Төрөлхийн дүлий хүүхдүүдэд зориулж “Дунгийн суулгац” худалдан авна

Эрүүл Мэндийн Яам төрөлхийн дүлий хүүхдүүдэд зориулж “Дунгийн суулгац” худалдан авах чиглэлээр Австрали улсын Cochlear фирмтэй хамтран ажиллахаар  2011 оны 6-р  сарын 17 нд санамж бичиг байгуулав. Монгол улсад хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй 120000 гаруй хүн байдаг. Төрөлхийн болон олдмол таг дүлий хүнд сонсгол оруулах орчин үеийн эмчилгээний дэвшилтэт арга болох “Дунгийн суулгац”-ын мэс засал нь 2009 оноос эрчимтэй хийгдэж байна.
Одоогийн байдлаар манай улсад 12 хүүхдэд “Дунгийн суулгац”-ыг амжилттай хийж, эмчилгээний үр дүн өндөр байгаа ажээ. Санамж бичиг байгуулах уулзалтанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Cochlear фирмийн Ерөнхийлөгч Brendon Mason, АШУ-ны доктор, профессор, гавьяат эмч Б.Эрдэнэчулуун, АУ-ны доктор, сонсгол судлалын эмч М.Заяа, ЭМЖЖ эмнэлгийн Кохлеар хариуцсан ерөнхий менежер Л.Энхамгалан нар оролцов.

Дунгийн суулгац буюу Кохлеар имплант нь 1970 оноос эхлэн чих судлалын салбарт нэвтэрч эхэлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олсон амжилтыг бататган цаашид улам боловсронгуй болгох асуудал эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Дунгийн суулгац хагалгааг хийлгэснээр таг дүлий хүний “чих сонсгол, оюун ухаан, хэл яриа” гэсэн 3 мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаа сэргэж, хүн тахир дутуучуудын эгнээнээс жирийн хүний  эгнээнд шилжих боломжтой болдог. Дунгийн суулгац суулгах нь зөвхөн хагалгаа хийхээр хязгаарлагдахгүй, урт хугацааны эмчилгээ, хяналт, хэл заслын хичээл зэргийг цогцоор нь хийж байж  үр дүн нь гардаг эрхтэн суулгахтай дүйцэхүйц эмчилгээ юм.

Ийм учраас Эрүүл Мэндийн Яам төрөлхийн дүлий хүүхдүүдэд зориулж, Австрали улсын Cochlear фирмтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, эхний ээлжинд 50 ширхэг   “Дунгийн суулгац”-ыг чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэг худалдан авч байна.

Энэхүү суулгац нь дэлхийн зах зээл дээр 29500-33000 ам.долларын үнэтэй байдаг. Харин Cochlear фирм нь суулгацын үнийг 10000 ам.доллараар хямдруулан 19500 ам.доллараар манай улсад нийлүүлжээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment