Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 5
дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын
Холбооны Эрүүл мэндийн яамны урилгаар тус улсад албан ёсны айлчлал
хийлээ. 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Холбооны Эрүүл мэндийн яамны
Парламентын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Видманн-Мауцтай албан
ёсны уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны
талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Мөн өдөр Холбооны Эрүүл мэндийн яаман
дээр хоёр талын Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан ба уулзалтанд Бад
Кроцингены Зүрхний төв, Вурьцбургын Их Сургуулийн хүүхдийн эмнэлэг,
Эссен хотын эмнэлэг зэрэг түнш байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Төлөөлөгчид өөрсдийн байгууллагууд дээр хэрэгжиж байгаа хамтарсан
төслүүдийн талаар танилцуулга хийж, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн
уялдуулж, сайжруулах талаар харилцан санал солилцож, чөлөөтэй ярилцав.
Зөвлөлдөх уулзалтын дараагаар Монгол
Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны
Парламентын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Видманн-Мауц нар
“Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман
Улсын Холбооны Эрүүл мэндийн яам хооронд Эрүүл мэндийн салбарт хамтран
ажиллах тухай Хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Хоёр улсын Эрүүл мэндийн
яамд хамтын ажиллагааны Хэлэлцээрт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын
ажиллагаа шинэ шатанд гарч байгаагийн илрэл бөгөөд чухал ач
холбогдолтой үйл явдал боллоо хэмээн талууд үзэж байна. Энэ дашрамд
мэдээлэхэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд анх 2009 оны 6 дугаар сард
Улаанбаатар хотноо Хамтын ажиллагааны тунхаг бичигт гарын үсэг зурсан ба
түүнээс хойш хамтын ажиллагаа тууштай эрчимжсээр хэлэлцээр
байгуулагдлаа.
Мөн өдөр Холбооны Эрүүл мэндийн яаман
дээр бас нэгэн гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа явагдлаа. Монгол
Улсын ЭМЯ-ны харьяа Шастины нэрэмжит төв эмнэлгийн Зүрхний төв болон
ХБНГУ-ын Бад Кроцингены Зүрхний төв хоорондын хамтын ажиллагааны тухай
Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас ЭМЯ-ны Эмнэлгийн
тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн,
Германы талаас Бад Кроцингены Зүрхний төвийн Гүйцэтгэх захирал ноён Гроц
нар гарын үсэг зурав. Уг санамж бичиг байгуулагдсанаар Шастины нэрэмжит
төв эмнэлгийн Зүрхний төвийн эмч, сувилагч нар Бад Кроцингены Зүрхний
төвд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломжтой болж байгаа юм.
Ийнхүү Эрүүл мэндийн сайдын айлчлал
Монгол Улс, ХБНГУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг
эрүүл мэндийн салбарт эрчимжүүлэх, Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын
ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болж
өнгөрлөө.
No comments:
Post a Comment