ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх
Глобаль сан 2002 онд байгуулагдсан цагаас хойш дээрх өвчнүүдтэй тэмцэх
чиглэлээр төслийн уралдаан зарлаж ирсэн ба манай улс ч төслийн
шалгаруулалтанд тогтмол оролцож ДОХ, сүрьеэгийн чиглэлээр боловсруулсан
төслүүдэд санхүүгийн буцалтгүй дэмжлэг аван үйл ажиллагаагаа хэрэгжүүлж
байна.
Глобаль сан нь дээрхи гурван өвчний
тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг
үзүүлэхдээ эдгээр өвчнүүдтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр тухайн улсын
засгийн газраас нь гаргаж буй төсөв, хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт
олгох зарчим баримталдаг. Уг санхүүжилт нь тухайн улс орны нөхцөлд
тохирсон, бодит хэрэгцээнд тулгуурласан, салбар хоорондын хамтын
ажиллагаа, түншлэлийг дэмжсэн төслүүдэд олгогддог байна.
Манай улс 2003 оноос өнөөг хүртэл ДОХ-ын
чиглэлээр гурав, сүрьеэгийн чиглэлээр хоёр түүнчлэн Эрүүл мэндийн
системийг бэхжүүлэх чиглэлээр нийт 23,666,324 ам.долларын өртөг бүхий
төслүүдийг хэрэгжүүлж байсан ба хөтөлбөрүүд маань тавьсан зорилтдоо
хүрэн амжилттай хэрэгжсэн тул дахин сунгагдаж байсан.
2011-2013 оны 12 сарын хооронд буюу 2,5
жилийн хугацаанд ДОХ-ын чиглэлээр “ХДХВ/ДОХ-ын урьдчилан сэргийлэлт,
тусламж үйлчилгээ, эмчилгээний үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
замаар Монгол улсад ХДХВ-ын бага тархалтыг тогтоон барих” төслийг 2,825,673 ам.долларын санхүүжилттэйгээр арван найман байгууллагаар хэрэгжүүлнэ.
Сүрьеэгийн чиглэлээр мөн 2011-2013 оны
12 сарын хооронд буюу 2,5 жилийн хугацаанд “ДОТС-ын хөтөлбөрийн
хэрэгжилтийг бэхжүүлж, халдвар хяналтын тогтолцоог сайжруулан ОЭМДС
болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн
зорилтод хүрэх” төслийг 8,042,290 ам.долларын санхүүжилттэйгээр таван байгууллагаар хэрэгжүүлнэ.
Эрүүл мэндийн системийг бэхжүүлэх
чиглэлээр 2011-2013 оны 6 сар буюу 2 жилийн хугацаанд “Үндэсний
лабораторийн сүлжээг бэхжүүлэх замаар ХДХВ/ДОХ/БЗДХ, сүрьеэ, цусны
аюулгүй байдлыг хангах лабораторийн үйлчилгээний чанарыг сайжруулах”
төслийг 2,066,483 ам.долларын санхүүжилттэйгээр есөн байгууллагаар хэрэгжүүлнэ.
No comments:
Post a Comment