүрэн, статистикч бага эмч Л.Жавзансүрэн нар оролцлоо. Зөвлөгөөн 21 аймаг, 9 дүүргийн гериатр эмч, статистикч эмч нарын дунд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байлаа.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Монгол улсад Настны эрүүл мэндийн асуудлыг төр засгаас анхаарч энэ асуудлыг хариуцсан ЭМЯ-ны харъяа Геронтологийн төвийг 2005 онд байгуулсан нь энэ салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан ажил болсон юм гээд хүн амын дунд настан хүн амын эзлэх тоо нэмэгдэх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд асар их нөлөө үзүүлэхүйц,бүхий л салбарыг хамарсан, ялангуяа эрүүл мэндийн салбарт шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байгааг онцлов.
21-р зуунд дэлхийн  улс орнуудад  хүн  амын  насжилт  идэвхжин,  хөгжиж буй орнуудад илүү эрчимтэй  явагдах  боллоо.   Манай улсад  ч   жил  ирэх  тутам настан  хүн  амын  тоо өсч,  дундаж наслалт нэмэгдэж,  тухайлбал 2006 онд 65,8 байсан бол 2009 онд 67,96 болж өссөн байна. 2009 оны байдлаар нийт хүн  амын дунд настан   хүн   амын  эзлэх  хувь 5,6% байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги” батлагдан гарч хүн амыг эрүүл насжилтанд бэлтгэх, настан хүн  амд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтыг тавьсан. Эрүүл  мэндийн  салбарын   эрхэм зорилго болох  монгол  хүний дундаж наслалтыг  уртасгах,  эрүүл  насжилтыг  дэмжихэд  мэргэшсэн   боловсон  хүчнээр  хангах,   настны эрүүл  мэндийн  бүртгэл  мэдээллийн  тогтолцоог  боловсронгуй болгох нь    настны  эрүүл  мэндийн  тусламж үйлчилгээг   оновчтой, үр дүнтэй зохион  байгуулахад ач холбогдолтой юм.  Тийм ч  учраас Эрүүл мэндийн  сайдын 2010 оны 34  тоот тушаалаар  “Настны эрүүл мэндийн  бүртгэл”, тайлангийн маягт шинээр   батлагдан  гарч,  үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэн  ажиллаж байна.
2009 оны  байдлаар Эрүүл мэндийн  2-р  шатлалд  ажиллавал  зохих 30  настны эмгэг судлалын  кабинет  байхаас  нийслэлд 7,  хөдөө орон  нутагт 12,  нийт  19  байсан  нь ажиллах ёстой кабинетын 63,3%-ийг эзэлж, гериатрийн кабинетад   ажиллаж байгаа  эмч нарын 11(57,8%) бүрэн орон тоогоор, харин 8 ( 42.1%) эмч нь  өөр  мэргэжлийг  хавсран  ажиллаж байсан  байна.
2010  оны жилийн эцсийн  байдлаар  нийслэлд 7, хөдөө орон  нутагт  19,  аймагт гериатрын  кабинет ажиллах  болсон  нь өмнөх оныхоос 86,7% болж өссөн сайн талтай байна. Гэвч гериатр кабинетын  зарим эмч нар нь  мэргэшээгүйгээс   настны эрүүл мэндийн бүртгэлийн тайланг цаг хугацаанд нь үнэн бодитой  мэдээлэх  асуудал   учир  дутагдалтай байна.


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment